Олон улсын валютын санд ажиллаж байсан Монгол мэргэжилтэн ингэж өгүүлэв

Олон улсын валютын санд ажиллаж байсан Монгол мэргэжилтэн ингэж өгүүлэв

Засгийн газраас Олон улсын валютын сантай хөтөлбөр тохиролцож мэдээлэл хийсэнтэй холбоотойгоор зарим FB найзууд маань уг байгууллагад ажиллаж байсны хувьд мэдээлэл өгөхийг хүссэн тул хувийн зүгээс тодорхой тайлбар өгье.

ОУВС /Сан/

Тус байгууллага нь дэлхийн 2 р дайны дараа байгуулагдсан, гол зорилго нь дэлхийн эдийн засаг, санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах. Одоогоор 188 орныг өөртөө багтаасан, шийдвэр гаргахдаа гео политик гэхээсээ илүү цэвэр эдийн засгийн онол дээр үндэслэж шийдвэр гаргадаг. Манайх шиг жижиг эдийн засагтай улсад хөтөлбөр хэрэгжүүлэхэд ямар нэг далд санаа байх ямар ч боломжгүй юм. Дэлхийн эдийн засгийн байрлал хурдтай өөрчлөгдөж байгаа болохоор тус байгууллагын хувьд АНУ битгий хэл баруун европын орнуудын нөлөө улам бүр хумигдаж байгаа. Тухайн орны эдийн засаг хямраад, засгийн газар нь туслалцаа хүссэн тохиолдолд л хөтөлбөр хэрэгжүүлдэг. Тэгэхээр Сан нь "барууны гар хөл", эсхүл бидний "дайсан" биш юм.

EFF- Extended Fund Facility

Бид саяхныг хүртэл Санг Standby гэсэн үгээр ойлгож хүлээж авсан байх. Тэгэхээр Сан нь олон төрлийн хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд тухайн улсын эдийн засгийн хүндрэлээс хамаарч аль хөтөлбөрийг сонгохоо харилцан тохиролцдог. EFF нь дор хаяж 3 жил хэрэгждэг бөгөөд илүү эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн асуудлыг түлхүү агуулдаг. Өөрөөр хэлбэл манай эдийн засгийн хямрал илүү архагшсан, тэр дундаа банк, санхүүгийн сектор илүү будилаантай, эмзэг байна гэж ойлгож болно.

Нэгэн түүх.

Санд цуг ажиллаж байсан солонгос найз маань 1997 оны Солонгосын хямрал болон Сангийн хөтөлбөр ямар байдлаар тус улсад хэрэгжсэнийг аминчлан ярьж билээ. Тэр улстөрч биш, гэхдээ тухайн улсын эдийн засгийг авч гарсан цөөн тооны төрийн албан хаагчдын нэг байсан тул би хувьдаа хүндэлж явдаг юм. Түүний яриа:

"1997 оны Азийн хямралд гүнзгий нэрвэгдсэн орны нэг нь Өмнөд Солонгос бөгөөд иргэд маань алтан бөгжөө тайлж улсдаа өгч байсан үе. Тэр үед манай улсыг 10 хүрэхгүй гэр бүл хянаж, банкуудаар дамжуулан улсын маань үнэ цэнэтэй бүхнийг авч тухайн үеийн парламентад хяналтаа тогтоосон цөвүүн цаг байсан гэж. (их танил нөхцөл!) Улстөрчид Сангийн хөтөлбөрийг авахыг бүх боломжоороо эсэргүүцэж байсан хэдий ч бид Сантай хөтөлбөр тохирч чадсан юм. Үр дүнд нь 40 гаруй үр ашиггүй банкуудын муу активуудыг цэвэрлэж, бүтцийн өөрчлөлт хийснээр 4 цэвэр банктай үлдсэн. Эцэстээ төр нь төр шиг, банк нь банк шиг ажиллах нөхцөл бүрдэж бид урагшаа харан амьдрах итгэл найдварыг олж авсан юм. "

Дүгнэлт.

1992 онд Монголын эдийн засгийг үүрч явсан буурлууд маань том сонголтын өмнө ирсэн гэж хуучилдаг. Хойд хөрш маань мөнгө өгөх боломжгүй байсан ч урд хөрш туслахад бэлэн байсаан гэж. Гэхдээ тэд эдийн засгийн биеэ даасан бодлого нь Монгол үндэстний аюулгүй байдлын үндсэн нөхцөл гэж үзээд ОУВС, ДБ болон АХБ-нд гишүүнээр элссэн юм. Эрхэм найзууд энэхүү мэдээллийг уншаад бидэнд үгүйлэгдээд байгаа санхүүгийн тогтвортой орчин, төсвийн сахилга бат чухал уу, бид дотооддоо үүнийг шийдээд явах чадвар байгаа билүү гэдгийг мэргэн оюундаа тунгаана бизээ...

Эдийн засагч Т.Доржханд

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (26)

Илгээх

Энэ тухай