Амь нас нь аюулд орсон эхийг хот руу авчирхад Хүннү эйр компанийхан тусалжээ

Амь нас нь аюулд орсон эхийг хот руу авчирхад Хүннү эйр компанийхан тусалжээ

Улс орны хөгжил, эрүүл мэндийн салбарын гол шалгуур үзүүлэлтийн нэг эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн түвшин байдаг. Тэгвэл Эрүүл мэндийн салбар энэ чиглэлд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна.

 Сар шинийн баярын өмнөх энэ өдрүүдэд Булган, Баянхонгор, Завхан зэрэг аймгуудад жирэмсэлт, төрөлт хүндэрсэн 8 эхийг ЭХЭМҮТ, УГТЭ-т шилжүүлэн эмчилж байна. Тухайлбал 2017 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт амаржсан эхийн элэгний үйл ажиллагаа дутагдалд орж биеийн байдал ноцтой хүндэрсэний улмаас 3 дугаар шатлалын эмнэлэгт яаралтай хүргэх онцгой нөхцөл байдал үүссэн. Иймд ЗТХЯ болон “Хүннү айр” компанид хүсэлт тавьсаны үндсэн дээр Завхан аймгийн Улиастай хотоос Улаанбаатар чиглэлд нисэх онгоцыг Баянхонгор аймгаар дайруулан эхийг гэр бүлийн хамт Улаанбаатар хотруу амжилттай хүргэж, ЭХЭМҮТ-д хэвтүүлээд байна.

Эх болон түүний гэр бүлийн гишүүдийг Улаанбаатар хотруу хүргэхтэй холбогдох зардлыг Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал хариуцсан байна.

Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахын төлөө хамтран ажиллаж, хүндрэлтэй төрсөн эхийг лавлагаа төвүүдэд шилжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн Зам тээврийн сайд Д.Ганбат, Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал болон “Хүннү айр” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлж байна.

Түүнчлэн баярын өдрүүдэд ард иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд зогсож байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчиддаа ажлын амжилт, сайн сайхныг хүслээ.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

Илгээх

Энэ тухай