Баянхонгор аймгийн малчид машинаар биш мориор малаа хариулахыг уриаллаа

Баянхонгор аймгийн малчид машинаар биш мориор малаа хариулахыг уриаллаа

Баянхонгор аймгийн тэргүүний малчдын зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр малчид аймаг, орон нутгийн удирдлага болон малчиддаа хандаж өөрсдийн саналаа хэлэв.

Баянбулаг сумын харъяат, Улсын аварга малчин Б.Равжир:

Залуучууд ажлынхаа үр бүтээлийг үнэлүүлж аймгийн аварга хэмээх эрхэм цолоор шагнуулж байгаад баяртай байна. Мал бол монголын хамгийн том үйлдвэр. Томоохон бизнес эрхэлж буй компаниуд дампуурдаг бол мал аж ахуй өөрийгөө нөхөн төлжүүлдэг шавхагдашгүй баялаг. Манай малчид бол хотондоо дүүрэн мөнгөтэй хүмүүс.

Манай малчид их хөдөлмөрлөж байгаа ч нэгэн жигд ажиллахгүй байна. Зургаан жил зургаан эм хонь хургалахад 36 болно. Үүний хэд нь эр, эм байх вэ гэдгийг хүртэл нарийн тооцоолох ёстой. Энэ бүрийг тооцож байж малынхаа үр шимийг хүртэнэ.

Нөгөө талаар малынхаа ашиг шимийг бүрэн ашиглахгүй байна. Мал өөрөө дөрвөн улиралд хүнэээ тэтгэж, тэтээдэг гайхалтай үйлдвэрлэл. Өвөлдөө махаар, хавартаа ноос ноолуураар, зун намартаа сүү, сүүн бүтээгдэхүүнээрээ хангаж байдаг.

Малчдын хөдөлмөр хүнд. Жилийн 365 өдөр байдаг. Гэвч малчид мөн 365 шөнө бас ажилладаг. Тиймээс малчид маань ажлаа ямар богино хугацаанд хийж, амжуулах вэ гэдгээ боддог байх ёстой.

Манай сумаас дөрвөн аймгийн аварга малчин төрөн гарсан байна. Тэдэндээ баяр хүргэе.  

Баянлиг сумын малчин Б.Энхбат:

Мал борлуулах зах зээл байхгүйгээс малын тоо толгой өсөхийн зэрэгцээ үүнийг дагасан бэлчээрийн даац хэтрэлт бий болж байна.

Туслах малчдыг авч ажиллуулах сонирхол өндөр. Гэвч туслах малчин арав хоногийн ая даахгүй шатраад ажлаа хаяад явчихдаг боллоо. Туслах малчдын

Гавьяа шагнал нүдээ олох хэрэгтэй. Хэн нь малчин, хэн нь малчин биш вэ гэдгийг мэдэхээ байлаа. Хашаа хороондоо ганц чулуу өргөж үзээгүй хүн аварга болчихоод байна. Тиймээс мянгат, аварга малчин тодруулах бол газар дээр нь очиж үзэж байхыг хүсэе.

Мянган малтай хүн гурван суурь болгож өвлийг давдаг. Гэтэл ганцхан хот малтай хүн мянгат болчихож байгаа нь шагналыг үнэгүйдүүлж байна.

Малчид бидний хувьд аварга малчин гэдэг шагнал үнэхээр эрхэм хүндтэй шагнал. Гэтэл намаараа, танилаараа шагнаж байна гэж би харж байна шүү. Тиймээс аймгийн удирдлагууд анхан шатны нэгждээ маш өндөр шаардлага тавих хэрэгтэй. Тэгэхгүй бол багийн дарга нар ажлаа тааруу хийж байна. Анхан шатны нэгжээс та бүхэнд худал мэдээлэл дамжуулаад байхыг үгүйсгэхгүй.

Эрдэнэцогт сумын малчин Б.Эрдэнэбаатар:

Манай малчид аймгийнхаа зөвлөгөөнд манай малчид идэвхитэй ирсэн байна. Баярлаж байна. Хүүхдийн амралтын хугацааг гуравдугаар сарын 10-аас хойш олгодог болмоор байна. Тэгэхгүй бол хөдөөд хүн хүч хүрэхгүй хүндэрдэг.

Хүн эмнэлгийн тухайд бас анхаармаар байна. Яаралтай түргэн тусламж авах шаардлага гарахад ганцхан машин явж байна. Гэтэл хүний эрүүл мэнд хаана ч хүндэрч болно. Тиймээс сумын хүн эмнэлгийн түргэн тусламжийн машины шатахууны нөөцийг нэмэгдүүлмээр байна.

Нөгөө талаар манай малчид мотоциклиор биш мориороо малаа малладаг болоё. Машин техникээр малласан мал яавч сайн болохгүй шүү.

Баянлиг сумын иргэн, МУ-ын манлай малчин Бавуудорж:

Малын түүхий эд үнэгүйдсэнээс болж бид банкинд өртэй болчихсон сар шинээ угтаж байна. Малын түүхий эд борлуулах зах зээл байхгүй байна. Тиймээс малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг гадаадын зах зээлд борлуулах талаар ажил хийж өгмөөр байна. Энэ тал дээр төрийн түшээд их анхаарах шаардлага байна.

Залуу малчид маш их цөөрлөө. Тиймээс шинээр гэр бүл болж байгаа залуу сайхан малчдад төрөөс нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгодог болмоор байна гэв. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай