Бөөрний өвчлөл ба эмчлэх арга зам

Бөөрний өвчлөл ба эмчлэх арга зам

Хүний хэвлийн хөндий буюу нурууны дотор талд наалдан байрласан шош хэлбэрийн хос цуллаг эрхтнийг бөөр гэнэ. Бөөр бол хүний амин чухал хос эрхтэн юм. Биеийн жингийн 0.3%-тай тэнцэх ба 1 минутанд 1.2 литр цусыг шүүдэг. Өөрөөр хэлбэл бодисын солилцооны явц дахь бүх хортой бодисуудыг шээсээр дамжуулж шүүж гаргадаг ба хэрэгтэй зүйлүүд нь цусандаа орж байдаг.
Гүйцэтгэх үүрэг: 
• Ялгаруулах- Бодисын солилцооны явцад үүссэн илүүдэл хорт бодисыг шээс болгон ялган гаргах усны аж ахуйн үүрэг
• Хүчил шүлтийн болон усны тэнцвэрт байдлыг хадгалах
• Биеийн даралтыг тогтвортой хэмжээнд байлгах 
• Дотоод шүүрлийн зарим үйл ажиллагаанд оролцох

Бөөр нь өдөр тутам 1,5-2 л илүүдэл шингэнийг шээс болгон гадагшлуулна. Бөөрний урт нь 10-12 см, өргөн нь 5-6 см, зузаан нь 3-4см байдаг. Бөөр тус бүрдээ 130 г орчим жинтэй. Бөөрний цуллаг эдэд бөөр, бөөрний тэвш, бөөрний жижиг бөөм, лимфэн цорго, бөөрний үүд, вен, артер, мэдрэлийн ширхэг, бүрхүүл хальс, шээс дамжуулах цорго зэрэг олон нарийн бүтэцтэй. Тэдгээрээс бөөрний жижиг бөөм болон бөөрний тэвшинцэр гэмтэж өвчлөх нь олон тохиолдоно.

Юунаас болж өвдөх вэ
• Ямар нэг биед архаг голомт, халдвар. Энэ өвчнийг үүсгэх нян вирус нь голцуу цус хайлуулах А хэлбэрийн гинжин бөөрөнхий бактер байдаг боловч бусад нянгаас ч үүснэ.
• Цаг агаарын эрс тэс уур амьсгалаас болж даарч хөрөх 
 • Ихэвчлэн эмэгтэйчүүд өвчлөх нь элбэг. 35-45 насны хүмүүст архаг үрэвсэл илүү өндөр илэрч, эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 3 дахин илүүтэйгээр бөөрний архаг үрэвслээр өвчилж байна. Өвчилсөн бүсгүйчүүд хүйтний улиралд дороосоо даардагтай холбоотой. Мөн эмэгтэйчүүдийн шээсний сүв богино байдаг нь өвчлөх магадлалыг нэмэгдүүлдэг. 
• Давсаг үрэвссэн үед бөөр хоёрдогчоор өвчлөх 
 • Давс ихээр хэрэглэх 
• Шингэн юм бага уух
• Таргалалт 
• Эмийн хэрэглээ
• Гэмтэл
• Эрүүл ахуйн дадал 
• Хоол хүнсний эрүүл ахуй, чанар

Ямар шинж тэмдэг гарах вэ гэж үү

Хөнгөн буюу далд хэлбэрийн бөөрний үрэвсэл нь ямар нэгэн зовиур шаналгаагүй, хааяа ууц нуруугаар хөшиж, нүд сэлхэрнэ. Нүд сэлхрэх төдий шинж үзүүлж харин шээсний шинжилгээг үзэхэд цусны улаан цогцос, уураг илэрсэн байдаг. 
Цөөн тооны бөөрний үрэвсэл хурц буюу цочмог илэрч цусны даралт өндөржиж, зүрхний үйл ажиллагаанд нөлөөлөх ч бий.

• Ууц нуруугаар хатгуулах
• Халуурах 
• Шээс өнгөтэй, үнэртэй
• Даралт ихсэх
• Хавагнах , Хөлний шилбэ, нүдний зовхи хавагнадаг. Бөөрний хаван их онцлогтой. Дээр нь дарахад шилжиж булцагнадаг. Бусад өвчний хаван дарахад хатуу байдаг юм. Өглөөгүүр нүд, зовхи сэлхэрэн, үдээс хойш хөл шилбэ хавагнан, хүндэрвэл бүх бие цэлхрэн хавдана. Хаван хэвлий цээжийг давж ирвэл гэдэс дүүрч амьсгаадна.

Бөөрний дутагдалд орох гэж юу вэ гэвэл
Хурц болон архаг дутагдал гэсэн хоёр янзаар илэрдэг. 
Хурц дутагдал нь гэмтэл, хордлогод орох, ослын улмаас бөөрөө гэмтээх, цус алдах гэх мэт тохиолдолд илэрдэг. 
Архаг дутагдал гэдэг нь бөөрний олон өвчний үед гардаг хүндрэл юм. Бөөрний түүдгэнцэрийн архаг үрэвсэл, чихрийн шижин гэх мэт өвчний үед олон дахин сэдрэх эсвэл дутуу эмчлүүлж явсаар бөөр хатингаршин үйл ажиллагаа нь алдагдан, бөөрний шүүх болон хоргүйжүүлэх чадвар нь алдагдсанаас дутагдалд ордог.
Бөөрний дутагдалд орж, хэвийн үйл ажиллагаагаа алдсан хүмүүс хиймэл бөөрний аппаратын тусламжтай бие дэх хороо гадагшлуулдаг. Өөрөөр хэлбэл, ажиллахгүй байгаа бөөрийг орлоод хорыг гадагшлуулна гэсэн үг. Энэ нь эмчилгээ болон оношлогооны өндөр ач холбогдолтой.

Бөөрний даралт гэж юу вэ гэж үү
Бөөр өөрөө ренин-ангиотензиний шугамаар артерийн даралтыг зохицуулж байдаг эрхтэн юм. Даралт ямар нэг хэмжээгээр тогтвортой байгаа нөхцөлд бөөр эрүүл байх боломжтой. Артерийн даралтын хэвийн үйл ажиллагаа алдагдсанаас бөөрний даралт ихэсдэг.
Бөөрний үрэвсэл нь түүний судсыг гэмтээвэл даралт ихсэнэ.
Бөөрний өөрийнх нь судас нарийсах тохиолдол бас бий.
Нэгэнт бөөрний даралттай гэж оношлогдсон бол заавал эмчлүүлэх хэрэгтэй. Даралтыг аль болох хэвийн түвшинд тогтоон барих нь чухал. Бөөрний өндөр даралттай олон жил явбал тархи, бөөрний судас хатуурна, зүрх томорч бүх биенд өөрчлөлт орсноор эцэст нь зүрх эсвэл бөөрний дутагдалд орох, тархины цусан хангамжийн алдагдалд орж цус харвах зэрэг хүндрэл гардаг.

Ямар эмчилгээ хийх вэ гэж үү

-Манайхан эм уух их сонирхолтой. Эм зүйч ч гэсэн дураараа хүнд эм зааж уулгах эрхгүй гэдгээ санах хэрэгтэй. Эмчийн жорын дагуу эмийг уух нь хамгийн зөв эмчилгээний арга болно. Ер нь хүн өөрөө эмээ сонгож авна гэдэг буруу. Заавал мэргэжлийн эмчээр оношлуулж ямар антибиотик уухаа асуух хэрэгтэй. Тухайлбал, гэдэсний савханцраар халдварласан өвчинг ямар эмээр намдаах уу, үүсгэгчид тохирсон ямар эм байдгийг зөвхөн эмч л хэлж өгч чадна. Мөн өвчтөн шээсний бактериологийн шинжилгээ өгсөн байх шаардлагатай. Уг шинжилгээнээс ямар үүсгэгчээр өвчилснийг мэдээд эмчилгээний аргаа сонгодог. Тэгэхээр яг тодорхой эмчилгээг заасан хугацаанд нь хэрэглэж чадвал бүрэн эдгэрнэ. Түүний дараа дахин шинжилгээ өгч эдгэрсэн эсэхийг нь шалгадаг юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай