Гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэг цэгт төвлөрлөө

Гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэг цэгт төвлөрлөө

Улаанбаатар хотод гэр бүлийн маргаан шийдвэрлэх ажиллагааг нэг цэгт төвлөрүүлсэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн III байрны нээлт өнөөдөр боллоо. Гэр бүлийн маргаан шийдвэрлэх ажиллагаа нэг цэгт төвлөрснөөр шүүгч, эвлэрүүлэн зуучлагчид мэргэших боломж бүрдэж байгаа юм. Мөн гэр бүлийн маргааны онцлогт тохирсон орчин нөхцлийг "Шүүхийн III байр”-нд бүрдүүлжээ.

"Шүүхийн III байр”-ны нээлтэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн Б.Сарантуяа, О.Зандраа, Д.Эрдэнэчулуун, П.Батсайхан, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан болон Улсын ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч нар оролцлоо.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор, МУ-ын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндорж "Шүүхийн III байр”-ны нээлтийн арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ "Шүүхийн хөгжилд нэгэн шинэ хуудас нээгдлээ. Дэлхий даяар "Гэр бүл бол улсын үндэс” гэдэг. Үүнтэй маргадаг хүн төрлөхтөн дэлхийд байхгүй. "Гэр бүл бол улсын үндэс” гэдгийг Үндсэн хуульдаа заасан улс орон олон. Улсын үндэс болсон гэр бүлээ Үндсэн хуулиараа хамгаалах цаг үе Монгол Улсад ирнэ.

Гэр бүлийн маргаан болон гэрээний, ахуйн зэрэг бусад маргаанаас өөр, онцлогтой. Өнчрөл, хагацал, улсын үндэст сэв суулгах эсэхийг шийдэж байдаг. Тухайн үндэстний ирээдүйн иргэдийн сэтгэл зүрхийг хөтөлсөн чухал асуудал учраас гэр бүлийн маргааныг бусад төрлийн маргаантай харьцуулж ойлгодог хуульч дэлхийд байхгүй болсон. Тиймээс шүүх мэргэшиж, төрөлжихөд Гэр бүлийн шүүх хамгийн түрүүнд салдаг. Дэлхийн улс орнууд Гэр бүлийн шүүхэд онцгойлон ач холбогдол өгч, гэр бүлийн маргааныг шийдвэрлэх шүүгчдээ мэргэшүүлдэг. Гэр бүлийн шүүхийн байрны зохион байгуулалт бусад шүүхээс өөр байдаг. Японы Гэр бүлийн шүүхтэй танилцсан шавь нар маань "Шүүх рүү орж байна гэтэл хүүхдийн цэцэрлэгт орсон мэт сэтгэгдэл төрлөө” гэж ярьж байсан. Шүүгчид мэргэшсэн байхаас гадна шүүн таслах үйл ажиллагаа явуулдаг орчин нь иргэддээ ээлтэй, энгийн даруу, айж ичээх агуулгагүй байдгаараа ач холбогдолтой. Дэлхийн энэ жишгийг бодож, нийслэл дэх анхан шатны шүүхийн байрны хүрэлцээгүйг тооцож шүүхийн байраа өргөжүүллээ. Мөн ирээдүйд дэлхийн жишгийг дагаж "Гэр бүлийн шүүх” Монгол Улсад төрөх үр хөврөлийг тавьж байна. Энд шүүгч, эвлэрүүлэн зуучлагчид мэргэшиж, дагнаж ажиллах нөхцөл, боломж бүрдсэнээрээ ач холбогдолтой.

Энд нэг зүйлийг тодруулахад, ерөөсөө шүүх байгуулаагүй. Шүүхийн тухай хуульд зааснаар Улсын Дээд шүүхээс бусад шүүхийг байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөл Засгийн газартай зөвшилцөж, Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-д өргөн мэдүүлснээр асуудал шийдэгддэг. Харин гэр бүлийн маргааныг өөр орчин, шийддэг орон зайг бий болголоо. Энэ байр Монгол Улсын үндэс болсон гэр бүлийн асуудлыг үнэн зөв, шударгаар гаргасан өргөө байж үүн дээрээ суурилаад "Гэр бүлийн шүүх” байгуулагдах болно гэдгийг хэлэхэд таатай байна” хэмээсэн юм.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Баатар "Манай шүүх жилд 1200 орчим гэр бүлийн маргааныг шийдвэрлэдэг. Гэр бүлийн маргааныг шийдвэрлэх онцлогт тохируулсан онцлогтой орчин бүрдүүлсэн нь дэлхийн нийтийн жишиг рүү дөхсөн алхам боллоо. Нөгөө талаар шүүхийн үйлчилгээг олон нийтэд хүртээмжтэй, ойр дөт байлгах чухал ач холбогдолтой юм. Цаашид шүүгчид мэргэшиж ажиллах үндэс өнөөдөр тавигдсанд баяртай байна” гэлээ.

"Шүүхийн III байр” нь 320 метр.кв талбайтай. Гурван шүүх танхимаас гадна эвлэрүүлэн зуучлагчдын хоёр өрөөтэй. Мөн уулзалтын хоёр өрөө, хүүхдийн өрөөг тохижуулжээ. Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлсэнд талархалтай байгаагаа нээлтийн үеэр хэлж байлаа.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай