Аянга мэт “сэтгэлзүйч”

“...Өөрийнхөө аврагч, өөрийгөө ялагч, би номин тэнгэрт дүүлэх цагаан хөлгийн далавч...” хэмээн “Азарга” дуундаа үглэсэн түүнийг уг нь Б.Өлзий-Учрал гэдэг ч хип хоп сонирхогчид Тандер нэрээр нь мэднэ. Дунд ангиасаа л хип хоп дуу сонсон ангийн буланд элдвийг эргэцүүлж суудаг энэ хүү үнэхээр өөрийгөө ялж чаджээ. Түүнийг өөрийгөө олоход нь хип хоп замчилсан юм билээ.

Тэрбээр өсвөр насандаа ганцаардмал, тэгэхдээ үүндээ сэтгэл хангалуун байсан ч үзэл бодлоо бусдад илэрхийлэхгүй болохоор бачуурмаар санагддаг байжээ. Ийн сэтгэл доторхоо хип хоп дууны үгээр дамжуулж уудлахад тайвширсан нь реппер болох хүсэл бадраасан анхны шалтгаан болжээ. Сургуулийн урлагийн үзлэг, шинэ жилийн арга хэмжээ зэрэг багахан хэмжээний тайзан дээр дуулахад үзэгчид алга ташин шүгэлдэж үгээр илэрхийлэх аргагүй гайхалтай мэдрэмж өгч байсан нь хип хопт дурлах хоёр дахь шалтгаан болов.

Нэг удаа “Татар” хамтлагийн тоглолт үзэж байгаад тайзан дээр гарсан гэнэ. “UB pal­ace”-ын задгай талбайд цугласан үзэгчдийн өмнө гарахад нурууных нь үс босох шиг болж, “Ийм олон хүний өмнө дуулбал гоё байх даа” гэж бодсон байна. “Сэтгэл санаа тавгүй үед Эминэмийн дууг сонсоод би ер нь яагаад ингэж гутрах ёстой гэж” хэмээн урам авдаг байсан. Үүнтэй адил миний бичсэн дуу хүмүүст их, бага хэмжээгээр нөлөөлж, сэтгэл зүйн дарамтаасаа гарахад нь тусалж чадвал тэр миний гавьяа, дуу бичих утга учрын минь нэг” гэж Тандер хэлсэн.

190 см шахам өндөртэй, бага зэргийн махлаг, сахалтайн дээр үстэй захтай хүрэм өмсдөг, хойд туйлаас ирсэн мэт харагддаг байсан түүнийг үеийнхэн нь Тундр гэж хочилдог байжээ. Хожим “Реп дэмбээ” цахим шоунд оролцох болж, тайзны нэрээ зохион байгуулагчдад  “Тундр” гэж бичиж өгсөн ч тэд Тандер гэж зарласан байна. Аянга, цахилгаан гэсэн утгатай энэ нэр ч түүнд таалагдаж, солиогүй аж. Өнгөрсөн онд UBS телевизээс хип хоп сонирхогчдын дунд зохион байгуулсан, 280 гаруй хүн оролцсон “Бэкяард” тэмцээнд тэрбээр түрүүлж, нэг цомгийн бичлэг, гурван клип хийлгэх эрх, гурван сая төгрөгөөр шагнуулав.

Тандерыг тус шоуны шүүгчид “Бусдаас илүү хөдөлмөрч учраас ирээдүйтэй” хэмээн үнэлсэн юм билээ. “Бусад хип хопчдоос юугаараа онцлог вэ” гэж түүнээс лавлахад “Амьдралд өчнөөн өрсөлдөөн, тэмцэл бий. Ямар ч талбарт хамгийн чадваргүй нэгнээс сайн нь хүртэл өсөж чаддаг хичээнгүй, шартай гэж өөрийгөө дүгнэдэг. Зарим дуучны сэтгэхүй хайрцаглагдсан мэт, өөрийгөө давтаж, ойролцоо утга, өнгө аястай дуу хийдэг. Би янз бүрийн сэдэвтэй, хүн сонсоод өөр өөр реппер дуулсан гэж андуурч ч мэдэхээр давтагдахгүй дуу хийхийг хүсдэг. Мөн өөрийгөө юу чаддагийг мэдэх хүртлээ алдаж, эндэхээс айхгүй туршилт хийнэ” гэж тэр хэлсэн.

“Бэкяард” шоунд түрүүлснээсээ хойш “Азарга”, “Би эр хүн”, “M.O.M.M.Y” гэх гурван дуу олонд хүргэсэн тэрбээр “Үүнээс гадна хэд хэдэн дуу бэлэн болсон. Илүүг хийж чадвал цомогт оруулахаар төлөвлөсөн дуунуудаасаа ч хасаж мэднэ. Би цомогтой болох гэж яарахгүй. Өөрийгөө хангалттай гэж үзсэн үедээ цомог гаргана” гэсэн. Тандер өмнө нь хэд хэдэн дуу зохиож, гэртээ хоолойн бичлэгээ хийж ойр тойрныхондоо сонсгож байсан ч тэднийг бүтээл гэж үзэлгүй, хөгжиж, сайжрах бэлтгэл байсан гэж тооцдог юм билээ.

Дуунд тооцдог гурван бүтээлийнх нь талаар түүнээс лавлахад “Хүн өөрийгөө тоож эхэлбэл хөгжихгүй. “Азарга” дуунд би “Хүсэл тэмүүллийнхээ төлөө урагш зүтгэж байна. Намайг санасандаа хүртэл ташуурдаарай” гэсэн утгаар “Намайг номер нэг биш гэдгийг байнга сануулаарай” гэсэн мөр багтаасан. Тэгтэл зарим хүн “Өөрийгөө номер нэг гэлээ” хэмээн буруу ойлгосон.

Би тэсэрсэн дуу хийгээгүй, мууг ч бүтээгээгүй. Харин ээждээ зориулсан “M.O.M.M.Y” дууг муулахыг хэнд ч зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл би бүх сэтгэлээ шингээсэн юм” гэв. “Клик клик бүүм” бүлгийн гишүүн, “Бэкяард” тэмцээний шүүгч, түүний продюсер, реппер Десантаас ямар үлгэр дуурайл авч буйг нь асуухад Тандер “Десант ахаас би эр хүн ямар байдгийг үлгэрлэдэг. Тэрбээр баргийн асуудалд дуугарахгүй, цөөхөн хэрнээ даацтай үг хэлдэг. Үгээрээ хэлэхгүй ч үзэл бодол, үйлдлээрээ өөрийнхөөрөө бай гэж сургадаг. Хип хоп надад өөрийнхөөрөө байх боломж олгосон” хэмээсэн.

Аянга цахилгаан мэт хүчтэй үгээрээ бусдын сэтгэлийг засах хүсэлтэй “сэтгэлзүйч” репперээс цөөн асуултад хариулт авлаа.

-Хип хоп дууг өсвөр үеийнхэн голдуу, 35 хүртэлх насныхан сонсдог болов уу. Зарим реппер хүүхдүүдэд буруу үлгэр дуурайл үзүүлэх нь бий. Ийм, тийм сэдвээр дуулахгүй зэрэг зарчим баримтална биз?

-Өөрийгөө хүмүүжилгүй, буруу хүн гэж боддоггүй. Миний үзэл бодол бусдад муугаар нөлөөлөхгүй гэдэгт итгэдэг учраас дуундаа эргэцүүлж, дүгнэдэг зүйлсээ л тусгадаг.

-Орц бүр хамтлагтай байсан үетэй харьцуулбал өдгөө хип хоп сонирхогчид цөөрсөн юм шиг санагддаг. Чамд өрсөлдөөн хэр мэдрэгдэж байна вэ?

-Ширүүн биш, тайван замаар өрсөлдөж байгаа юм шиг санагддаг. 10 жилийн өмнө хамтлаг, дуучны клип телевизээр л гардаг, сонсохыг хүссэн дуугаа радиогоор захиалдаг байлаа. Тэр үед хамтлаг, дуучныг зөвхөн зурагтаар л харах боломжтой, гудамжинд хааяа таарах жишээтэй.

Гэтэл одоо бүгд цахим хуудсаараа дамжуулж юу хийж байгаагаа мэдэгдэж, шууд бичлэг хүртэл хийдэг болжээ. Хэн дуртай нь хүссэн дуугаа интернэтээс татаад утсандаа суулгах боломжтой.

Тийм болохоор бүр тэсэрсэн онцгой бүтээл хийхгүй л бол сонсогчдод онц санагдахаа больсон байх. Юм ховор, олдохгүй байх тусмаа сонирхолтой, амттай байдагтай шүү дээ.

-Шууд, тухайн үедээ өрсөлдөгчдөө зориулж зохиосон мөртүүдээ аян дээр дэвсэж үглэж, нэгнээсээ илүү сүүл холбож, даацтай үглэсэн нь ялдаг хип хопын баттле гэх төрөл бий.

Ийм журмаар “Реп дэмбээ” цахим шоу зохион байгуулсан нь биенийгээ хэн нь сайн муулж, хараахыг шалгаруулдаг мэтээр зарим хүүхдэд буруу үлгэр дуурайл үзүүлсэн. Тэр шоунд оролцдог байсандаа хожим харамссан уу?

-Хэзээ ч харамсаж, оролцож байсан зарим хүн шиг бичлэгээ устгуулахгүй. Яагаад гэвэл би тааруухан үглэдэг байгаад өдгөө сайжирсан нь үнэн болохоор санаа зовох зүйл байхгүй. Харин ч бахархмаар санагддаг.

“Реп дэмбээ”-д оролцоод их юм сурч, хип хоп баттле хийх дөртэй болсон. Гэр бүлийнхэн минь үзэх вий гэж их санаа зовж байлаа. Гэхдээ ээж олоод үзчихсэн болохоор одоо хэнээсээ ичих вэ дээ.

-“Эр хүн” дууны зарим мөрт хурц үг хэллэгтэй юм билээ. Гэрийнхэн нь сонссон уу?

-Эмээ, ээж бид гурав МҮОНТ үзэж байтал “Үндэсний шилдэг 21” дууны нэвтрүүлэг гарч, миний тэр дуу жагсаалтад багтаж, клип нь гарсан. Тэр үед их санаа зовж байлаа. Гэхдээ гэрийнхэн, ялангуяа эмээ минь намайг их ойлгодог. “Бэкяард” тэмцээнийг эмээ минь үзэж, “Энэ, тэр өрсөлдөгч илүү байна шүү” гээд л зөвлөж байлаа.

-Цаашдын зорилгоосоо хуваалцаач?

-Одоо байгаагаасаа ахихыг хүсэж байна. Монголчууд жирийн амьдралд гадаадынхан шиг нээлттэй байж чадахгүй ч ядаж дуу явах хэдхэн минут, тоглолт болох хоёрхон цагт дураараа, чөлөөтэй байгаасай гэж хүсдэг.

Тиймээс дуугаараа яаж тэднийг нээлттэй болгох вэ гэж боддог.  

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай