УИХ-ын дарга М.Энхболд сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

УИХ-ын дарга М.Энхболд сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ


Элэг нэгт ахан дүүс, эрхэм хүндэт монголчууд аа, 

Хотол олноороо гал бичин жилээ үдэж, “Алтан унжлагат” хэмээх улаагчин тахиа жилээ угтаж буй Хаврын тэргүүн сарын Шинийн 1-ний билигт сайн өдрийн мэндчилгээг өргөн дэвшүүлье. Өлзийт жилийн ерөөл билиг хэлэлцэн, өвөг дээдсээ хүндэтгэн золгож, Сар шинэдээ сайхан шинэлж байна уу?

Цагаан сар бол ариун тунгалагыг, айсуй өдрүүдийн баяр жаргалыг, угтах ирээдүйн цог хийморийг бэлгэддэг, өвөг дээдсээс уламжилсан монгол түмний давтагдашгүй өв соёл билээ. Улиран одож буй бичин жил монголчууд бидэнд үр өгөөж, хишиг буянаа хайрлалаа. Бас сургамж, ухаарал ч үлдээлээ. Бороо хуртай дэлгэр зун, арвин ургацтай налгар намар болж өнгөрлөө. Малчин түмний минь уйгагүй зүтгэл, хөдөлмөрийн үр шимээр малын тоо толгой 61.5 саяд хүрч, 19 аймаг малаа таван төрөл дээр нь өсгөжээ. Тариаланчдын маань хураан авсан ургац сав дүүрэн байж, үр тариагаар дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаж, экспортод гаргах нөхцөл бүрдсэн. Үйлдвэрлэл, бизнес, соёл, шинжлэх ухаан, урлаг, спортын гээд олон салбарт Монголын нүдэндээ галтай, нүүрэндээ баясалтай, эрдэм ухаан төгс охид, хөвгүүд олон сайхан амжилт гаргаж, Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтууллаа.

Дөрвөн жилд нэг удаа болдог Улсын Их Хурлын болон орон нутгийн ИТХ-ыг сонгох сонгууль амжилттай болов. Монгол түмэн маань Монгол Ардын Намд итгэл хүлээлгэлээ. Буруудсаныг засах, бутарсныг цуглуулах, унасныг босгох үүрэг даалгаврыг ард түмэн маань энэ сонголтоороо бидэнд өгсөн. Итгэлийг зүтгэлээр хариулахын төлөө Улсын Их Хурал, Засгийн газар хичээн ажиллаж байна. Үүний үр дүнд зарим эерэг өөрчлөлтүүд гарч эхэллээ. Сүүлийн 4 жилийн турш тасалдаж байсан төсвийн орлого 2016 оны урьдчилсан гүйцэтгэлээр 504 тэрбум төгрөгөөр давж биеллээ. Гадаад худалдаа 1.6 тэрбум долларын ашигтай гарахаар байна. Гадаад валютын албан нөөц 1.3 орчим тэрбум долларт хүрлээ. Улсын Их Хурал эдийн засгийн хүндрэлээс гарах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтад онцгой анхаарч, гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээх, үйлдвэрлэл бизнесийг дэмжих, иргэдийнхээ нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг сайжруулахад чиглэсэн чухал хууль тогтоомжуудыг батлан гаргалаа.

Улсаа өөд татах, иргэдээ сэтгэл дүүрэн байлгах төр, засгийн бодлого, зорилтыг манай ард түмэн сайн ойлгож, бүх нийтээрээ чармайж эхэлсэнд сэтгэл нэн таатай байна. “Сэтгэлд гал байвал зууханд түлш олдоно” гэсэн мэргэн үг бий. Монголчууд сэтгэлдээ галтай, итгэлдээ нартай ард түмэн. Энэ галыг өрдөн асаах, дулаан халуун, амар амгалан нөхцөлийг бүрдүүлэх, улс орныхоо хөгжил дэвшил, эдийн засгийн өсөлтийг хангах боломж бидэнд бий. Хэрэгтэй цагт эвлэлдэн нэгдэх, зөвийг дэмжих, тууштай байх чадвар монгол түмний заяагдмал шинж билээ. Тиймээс шударга нийгэм, хариуцлагатай төр, чинээлэг иргэн бүхий Монголыг цогцлоохын төлөөх Та бидний хамтын хичээл зүтгэл, сайн сайхан ирээдүйд тун удахгүй хүргэнэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.

Уудам эх орныхоо өнцөг булан бүрт болон хилийн чанадад ажиллаж амьдран суугаа ахмад буурлууд, ахан дүүс, нийт ард иргэддээ угтан золгож буй “Алтан унжлагат” тахиа жилдээ элбэг хангалуун, итгэл дүүрэн, цог хийморь бадрангуй байхын өлзийт ерөөлийг дэвшүүлэн барья. Сар шинэдээ сайхан шинэлээрэй. Монгол эх орон, монгол түмний минь заяа буян тэгш, өлмий өнөд бат орших болтугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА, МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай