Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болж байна

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болж байна

“Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил – 2017” Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн 2 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нар 2016 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж байна.

Зөвлөгөөнийг нээж Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ, Та бид өнөөдөр 2016 онд монгол улсын хүн амын эрүүл мэндийг дэмжих,  хамгаалах чиглэлээр эрүүл мэндийн салбарт олсон амжилт, хийж гүйцэтгэсэн ажил, цаашид  нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх  арга хэмжээ, анхаарах асуудлынхаа талаар харилцан ярилцаж санал бодлоо солилцон, тодорхой шийдвэрүүдийг гаргахаар хуран цуглараад байна.

2016 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Дэлхийн улс орнууд 2030 он хүртэл хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн зорилгуудыг баталсан бөгөөд манай улс ч мөн адил дэлхийн улс орнуудтай хөл нийлүүлэн энэхүү тунхаглалд нэгдэж ирэх 15 жилд хэрэгжүүлэх үндэсний урт хугацааны хөгжлийн бодлого болох “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг баталсан билээ. Үзэл баримтлалыг дунд хугацаанд хэрэгжүүлэх зорилгоор эрүүл мэндийн салбарын хөгжлийн ирэх 10 жилийн хугацааны ерөнхий зураглал, төлвийг тусгасан “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-ыг Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор батлуулаад байна гэв.

Түүнчлэн тэрээр эрүүл мэндийн талаарх хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эрүүл мэндийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын чиглэлээр, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлуудаа танилцуулж, хамтран ажилласан салбарынхаа удирдлагууд болон олон улсын байгууллагын хамт олонд талархал дэвшүүллээ.

Зөвлөгөөний үеэр эрүүл мэндийн байгууллагуудыг 2016 оны үйл ажиллагааны гүйцэтгэлийн хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгдсэн дүнгээр байр эзлүүлсэн ба Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдээс ба нэгдүгээр байрыг Улсын гуравдугаар төв эмнэлэг 94,5 хувиар, хоёрдугаар байрыг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв 92,8 хувиар, гуравдугаар байрыг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Цус сэлбэлт судлалын үндэсний төв 92,5 хувиар тус тус эзэллээ.

Харин Бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газруудын нэгдсэн дүнгээр Дорноговь аймаг 88,3 хувиар нэгдүгээр байр, Булган аймаг 88,1 хувиар хоёрдугаар байр, Говь-Алтай аймаг 87,7 хувиар гуравдугаар байрыг тус тус эзлээд байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай