Агаарт хаягдаж буй бидний тэрбум тэрбум төгрөгний ЦЭВЭР ЭРЧИМ ХҮЧ

Агаарт хаягдаж буй бидний тэрбум тэрбум төгрөгний ЦЭВЭР ЭРЧИМ ХҮЧ

АГААРТ ХОГ БОЛОН ХАЯГДАЖ БУЙ БИДНИЙ ЦЭВЭР ЭРЧИМ ХҮЧ

Манай улсын хувьд нүүрснээс гарал үүсэлтэй байгалийн хийн /метан хий/ асар их нөөц байгаа билээ. Нүүрсэн дэх метан хий нь ихэвчлэн нүүрсний молекул бүтцэд хадгалагдаж байдаг. Метан нь нүүрсэн дэх чийгшилт-усны даралтын нөлөөгөөр нүүрсний молекул гадаргад бэхлэгдсэн байдаг.

 

Нүүрсний бүтэц дэх метан, усны тогтоц

Нэг тн нүүрсэнд 5-30м3 метан агуулсан, хангалттай ширхэглэлийн хагаралтай нүүрсний ордыг “хийн үйлдвэрлэл”-ийн  бололцоотой орд гэж үздэг. Нүүрсний гидравлик даралтыг багасгахад метан ялгаруулалт нэмэгддэг. Үүнийг дисорбцийн процесс гэнэ.   Даралт НДМ (Нүүрсний давхаргын метан) -аас гарах метан хийг соруулж авахад даралт хүчин чадлаас их хамаардаг байна. Нүүрсэн дэх ус чөлөөлөгдөхөөр түүнтэй хамт хий газрын гадарга руу ялгардаг.

Манай орны нүүрсний судалгаануудад нүүрстөрөгч, усны агууламжийг тогтоож чадсан байдаг ч метан хийн агууламжийг тогтоосон ажил бага хийгдсэн. Хэдийгээр нүүрсэнд метан хий байдаг нь онолын хувьд тодорхой ч нүүрсний ангилал бүрд харилцан адилгүй агуулагдаж байдгийг эрдэмтэд нотолсон байдаг. Энэ байдлыг дараах дээрх зураг дээр харуулж байна. Судлаачдын хийсэн дүгнэлт, дээрх зургаас харахад метан хий нь чулуун нүүрсэнд ихээр агуулагдаж, хүрэн нүүрс, антрацитд бага агуулагддаг байна.

Дэлхийн нүүрстэй улс орнууд нүүрсэн дэх метан хийн агууламж, нөөцийг тогтоосноор хийг олборлон ашиглаж байна. 

 

Нүүрсэн дэх метан хийн агууламж

Нүүрсэн дэх метаны агууламжийг нүүрсний чанар, түүний хий шингээх чанар, газрын гүн дэх нүүрсний байршил, нүүрсний ширхэглэлийн хагарал, гүний даралтын хамаарлаар тогтоосон математик аргачлалын тусламжтайгаар тооцоолон гаргах ба нөөцийг тооцоолохдоо нүүрсний нөөц, тархалтын талбай зэргийг харгалзан тооцож гаргадаг. Нүүрсний давхаргын метаны нөөцийг 3 ангиллаар гаргадаг.

            I – Proven resource  /Баталгаат буюу үйлдвэрлэлийн нөөц/

            II – Indicated resource /Тодорхойлсон нөөц/

            III – Prospective resource /Хэтийн буюу таамаг нөөц/

 

Монгол орны байгалийн хий (метан хий) нөөцийн судалгаа

Монгол улс нь нүүрсний асар их баялагтай тул нүүрснээс гаралтай 3 триллон м3 нөөцтэй байгалийн хийн /метан хий/  байгааг судалгаагаар тогтоогдсон.

Бид олон жилийн турш метан хий аюултай хэмээн үнэ цэнийг төдийлэн хайхарч байсангүй. Метан хий бол байгалийн хий бас нэг талаас цэвэр эрчим хүчний эх үүсвэр юм.  Метан хий нь ажиллаж байгаа болон хаагдсан ил, далд уурхайгаас байнга ялгардаг. Нүүрсний аж үйлдвэрийн салбарт метан хийг бага өртөг зардлаар бууруулах санаачлагуудыг хэрэгжүүлэх нь эдийн засаг, байгаль орчны ихээхэн ашиг тустай.

Дэлхийн цаг уурын өөрчлөлтөнд нөлөөлөгч Метан хий (CH4) нь нүүрстөрөгчийн давхар исэл (CO2) -ийн дараагаар орох хий юм. Хүний үйл ажиллагаагаар бий болох энэ хий уур амьсгалын антропоген түргэсэлтийн гуравны нэгээс ч илүү хувийг бүрэлдүүлдэг. Метаны агаар мандалд оршин байх хугацаа 12,5 жил орчим учраас түүнийг "уур амьсгалыг түргэсгэгч" гэж үзэх нь бий. Метан хий нь агаар мандлыг дулаацуулах чадвар буюу "даян дэлхийн дулаарлын чадавхи" нь СО2-оос 28 дахин их байдаг.

Метан хий нь нүүрсийг илээр,  нефть зэргийг олборлох, үйлдвэрлэх, тээвэрлэх үед ялгаран гарна. Мөн түүнчлэн, хот суурины хатуу хог хаягдал булсан газрууд, зарим төрлийн мал, амьтны ялгадас хадгалах систем, тодорхой төрлийн хөдөө аж ахуй-үйлдвэрийн цогцолбор, хот суурины бохир ус цэвэрлэх систем зэрэгт байгаа органик бодисын задралаас метан хий ялгардаг.

Монгол оронд сүүлийн жилүүдэд нүүрснээс гаралтай метан /байгалийн хий/-г олборлох, ашиглахад ихээхэн ач холбогдол өгч төр, судалгаа, шинжилгээний байгууллага, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын анхаарлыг хандуулж байгаа ч одоог хүртэл эрчим хүчийг метан хий /байгалийн хий/-гээр хангах бодит ажил хийгдэж чадаагүй байна. Монгол оронд метан хийг 2004 онд анх эрэх, хайх ажлыг Сторм Кат Энержи Storm Cat Energy (STE) компани Газрын тосны газар (ГТГ)-тай гэрээ байгуулж гүйцэтгэсэн түүхтэй.

Метан хийн судалгааг Канад, АНУ, БНСУ зэрэг орнуудын тусламжтайгаар Монгол улсын метан хийн нөөц байгааг илрүүлэн тогтоосон. Газарзүйн өөр өөр байрлалд байгаа нүүрсний сав газруудын томоохон хэмжээний ил уурхайнуудын ашиглалт нэмэгдэхийн хирээр нүүрсний үйлдвэрлэл өсч метан хийн ялгарлын тооцоог боловсронгуй болгож ашиглах асуудал чухал болж байгаа юм.

 

ПАРИСЫН ЦАГ УУРЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭСРЭГ ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ

 

2016 оны 10 сард гэхэд 133 орон нэгдэж Парисын цаг уурын өөрчлөлтийн эсрэг гэрээнд гарын үсэг зурсан. Үүнд  Монгол улс ч хамгийн тэргүүнд нэгдэн орсон. Монгол орны хувьд хүлэмжийн хийн ялгарал өссөөр байгаа юм. 2016 оны байдлаар жилд ойролцоогоор 20 сая тонн ялгарч байна гэсэн тооцоолол байдаг. Хэрэв энэ байдлаар 2030 он гэхэд манай улсын ялгаруулдаг хүлэмжийн хийн хэмжээ 50 сая тонн болно. Парисын гэрээг соёрхон баталсан бусад улс орнуудын адилаар Монгол улс хүлэмжийн хийн ялгарлаа 2030 он гэхэд 14%-р бууруулна гэсэн амлалтыг авсан.

Парисын цаг уурын өөрчлөлтийн ОУ-н гэрээ нь 2016 оны 10 сарын 4-нөөс эхлэн албан ёсоор бүх улс орнууд дагаж мөрдөн эхэлж байгаа юм.

 

МЕТАН ХИЙН ЯЛГАРЛЫГ БУУРУУЛЖ, ЦЭВЭР ЭРЧИМ ХҮЧ БОЛГОЖ АШИГЛАХ ЗОРИЛТ

 

Монгол улсын метан хийн ялгаруулалт нь 2006 оны байдлаар 7 мянган метр тонн CO2 эквивалент тэнцэхүйц гэж тооцогдсон. Нүүрс олборлолт нэмэгдэх хэрээр метан хийн ялгаралт ихэсч байгаа. Одоогийн байдлаар Монголд байнгын ажиллагаатай байгаа 30 гаруй ил уурхайд явагддаг ба цаашид хөрс хуулалт нэмэгдэж уурхайн талбай томрон гүн болох тусам метан хийн ялгаралт нэмэгдэнэ. Монголд метан хийг боловсруулах боломж нь голчлон ил уурхайн олборлолт эхлэхээс өмнө соруулан авч ашиглах явдал юм. Гэхдээ уурхайнууд цаашид гүний аргаар нүүрс олборлох аюулгүй байдлын үүднээс метан хийг зайлшгүй ашиглах шаардлага үүснэ. Дэлхий дахинд метан хий /байгалийн хий/-г ихэвчлэн дараах байдлаар ашиглаж байна.

  • Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах
  • Агаарын бохирдлыг арилгах
  • Цахилгаан үйлдвэрлэх
  • Халаалт дулаан үйлдвэрлэх
  • Хийн нэгдсэн шугам сүлжээн нийлүүлэх
  • Үйлдвэрийн түүхий эд, Устөрөгчийн технологи
  • Уурхайн агааржуулалтын системийн дулааны эх үүсвэр.
  • Шахсан байгалийн хий (CNG),
  • Шингэрүүлсэн байгалийн хий (LNG)
  • Түлшний хараат байдлаас гарах, автобус, хүнд даацын тээврийн хэрэгслийн түлш болгох

 

Метан хаягдалыг бууруулах нь хүлэмжийн хийг бууруулах зардал багатай арга бөгөөд, эрчим хүчний найдвартай байдал, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, агаарын чанар, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах чухал түүхий эд юм. Метан хийг ашигласанаар дараах давуу талтай:

  • Хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулна.
  • Эрчим хүчний ногоон, хямд, шинэ эх үүсвэртэй болох юм.

 

АГААР МАНДАЛТ ХАЯГДАЖ БУЙ МЕТАН ХИЙН ЯЛГАРЛЫН ТООЦОО

Бид хэдий хэмжээний төгрөгний үнэ цэнэтэй цэвэр эрчим хүчний үүсвэрээ агаар мандалд хаяж байна. Хэдэн төгрөгийг бид агаарт хийсгэсэн вэ?

Нүүрсэнд агуулагдах Дундаж метан хийн тооцоо, түүний өртөг

Монгол улс зөвхөн 2015 оны байдлаар нийт нүүрсний олборлолт 23979 мянган тоннд хүрсэн. 

Үүнд агуулагдах метан хийн агууламж хамгийн багаар 5 м3 гэж тооцвол,

23979000 тн * 5 м3 = 119 895 000 м3 (метан хийг үр ашиггүй агаарт хаясан) 

Дэлхийн хөрөнгийн бирж дээрхи Bloomberg ханшаар Метан хий /Байгалийн хий/-н өртөгөөр тооцоолон гаргавал:

1ММВtu = 2.808 USD буюу 1 м3 245 төгрөг

119 895 000 м3 * 245 төгрөг = 29 374 275 000 төгрөг

Зөвхөн 2015 оны байдлаар дунджаар 23797 мянган тонн нүүрс ил олборлолтоос болж агаарт хаягдсан Метан хий /Байгалийн хий/-н өртөг хамгийн багадаа 29.3 тэрбум төгрөгт хүрч байгаа юм. Энэ зөвхөн ганцхан жилийн тооцоо бөгөөд өдийг хүртэлх нүүрсний олборлолтоос алдагдсан метан хийг тооцвол хэмжээлэшгүй их тоо гарах юм. Нүүрс олборлолт нэмэгдвэл үүнийгээ дагаад төдий хэмжээний гайхамшигт цэвэр эрчим хүчний эх үүсвэрээ агаарт хаяж, бас бид өөрсдийн нэгдэн орсон олон улсын Парисын гэрээгээ ноцтой зөрчих нөхцөл болох юм.

Метан хийг ашиглаж чадвал хямд, цахилгаан, дулаан үйлдвэрлэх, машины шатахуун болгох, агаарын бохирдлыг арилгах цэвэр түлш. Ашиглахгүй бол нүүрснээс дэгдэх хүлэмжийн хий, дэлхийн дулаарлын аймшигт үндэс...

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай