Хуульгүй мэт аашлагч явган зорчигчоос болж жолооч хохирсоор байх уу

Нийслэлийн Баянгол дүүрэг, “Өргөө” кино театрын урд талын авто зам. Эндээс III, IV хорооллын эцэс хүртэлх ногоон байгууламжийн хашлагыг авсан учир хүмүүс зам дээгүүр “бэлчиж” байна

Улсын хэмжээнд энэ оны нэгдүгээр сард 36 хүн зам тээврийн ослын улмаас амиа алджээ. Тэдний арав нь явган зорчигч байсан аж. Хүний амь үрэгдсэн нь харамсалтай ч, эдгээр явган зорчигчоос болж арван жолооч, ар гэрийнхэн нь мөн л хохирогч болов.

“Өнөөдөр” сонин замын хөдөлгөөний аюулгүй байдал ямар байгаа, осол гарах шалтгаан нөхцөл юу гэдгийг тодруулж, зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх гарц хайхаар “Монголын зам-дайны талбар” хэлэлцүүлэг эхлүүлсэн билээ. Энэ хүрээнд авто замын ослын багагүй хувь явган зорчигчийн буруугаас үүдэлтэйг хөндөж байв.

Улаанбаатар хотод өдөрт дунджаар 300 мянга гаруй автомашин замын хөдөлгөөнд оролцдог бөгөөд зам тээврийн 200 орчим осол, зөрчил бүртгэгддэг гэх. Ослын цөөнгүй хувь нь явган зорчигчийн буруугаас үүдэлтэй байдаг талаар хөдөлгөөн зохицуулагчид өгүүлсэн.

Тиймээс замын хөдөлгөөний дүрэм биелүүлээгүй, гарцгүй хэсгээр зам гарч, хөдөлгөөнд саад учруулсан явган зорчигчид хүлээлгэх хариуцлага, дүрэм журмыг чангатгах шаардлагатай байна. Хашлага хийгээгүй бол хүмүүс дуртай газраараа зам "бэлчдэг” байдал хэвийн үзэгдэл болсон.

Тээврийн прокурорын газар өнгөрсөн онд хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг 916 хэрэг бүртгэж, шалгасан байна. Үүний 147 нь явган зорчигчийн буруугаас болсон нь тогтоогджээ. Мөн зам тээврийн 3305 ослын 705 нь явган зорчигч буруугаас үүдэн гарсан гэх мэдээ байна. Зорчигчийн буруугаас болсон 705 ослын 414 буюу 58.7 хувь нь согтуугаар замын хөдөлгөөнд оролцсоноос, 291 буюу 41.3 хувь нь гарцгүй хэсгээр зам хөндлөн гарснаас үүдэлтэй байж.

Мөн өнгөрсөн 2016 онд 544 хүүхэд зам тээврийн осолд оржээ. Тэдний 338 нь арваас доош настай байсан бөгөөд 46 нь сургууль, цэцэрлэгийнхээ орчимд, 119 нь гэрийнхээ ойролцоо буюу орон сууцны хороолол дундах замд осолд орсон байх юм. Явган зорчигчийн буруутай үйлдлээс болж гарах ослын шалтгааны талаар иргэн, холбогдох албаны хүмүүсээс байр суурийг нь сонслоо.

ГҮҮРЭН БОЛОН НҮХЭН ГАРЦААР ГАРАХААС ТҮВЭГШЭЭГЭЭД ШУУД Л ЗАМ ДЭЭР АЛХДАГ ХҮН ОЛОН БАЙДАГ

М.Ууган-Эрдэнэ (Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн хөдөлгөөн зохицуулагч):

-Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч, явган зорчигч хоёулаа хариуцлагатай байх шаардлагатай. Явган зорчигчид зам тавьж өгдөг жолооч байхад, дуут дохиогоо хангинуулаад тэр чигтээ зүтгэдэг нь ч бий. Явган зорчигчид ч яг үүнтэй ижил.

Гүүрэн болон нүхэн гарцаар гарахаас түвэгшээгээд зам хөндлөн алхдаг хүн олон. Хүүхдийн II эмнэлэг, МУБИС-ийн орчимд хэдхэн минут зогсоод хараарай. Жолооч дүрэм зөрчвөл эд хөрөнгөөрөө хохирдог.

Харин явган зорчигч дүрэм зөрчин машины урдуур, хойгуур гүйснээсээ болж насан туршдаа тахир дутуу болох, цаашлаад амиа алдах эрсдэлтэй.

СУРАГЧ БАЙХАД ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙГ ТЭР БҮР ЗААГААГҮЙ

Г.Баярбат (“Алтан жолоо” авто сургуулийн сурагч):

-Би жолооны дамжаанд суугаад хагас сар гаруй болж байна. Энэ хугацаанд замын хөдөлгөөний дүрэм нэлээд судаллаа. Хотын замд хоёр удаа жолооны дадлага хийсэн. Хаанаас ч юм бүү мэд явган зорчигч гарч ирээд, намайг хэдэнтээ айлгасан. Жолооны дамжаанд явахаасаа өмнө би “Жолооч харах байлгүй”, “Угаасаа явган зорчигчид зам тавьж өгөх ёстой биз дээ” гээд хүссэн газраараа зам хөндлөн гардаг байлаа.

Хотын хөдөлгөөний дүрмийн хичээлд сууснаар хууль зөрчиж, амиараа дэнчин тавьж байснаа ойлгосон. Сурагч байхад замын хөдөлгөөний дүрмийг тэр бүр зааж байгаагүй. Жолооч явган зорчигчид зам тавьж өгөх ёстой л гэж ойлгодог байв. Тиймээс замын хөдөлгөөний дүрмийн хичээлийг сургалтын хөтөлбөрт оруулах хэрэгтэй болов уу.

ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭГЭЭГЭЭ САЙЖРУУЛМААР БАЙНА

Х.Сарантуяа (Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн):

-Гэрэл дохио асчихсан байхад зарим жолооч ганцаараа яваа юм шиг дайраад байдаг. Явган зорчигчийг буруутгахынхаа өмнө жолоочийн ёс зүйг ярих хэрэгтэй болов уу. Гарцаар гарахын тулд өчнөөн хол газар явна гэж юу байх вэ. Гарцны тоог олшруулах хэрэгтэй. Дээрээс нь гарц гэж харагдахгүйтэй адил болсон тэмдэг, тэмдэглэгээгээ сайжруулмаар юм.

ЯМАР Ч ТОХИОЛДОЛД ЖОЛООЧИЙН БУРУУ БОЛДОГ

Д.Цэрэнбаатар (Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн хөдөлгөөн зохицуулагч):

-Манай иргэд гарцаар гарах дадалгүй. Аравхан алхмын цаана гарц байхад чигээрээ л дайраад байдаг юм. Үүргээ биелүүлэхгүй, хөдөлгөөний аюулгүй байдалд саад учруулсан явган зорчигчид торгууль ногдуулна гэсэн ч хэрэгжүүлэх боломжгүй. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохицуулж буй бидэнд явган зорчигчийг шалгаж байх боломж бараг байдаггүй.

Дээрээс нь явган зорчигчийн буруугаас болж осол гарвал хариуцлагыг нь жолооч хүлээдэг. Үүнийг л өөрчлөх хэрэгтэй. Хөдөлгөөнд оролцож байсан автомашины урдуур хүн гэнэт гүйхэд жолооч мэдээж тоормос гишгэнэ. Гэтэл зогссон машины араас өөр нэг жолооч мөргөхөд “Зай бариагүй” гээд хоёр дахь жолоочийн буруу болно. Хэрэв эхний жолооч явган хүн мөргөсөн бол ял явдаг.

ЯВГАН ЗОРЧИГЧ ДАВУУ ЭРХГҮЙ

Д.Ганбаяр (“Батхүлэг” авто сургуулийн багш):

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомжоор тогтоосон журмыг үл тоомсорлосноос осол гардаг болов уу. Жолооч нар сахилга, хариуцлага, хөдөлгөөний аюулгүй байдлын хэм хэмжээг биелүүлэхгүй байгаа нь харагддаг. Явган зорчигчид ч хууль биелүүлдэггүй.

“Явган хүний зохицуулгагүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн дүрмийн заалтыг мэддэг ч түүнийг үл ойшоодог жолооч олон. Үүнийг гуйвуулж, явган зорчигч хаана ч давуу эрхтэй гэдэг хүн цөөнгүй. Тиймээс явган зорчигч давуу эрхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.


Харин Ахуй үйлчилгээний ордон хүртэлх замын ногоон байгууламж хашлагатай учир иргэд зөвхөн гарцаар гардаг

Бидэнд нөөц амь байхгүй

“Нөхөр маань үүрээр гарч таксинд яваад оройдоо нүүрс, мод, хоол хүнс, хүүхдийнхээ сүүг авчирдаг. (Хүүхэд маань таван сартай, угждаг) Гэтэл өнөөдөр хань маань өдөржин таксинд яваад, ирэх замдаа хүн шүргэчихэж. Гэрлэн дохиотой гарц нь ердөө хажууханд байхад гэрэлгүй, гарцгүй газраас гэнэт гарч ирж урдуур нь гүйсэн гэнэ.

Азаар зөөлөн явж байсан тулдаа нөгөө хүн нь гэмтээгүй. Шүргүүлсэн хүн нь өөрөө зүгээр гэж байгаа ч цагдаа ирээд, эмнэлэгт үзүүлээд ир гээд бичиг баримтыг нь хураасан байна. Ном журам нь тийм байдаг гэнэ. Гэмтлийн эмнэлгийн бүрэн шинжилгээнд оруулж, рентген, томографид харуулахад шүргүүлсэн хүн нь зүгээр гарч, хань маань мөнгөгүй болоод салах шиг боллоо.

Хүү маань сүүгүй хонох нь. Хүмүүс минь гарцаар, гэрлэн дохиогоор гарч бай л даа. Гарцгүй газраар гэнэт машины урдуур гүйгээгүй бол нэг айл хоолтой, нэг хүүхэд цатгалан бүтэн нойртой хонох байлаа. Нөөц амьтай юм шиг байхаа болиорой. ГАРЦААР ГАРАХЫГ ДАХИН ДАХИН ГУЙЯ”

Манай “Хуульгүй явган зорчигчдыг номонд нь оруулах цаг болжээ” нийтлэлийн дараа нэгэн иргэн нөхөртөө тохиолдсон явдлыг бидэнтэй хуваалцаж, ийм сэрэмжлүүлэг илгээсэн юм. Мөн уншигчид “Явган хүний гарцаар ч машинууд тайван гаргадаггүй. Ногоон гэрэл асчихаад байхад дайрч, эсвэл гарцан дээр зогсдог”, “Машинд явах зам байдаг, харин хүмүүст зам хөндлөн гарах гарц дутагдалтай байна.

Нэг км замд явган хүний ганц ч гарц байхгүй нь ингэж гарахаас аргагүй байдалд оруулж байна. Жишээ нь, “Баянгол” зочид буудлаас 120 мянгатын автобусны буудал хүртэл явган хүний гарц байхгүй” хэмээн гомдол мэдүүлсэн. Явган болон машинаар зорчигчдын аль аль нь хууль, дүрмээ баримталдаггүй, энэ нь нийгэмд багагүй бухимдал үүсгэж буй нь эндээс харагдана. Аль аль нь бодох л асуудал.

Хууль хэрэгжихгүй, түүнийг хэрэгжүүлэхгүй байгаа шалтгаан чухам хаана байгаа юм бол. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль манайд хэзээнээс хэрэгжсэн, энэ хуульд явган зорчигчтой холбоотой ямар үзэл баримтлал байдгийг тайлбарлах гэж оролдъё.

Социализмаас ардчилсан тогтолцоо руу шилжин Үндсэн хуулиа өөрчилснөөс эхэлсэн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд 1996 оны дөрөвдүгээр сарын 30-нд УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг анх баталжээ. Уг хуулийн 13 дугаар зүйлд “Явганаар болон дугуй, ердийн хөсөг, тээврийн хэрэгслээр зорчигчид нь замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй” хэмээснээс өөрөөр явган зорчигчтой холбоотой заалт байхгүй.

Хариуцлагын тогтолцоо ч үгүй. Явган зорчигч болон жолооч нь бодит хүчний хувьд тэгш бус харилцаанд байдаг (Oсол гарлаа гэхэд явган зорчигч илүү гэмтэж, амиа ч алдах эрсдэлтэй) учраас явган зорчигчид давуу эрх өгөх ёстой гэсэн өмнөх нийгмээс уламжилж ирсэн онол энэ хуульд тусчээ.

Явган зорчигч давуу эрхтэй гэсэн ойлголт бат суусан, түүнтэй холбоотой зам тээврийн осолд ихэнхдээ жолооч буруутаж дуусдаг байдал нь нийгэм, хүмүүс өөрчлөгдөхийн хэрээр буруугаар ашиглагдаж, сөрөг нөлөө дагуулах болсон тул 2015 онд баталсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хуулийг өөрчлөхдөө явган зорчигчид хариуцлага тооцох хэд хэдэн заалт оруулжээ.

Хотжилт, замын хөдөлгөөний нягтрал, иргэдийн ухамсар, хандлага зэргээс улбаалсан осол, хэрэг, зөрчил ихэссэнтэй холбоотойгоор хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага тулгарсан хэмээн хууль санаачлагчид тухайн үед тайлбарлаж байв. Уг хуульд явган зорчигчид хариуцлага тооцох тухай

“54.4. Явган зорчигч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

54.5. Явган зорчигч согтуугаар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 25 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

54.6. Энэ хуулийн 13.2.7-д заасныг зөрчсөн нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчилд хүргэсэн бол эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна” гэсэн гурван заалт бий.

Харамсалтай нь уг заалтууд хэрэгжихгүй байгаа юм. Явган зорчигчтой холбоотой заалтыг хэрэгжүүлэх гэж хууль хүчин төгөлдөр болсон эхний үед нэг үзээд орхисон талаар албаны хүмүүс хэлж байв. Цагдаа нар хуулийг зөнд нь орхисноор барахгүй 2015 оны хууль батлагдахаас өмнө явж ирсэн ойлголт, арга барилаараа ажиллаж, бүх бурууг жолоочид үүрүүлэх арга саам хайсаар буй талаар гомдол мэдүүлэх хүн манай нийтлэлийн дараа нэг биш гарлаа.

Тухайлбал, бичвэрийн эхэнд дурдагдсан жолооч шүргэсэн хүнээ эмнэлэгт үзүүлж, эрүүл саруул гэсэн тодорхойлолт авчихаад, шүргүүлсэн хүн нь гомдолгүй хэмээн гарын үсэг зурчихаад байхад цагдаа “Гомдлыг нь барагдуул” гэсээр 100 мянган төгрөг авч, 23.00 цагаас өглөөний 09.00 цаг хүртэл бичиг баримтыг нь өгөлгүй цагдаагийн газарт “уясан” тухай бидэнд “ховлов”.

Ер нь цагдаа нарт хуулийг яс тас биелүүлэх эрмэлзэл, сонирхол сул, хааяа нэг сарын аян зарлаж, хуулийн заалтыг энд тэндээс нь сугалан хэрэгжүүлэх оролдлого хийгээд, аян дуусангуут “мартдаг” нь хууль хэрэгжихгүй байх нэг үндэс гэж иргэд хэлж байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

Илгээх

Энэ тухай