ХНХ-ын сайд Н.Номтойбаяр тойрогтоо ажиллаж, улсын аварга малчин, тариаланчдын шагналыг гардууллаа

ХНХ-ын сайд Н.Номтойбаяр тойрогтоо ажиллаж, улсын аварга малчин, тариаланчдын шагналыг гардууллаа

17 Жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн босгон дээр Дорнод аймгаас “Улсын аварга малчин”-3, “Улсын аварга тариаланч” 1 төрөн гарч, нутгийн зон олноо баярлууллаа.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор ”Улсын аварга малчин”-аар Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын малчин Дамдинсүрэнгийн Бямба, Чулуунхороот сумын малчин Дамдины Энхцогт, Матад сумын малчин Санжаа-Осорын Баярсайхан, “Улсын аварга тариаланч”-аар Баяндун сумын тариаланч Гарамсадын Баттөмөр нар шалгарсан юм.

Монгол Улсын “Аварга малчин”, “Аварга тариаланч” цол хүртсэн Дорнод аймгийн малчин, тариаланчдад УИХ-ын гишүүн, Монгол улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Н.Номтойбаяр албаны хүмүүсийн хамтаар малчны хотонд очиж, цол, шагналыг нь гардуулан өглөө.

Чулуунхороот сумаас 1989 оноос хойш 28 жилийн дараа сумын 9 дэх Улсын аварга малчин төрж байгаа бөгөөд улсын аварга малчнаар шалгарсан Чулуунхороот сумын Дамдины Энхцогт 25 жил мал маллаж байгаа юм. Тэднийх Чулуунхороот сумын Цагаан чулуут буюу 3-р багийн Хөх нуур гэдэг газарт өвөлжиж байна. 2016 оны жилийн эцсийн мал тооллогоор нийт 1714 толгой мал тоолуулсан, 3 малчин өрхийг 650 гаруй малаар малжуулжээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Н.Номтойбаяр "Сумандаа 28 жил тасарсан “Аварга малчин”-ы алдрыг эргүүлэн авчирсанд баяр хүргэж, туршлага, мэдлэг, мал маллах арга ухаанаа улам олон залууст өвлүүлэн үлдээгээрээ" хэмээн хүсэв.

Дараа нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Н.Номтойбаяр Баяндун сумын иргэн “Аварга тариаланч” цол хүртсэн Гарамсадын Баттөмөрийн хотонд зочлон, шагналыг нь гардуулан өглөө.

Монгол Улсын Аварга тариаланчаар шалгарсан Баяндун сумын тариаланч Гарамсад овогтой Баттөмөр 1992 оноос эхлэн төмс, хүнсний ногооны тариалангийн үйлдвэрлэлийг 24 жил тасралтгүй эрхлэн явуулж байгаа бөгөөд 2014-2015 онд нийт 14,5 га-д төмс, хүнсний ногоо тариалан 108-109,6 цн ургаж хураан авч аймгийн дунджаас 16,4 цн-ээр илүү ургаж хураан авчээ. Тариалангийн талбайн хөрсний үржил шимийг хамгаалах нэгжээс авах ургацын хэмжээг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажилладаг талаараа дуулгаж байлаа.

Дараа нь Цагаан-Овоо сумын 3-р багийн нутаг “Мааньт” хэмээх газар өвөлжиж буй малчин Дамдинсүрэнгийн Бямба аваргынд зочиллоо. Эднийх цолыг дагалдан ирж буй улаан халзтай өргөөндөө сайд, албаны хүмүүсийг угтан авав.

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын малчин Дамдинсүрэнгийн Бямба энэхүү хүндтэй алдрыг хүртсэн нь удамдаа 4 дэх “Улсын аварга малчин” цолыг авчирч буй аж. Тэрбээр удам дамжсан малчин. Малчин Бямбаагийн аав нь Улсын сайн малчин Дамдинсүрэн гэж хүн байсныг дурдаад энэ гэр бүлээс 4 дэхь улсын аварга малчин тодорч төр засгаасаа 4 дэхь гэрээ шагналд авч байгаад ихэд бэлэгшээж буйгаа Н.Номтойбаяр сайд дурдаж байлаа.

Бямба гуайнх тус сумын зүрх буюу 3 дугаар багийн нутагт Мааньт хэмээх газар нутагладаг. 24 жил мал маллаж байгаа бөгөөд 2017 оны жилийн эцсийн мал тооллогоор нийт 1746 толгой мал тоолуулж, 4 малчин өрхийг 134 толгой малаар малжуулжээ. Малын үүлдэр угсааг сайжруулах тал дээр анхааран ажиллаж ханын хэцийн хүрэн, Симменталь, Барга, Буриад өмгийн үүлдрийн малыг үндсэн сайжруулагчаар ашигладаг гэж байлаа.

“Улсын аварга малчин”-аар шалгарсан Матад сумын малчин Санжаа-Осорын Баярсайханы цол, шагналыг аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн сар шинийн битүүний өдөр гардуулж хүндэтгэл үзүүлэх юм.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

Илгээх

Энэ тухай