УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой мэдээлэл хийлээ

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир  “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой мэдээлэл хийлээ

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир тойрогтоо ажиллаж байна. Тэрээр өчигдөр хуралдсан АИТХ-ын ээлжит V хуралдаанд оролцож “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувьтай холбоотой мэдээлэл хийлээ. 

УИХ-аас тогтоол гаргаж Засгийн газар, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хамтран “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг төрд буцаан авах чиглэл өгсөн. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир ярихдаа “Монголын зэс” корпораци тус үйлдвэрийн 49 хувийг худалдан авахдаа төлсөн 400 сая америк долларын дийлэнх нь зээл гэдгийг онцоллоо. Тухайлбал, Монгол Банкнаас 360 тэрбум, Хөгжлийн банкнаас 130 орчим тэрбум төгрөгийг зээлээр авсан зэрэг нь баримтаал нотлогдоод байна.  Тиймээс хоорондын суутгал хийхэд Монгол Улсын төрөөс тус компанид төлөх мөнгөний хэмжээ бага байна гэж тооцож байгаа гэлээ. 
 
Түүнчлэн Олон Улсын Валютын сантай хэлэлцээр хийж хөтөлбөрт хамрагдахгүй бол Монгол Улс дампуурлаа зарлах хэмжээнд хүрээд байна гэсэн юм. Учир нь ирэх сарын 21-нд манай улс 580 сая америк долларын зээлийг төлнө. Мөн 8-р сард нэг тэрбум 700 сая америк долларыг Хятадын талд төлөх ёстой. Тиймээс улсын хэмжээнд хөрөнгө оруулалтын ажил хийхэд хүндрэл үүсэж байгааг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир хэллээ. 
 
Энэ онд концессын гэрээгээр “Эрдэнэтийн Дулаан цахилгаан станц” ТӨХК-ийн үнсэн санг шинэчлэх болон “1А” хорооллын дэд бүтцийн ажлыг хийхээр болсон. Түүнээс гадна Цагаанчулуут багт цэцэрлэгт хүрээлэн барьж, “Орхон” цогцолбор сургуулийг өргөтгөхөөр болжээ. Мөн санхүүжилтгүй болсон шалтгаанаар ажил нь зогсоод буй Эрдэнэ багийн сургууль, Дэнж багийн соёлын төв, Хүүхдийн эмнэлэг, “2А” болон “Евро эко” хорооллын дэд бүтцийн ажилд улсын төсвөөс санхүүжилт хийхээр болсон талаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир танилцууллаа. Тэрээр энэ амралтын өдрүүдэд тойргийнхоо иргэдтэй уулзалт хийх юм. 

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай