“Эрин зууны шилдэг тулаан” болох уу

Мэргэжлийн боксын өнөө цагийн домогт тамирчин Флойд Мейведер, холимог тулааны аварга Конор Макгрегор нарын тулааныг тойрсон шуугиан спорт сонирхогчдын ярианы гол сэдэв болж, хүлээлт үүсгэлээ. Хэдийгээр энэ тоглолтын тов гарч, хоёр тамирчин албан ёсоор мэдэгдэл хийгээгэүй байгаа ч гадаадын зарим хэвлэлд айсуй тулаан зохиогдох нь тодорхой гэжээ.

“The irish sun” цахим хуудсанд “Тэд тулалдах зөвшилцөлд хүрсэн. Тоглолтын гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаа хоёр долоо хоногийн дараа болно. Тоглолтоос олсон ашгаас 15 сая ам.долларыг К.Макгрегор, бусдыг нь тэмцээн зохион байгуулагчид болон Ф.Мейведер авна” хэмээн мэдээлжээ.

Дэлхийн хамгийн алдартай хоёр тамирчны тулаан хэзээ ч бүтэхгүй мөрөөдөл, хоосон яриа мэт байсан цаг саяхан ч биеллээ олоход ойрхон байна. Тулааны спортын хорхойтнууд энэ тоглолтыг олон жилийн турш хүсэн, хүлээсэн.

Ф.Мейведер мэргэжлийн дэвжээнд 49 тулаан хийж, ганц ч дийлдэлгүй зодог тайлж, “Ялагдашгүй” нэр зүүсэн.

19 настайдаа олимпын наадмаас хүрэл медаль хүртэж, тэрбумтны амьдралаар замнасан тэрбээр найман өөр жинд дэлхийн аварга цол хүртэж, “Гиннес”-ийн номонд бичигдсэн домогт боксчин Мэнни Пакьяог 2015 онд ялж, нэр хүндээ өсгөхийн сацуу халаасаа зузаатгасан. 

“Зууны шилдэг тулаан” хэмээн нэрлэгдсэн тус тоглолтод ялсан Ф.Мейведер 280 сая ам.долларыг өөрийн болгосон юм.

Харин Конорын амжилт, нэр хүнд Ф.Мейведерийнхээс хавьгүй даруухан. 2008 оноос холимог тулаанаар хичээллэж байгаа тэрбээр 24 удаа тулалдан, 21 ялж, гурван удаа дийлдсэн.

Хамгийн сүүлд АНУ-ын тамирчин Н.Диазад ялагдсан ч шартай ирланд залуу хэдхэн сарын дараа хариугаа авсан.

К.Магкрегор UFC-гийн хоёр жинд дэлхийн аварга цол хүртсэний сацуу хагас хөнгөн жингийн аваргын төлөөх тоглолтод Жозе Альдог 13 секундад хүнд цохилтоор ялсныг нь онцлохгүй байхын аргагүй.

Тэрбээр тийм богино хугацаанд дэлхийн аварга цол хүртсэн тулаанчаар түүхэнд бичигдсэн нь агуу тамирчны илрэл.

Өдгөө 40 настай Ф.Мейведерт мөнгө, алдар нэр гээд бүх зүйл бий. Гэтэл зодог тайлсан тэрбээр гэнэт яагаад дэвжээнд эргэн ирэх болов. К.Макгрегор жилийн өмнө “Би боксын дүрмээр Ф.Мейведертэй тулалдахад бэлэн. Холимог тулаанаар бол тэрбээр надаас айгаад тоглохгүй л дээ” хэмээн ёжилж, халз тулаанд дуудсан.

Ийм үг сонссон Ф.Мейведер зүгээр суухгүй нь тодорхой. “Боксоор би түүнийг эхний үед л нам цохино” хэмээж, тулалдахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Гэхдээ түүнд К.Макгрегорын шар гозойлгосон хэдхэн үг тулааны гэрээ хийх хэмжээнд хүрэхэд хангалтгүй нь мэдээж.

Тиймээс К.Магкрегор зорилгодоо хүрэхийн тулд UFC-гээс мэргэжлийн бокс тоглох зөшөөрөл авч, эхний нүүдлээ хийсэн. Тэрбээр өрсөлдөгчөө хорон үгээр “идэж”, хэний ч санаанд оромгүй үйлдэл гаргадгаараа алдартай.

Энэ үед Ф.Мейведер К.Макгрегорыг өөртэй нь тулалдвал 15 сая ам.доллар өгөхөд бэлэн хэмээн мэдэгдсэн ч UFC түүнд ердөө гуравхан саяыг амлаж бүхнийг балласан. Энэ хооронд тэдний тоглолтыг үзэх хүсэлтэй хүмүүсийн тоо нэмэгдсээр. Харин энэ оны нэгдүгээр сард UFC холбооны ерөнхийлөгч Дэн Уайт “Тэд тулалдвал ялсан, ялагдсан гэж ялгалгүй хоёуланд нь 25 сая ам.доллар өгнө” хэмээн мэдэгдсэн нь хоёр тулаанчийг гижигдсэн гэхэд хилсдэхгүй.

Мөнгөний үнэр авсан Ф.Мейведер “Би залуу үеийнх шигээ хурдтай, дайчин тоглохоо аль хэдийнэ больсон. Тиймээс хамгийн зөв хувилбарыг сонгож, алдаа гаргахгүй байх нь чухал. Хөрөнгөө арвижуулах хамгийн зөв гарц нь Макгрегортой тулалдах” гэсэн бол түүний өрсөлдөгч Г.Макгрегор “Би түүнийг ялна гэдэгтээ эргэлзэхгүй байна. Миний нударганаас бултсан тулаанч цөөн. Хэрвээ би Ф.Мейведерийн толгойд цохилт хийвэл гуйван унах нь баараггүй” гэжээ.

Мэргэжлийн бокс, холимог тулаан бол тэс өөр спорт. Хэдийгээр К.Макгрегор холимог тулааны дэлхийн шилдэг тамирчин ч мэргэжлийн боксоор хэрхэн тоглох, Ф.Мейведерт ялагдлын гашуун амт мэдрүүлж чадах, эсэх нь спорт сонирхогчдын анхаарлыг хамгийн их татаж байна.

Тэднээс өмнө хоёр өөр холбоонд ноёрхлоо тогтоосон, тэс өөр спортын төрлийн, тэнгэр, газар шиг ондоо арга барилтай тамирчид тулалдсан түүх үгүй. Хэрвээ тулаан болвол Ф.Мейведер ялж, дийлдэшгүй хэвээр үлдэх үү, К.Макгрегор шинэ хуудас нээх болов уу.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай