30 сая воны шагналын сантай Солонгосын ой тогтоолтын тэмцээнд Монгол хүүхдүүд багаараа түрүүлжээ

30 сая воны шагналын сантай Солонгосын ой тогтоолтын тэмцээнд Монгол хүүхдүүд багаараа түрүүлжээ

Монголын Оюун Ухааны Академийн захирал,Ой тогтоолтын спортын ОУ-ын шүүгч Х.Хатанбаатар нэгэн баяртай мэдээ дуулгасаныг та бүхэндээ хүргэж байна.

Энэ амралтын өдрүүд буюу 18, 19-нд үргэлжилсэн 30 сая воны шагналын сантай Солонгосын Ой тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээнд Солонгос, Монгол, Герман, Америк, Филиппин, Япон зэрэг 15 улсын нийт 178 тамирчин 90 багц медалийн төлөө бага, дунд, насанд хүрэгчдийн ангилалд харааны болон сонсголын ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдөн оюун ухаанаа уралдуулж шилдгүүдээ тодрууллаа.

Манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 19 тамирчин, багш дасгалжуулагчдын хамт оролцсон ба багийн бүрэлдэхүүнд Ахлах дасгалжуулагч Б.Баасандорж, Туслах дасгалжуулагч М.Уранбилэг болон 2016 оны Өсвөрийн дэлхийн аварга, ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр (18 нас), ОУ-ын Их Мастер Н.Энхшүр (18 нас), Их Мастер Б.Ариунсанаа (15 нас), ОУ-ын Мастер Э.Лхагвадулам (15 нас), Б.Хангал (12 нас) /“Memoriad-2016” оюуны олимпийн хүрэл медальт/, Б.Энхлүүн (8 нас) /“Memoriad-2016” оюуны олимпийн хүрэл медальт/, Б.Бадам-Аюуш (14 нас) /Азийн аваргын мөнгөн медальт/, Л.Чанцалдиймаа (18 нас), А.Нэргүй (17 нас), Б.Анхбат (17 нас), Ч.Марал (17 нас), С.Жавхлантамир (17 нас), Б.Намуундарь (16 нас), Э.Мишээл (16 нас), Б.Лхагвадорж (16 нас), Г.Энхлэн (15 нас), Ч.Энхсанаа (14 нас), О.Түвшинзаяа (12 нас), З.Тэмүүжин (11 нас) гэсэн тамирчид амжилттай оролцлоо.

Тэмцээний дүн гарахад манай тамирчид 14 алт, 15 мөнгө, 12 хүрэл буюу нийт 41 медаль хүртэн багаараа хол илүү түрүүлснээс гадна тус тэмцээнд дэлхийн 4 дээд амжилт эвдэгдсэн нь манай тамирчдын эвдсэн амжилтууд байлаа. Тухайлбал бага насны ангилалын "Зураг" төрөлд Б.Хангал, дунд нас буюу өсвөр насны ангилалд "Зураг" төрөлд Их Мастер Б.Ариунсанаа, 10 минутын "Хөзөр" төрөлд ОУ-ын Мастер Э.Лхагвадулам, "Дуут цифр төрөлд Г.Энхлэн нар тус тус дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.

Тэмцээний 10 төрлийн нийлбэр дүнгээр Дэлхийн чансааны #2, Дэлхийн аварга, ОУ-ын Их Мастер, Германы тамирчин Johannes Mallow түрүүлсэн бол хоёрдугаар байрт Дэлхийн чансааны #9, 2016 оны Өсвөрийн дэлхийн аварга, ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр, гуравдугаар байрт Дэлхийн чансааны #23, Өсвөрийн дэлхийн дэд аварга, ОУ-ын Их Мастер Э.Энхшүр нар эхний 3 байрт орлоо.

Тус тэмцээний өсвөр насны ангилалд 10 төрлийн нийлбэр дүнгээр ОУ-ын Мастер Э.Лхагвадулам түрүүлсэн бол Их Мастер Б.Ариунсанаа 3-р байрт орлоо. Харин бага насны ангилалд Б.Хангал, О.Түвшинзаяа нар хоёр, гуравдугаар байрт тус тус орсон юм.

Тэмцээн зохион байгуулагч улсын хувьд нээлттэй тэмцээнээс ердөө нэг медаль авсан хэдий ч оролцсон 100 Солонгос тамирчдынхаа дунд төрөл тус бүрийн шилдгүүдээ шалгаруулж улсын аваргаа тодруулсан бөгөөд нэг харамсалтай зүйл нь зохион байгуулагч улс тэмцээнийг дэлхийн холбооны дүрэм дээрх насны ангилалын стандартын дагуу зохиох ёстой байтал тухайн улсад насанд хүрэгчид, өсвөр нас гэсэн ойлголт өөр байдаг гэсэн шалтгаанаар нэмж өөр насны ангилал гаргасан нь шагнал гардуулах мөчийг будилуулж орхилоо.

Энэ удаагийн тэмцээнд оролцсон манай тамирчдын ихэнх нь 4-5 сар хичээллэж буй шинэ суралцагчид байлаа. Мөн багийн бүрэлдэхүүнд Дархан-Уул аймгаас 3 тамирчин, Орхон аймгаас 2 тамирчин багтаж дэлхийн дээд амжилт тогтоож олон гайхалтай амжилтыг гаргалаа.

Бид медалиа ч авлаа, дэлхийн дээд амжилтуудыг ч шинэчиллээ, шагналын мөнгөө ч авлаа, багаараа ч тэргүүллээ.

Энэ тэмцээнээс 41 медаль хүртсэнээр бид Солонгос, Америк, Швед, Их Британи, Хятад, Энэтхэг, Тайван, Малайз гэх мэт олон улсын оюуны спортын 42 дахь тэмцээндээ амжилттай оролцож нийт 607 медаль хүртэн дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосоор байна.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (24)

Илгээх

Энэ тухай