Б.Мөнхсайхан: Циститийг ус хамгийн сайн эдгээдэг

Б.Мөнхсайхан: Циститийг ус хамгийн сайн эдгээдэг

Эмэгтэйчүүдэд хамгийн ихээр тохиолддог өвчний нэг бол “давсагны ханиад” хэмээн нэрлэгддэг цистит юм. Цистит гэхээр бид хүйтэнд даарснаас боллоо гэж боддог. Гэхдээ тэрнээс гадна олон шалтгаан байдгийг тэр бүр мэддэггүй.

Хэдийгээр ямар ч эмэгтэй хүн циститээр өвчилж болох боловч ихэвчлэн насанд хүрсэн эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог гэнэ. Энэ өвчний онцлог нь нэг туссан бол дахин дахин сэдэрч болзошгүй байдаг. Тиймээс юуны түрүүнд эмчид үзүүлж, циститийг архаг хэмжээнд орохоос нь өмнө өөрт тохирсон антибиотик эмчилгээг хийлгэх хэрэгтэй. Гэхдээ туссан хойно нь биш хэрхэн урьдчилан сэргийлэх мөн “яаралтай тусламж”-ийн үед гэрийн нөхцөлд хэрхэн циститийг илааршуулж болох талаар мэдэж байхад илүүдэхгүй юм.

Энэ талаар “Гурван гал” эмнэлгийн Эх барих эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч, анагаах ухааны магистр, ахлах зэргийн эмч Б.Мөнхсайханаас тодрууллаа.

-Цистит тусахад шээх явцад хурцаар өвддөг гэсэн нэгдсэн ойлголт бий. Үүнээс өөр ямар шинж тэмдгүүд илэрч болох вэ?

-Цистит гэдэг бол нянгаар халдварлагдсан шээсний замын хүндрээгүй халдварыг хэлдэг. Товчхондоо давсагны үрэвсэл гэсэн үг. Анатомын онцлогоос шалтгаалан эмэгтэйчүүдэд ихэвчлэн тохиолддог бөгөөд нийт эмэгтэйчүүдийн 45-50 хувь нь амьдралдаа ямар нэгэн байдлаар цистит тусдаг. Харин 13 хувь нь дахилттай циститтэй байдаг. Эдгээрийн дийлэнх нь үтрээний үрэвслээс шалтгаалдаг. Жирэмсэн эхчүүдийн хувьд дархлаа их сул байдагтай холбоотой.  

Шинж тэмдгийн хувьд шээсний сүвээр шархирч өвддөг. Ойр ойрхон шээс хүрдэг хэдий ч хэвлийн доогуур хатгаж өвдөнө. Шээчихээд байдаг шээгээгүй юм шиг мэдрэмж төрдөг. Мөн шээс булингартай, өтгөн гардаг. Хүндэрсэн үед шээх үед эсвэл шээсний дараа бага зэргийн цус гарах тохиолдол ч байдаг. Гэхдээ бас нуруу өвдөх, доошоо хэвлий орчмоор хүндүүрлэж өвдөх, бие тавгүйтэх, халуурах зэрэг бусад шинж тэмдэгүүд ч илрэх хандлагатай.

Өөрөөр хэлбэл, аливаа нян давсагт ороод давсагны салстыг гэмтээж үрэвсүүлснээс болж шээс дамжуулах үйл ажиллагаа алдагдаж, ийм шинж тэмдэг илэрдэг.

-Шалтгаан нь юу байдаг вэ?

-Шалтгаан нь олон янз. Нэгдүгээрт, өгсөх замын халдвараас үүддэг. Бэлэг эрxтний төрөл бүрийн үрэвсэлт өвчний үед өвчин үүсгэгч нян шээсний сүвээр дамжин /ялангуяа эмэгтэй xүмүүст/давсагт орж үрэвсүүлнэ. Ялангуяа үтрээний үрэвсэлтэй байвал өгсөх замаар халдвар авна. Мөн цусаар дамжин халдварладаг. Амны xөндий,чиx xамар xоолойн арxаг өвчнүүд,бүдүүн шулуун гэдэсний арxаг үрэвсэл,эмэгтэйчүүдийн умай, өндгөвч, дайврын үрэвсэл, арxаг олгой гэx мэт бие маxбодын аль ч эрxтний арxаг болоод xурц үрэвсэлт өвчний үед өвчин үүсгэгч нян цусаар дамжин давсагт орж үрэвсүүлж болно.

Ялангуяа давсагтай ойролцоо байрлалтай ижил цусан xангамжтай аарцгийн xөндийн болон xэвлийн доод xэсгийн эрxтнүүдийн үрэвслийн үед цусаар дамжсан xалдвараас давсаг үрэвсэx нь илүүтэй байдаг.Түүнчлэн бөөр үрэвсэх нь цистит үүсэх өөр нэгэн шалтгаан болдог.

Гэхдээ халдвар авсан болгонд л цистит үүсээд байдаггүй. Тухайн хүний биеийн эсэргүүцлээс шууд хамаардаг. Биеийн дархлаа муудаж, хэт их даарах эсвэл халууцах, зарим хүнд халуун ногоо идээд харшлах үед ч цистит тусч болдог.

-Урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?

-Нэгдүгээрт, даарч, хөрөхгүй, биеийн эсэргүүцлээ сайжруулах хэрэгтэй. Хоёрдугаарт, үрэвсэлд өртөхгүй байх ёстой. Биед аливаа нэгэн архаг үрэвсэл удаан “хадгалагдвал” цаашаа тархах үндэс суурь болж өгдөг. Гуравдугаарт, шээсээ удаан барих маш аюултай. Гарч байх ёстой бохирыг цаг тухайд нь гаргахгүй бол нян үржиж, үрэвсэл үүсэх аюултай. Өдөрт дор хаяж 2-3 литр ус, шингэн зүйл уугаад дор дор нь шээж байвал циститээс өөрийгөө хамгаалж чадна гэсэн үг.

Хамгийн чухал зүйл бол бэлгийн ариун цэврийг дээд зэргээр сахих явдал юм. Бэлгийн олон хавтигчгүй байх, халдвараас өөрийгөө сэргийлдэг байх хэрэгтэй. Бөөрний үрэвсэлтэй бол эмчлүүлж, ямар нэгэн зовиур илэрвэл эмчид үзүүлэх шаардлагатай.

Шээсний сүвний амсар орчмыг цочроож болзошгүй элдэв эм, xимийн бодис, жирэмснээс xамгаалаx эм,xэрэглэл,үнэртэн зэргийг угааx, цацаx, шүршиx, түрxэx мягаар xэрэглэxээс аль болоx зайлсxийx нь циститээс өөрийгөө хамгаалж буй хэлбэр юм.

-Гэрийн нөхцөлд болон эмнэлгийн нөхцөлд ямар эмчилгээ хийлгэх ёстой вэ?

-Циститээс хамгийн хурдан ангижрах арга бол ус юм. Ус сайн уух хэрэгтэй. Шингэн зүйл сайн уугаад шээсээ тухай бүрд нь гадагшлуулж чадвал давсагний сүвэн дээр байгаа нянгуудыг шээсээр хөөж гаргах боломжтой. Шээхээсээ айхгүйгээр 2-3 литр ус уугаад шээсээ гадагшлуулж чадвал эхний шинж тэмдэг их хурдан арилдаг.

Хоёрдугаарт, шээсний шинжилгээ өгөөд ямар нянгаар үүсгэгдсэн байна, тус нянд ямар антибиотик мэдрэг байна гэдгийг оношлуулах хэрэгтэй. Үүнийг бактериалогийн шинжилгээ гэдэг. Тэрнээс биш ам дамжсан яриагаар тааралдсан эмээ авч уугаад байж болохгүй.

Үүнээс гадна манай эмэгтэйчүүд эмийг бүрэн гүйцэт уудаггүй. Долоо хоног уух ёстой эмийн жор бичиж өгөхөөр өвдөлттэй байсан 2-3 хоногт уугаад өвчин намдаад ирэхээр уухаа больчихдог учир манай улсын эмч нарын тактик ч бас энэ чинээгээрээ өөрчлөгдөж байгаа. Тухайлбал, сүүлийн үед өндөр тунгаар бага хэмжээгээр уух эмийг санал болгож байна.  Эмчийн бичиж өгсөн зааврын дагуу эмээ бүрэн уугаад гам барьж чадвал цистит дахихгүй.

Цистит дахиж байгаа учир нь биеийн эсэргүүцлээ сайжруулахгүй байна. Сүүлийн үед витамин Д-ийн дутагдал монголчуудад элбэг тохиолдож байна. Хүн бүр циститээр өвчлөхгүй байгаа нь 100 хувь дархлаатай холбоотой. Мөн үрэвслээ цаг тухайд нь эмчлэхгүй, хүйтний улиралд нимгэн хувцаслаад байвал цаашдаа цистит үүсэх нөхцөлийг бүрдүүлж өгдөг.

-Сүүлийн үед охид бүсгүйчүүдийн дунд өндгөвчний үрэвсэл их тархаж байна. Үүний шалтгаан нь юу вэ?

-Эмэгтэйчүүдэд умайн хүзүү, өндгөвчний үрэвсэл харьцангуй их тохиолддог болсон. Энэ нь дархлаатай болон бэлгийн замын халдварт өвчин их байгаатай холбоотой. Мөн мэс ажилбарууд их хийлгэдэг болсон. Энэ бүгдээс болж өндгөвч үрэвсэлж, гармоны алдагдалд ордог. Цаашлаад үргүйдэлд хүрэх шалтгаан болдог. Сүүлийн үед үргүйдэл маш их байгаа.

Түүнчлэн ямар нэгэн тураах бэлдмэл дархлаа бууруулдаг төдийгүй өндгөвчний үйл ажиллагааг дарангуйлдаг. Дараа нь асар их таргалалтыг авчирдаг. Ялангуяа жирэмсний үеүдэд дэглэм барихаа больж, элдэв бүтээгдэхүүн хэрэглэж чадахаа болихоор таргалалт илүү нэмэгддэг талтай. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай