О.Бум-ялагч: 10 мВт-ын нарны станц 10-ыг барихад утаанаас бүрэн сална

Монголын Ногоон намаас агаарын бохирдлыг бууруулах нэгэн гарц санаачилж, ажил хэрэг болгохоор зорьж буй. Энэ талаар тус намын дарга О.Бум-Ялагчтай ярилцлаа.

-Утаатай тэмцэхээр төр засаг төдийгүй иргэд ч дуу хоолойгоо илэрхийлж байгаа. Тэр тусмаа улс төрийн байгууллагын удирдлага энэ гамшгаас салах санаачилга гаргаж байгаа нь сайшаалтай.

Утаанаас салах ямар гарц танд байна вэ?

-Хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр судалгаа явуулж, Монголд дөрвөн жил ажилласан UNICEF-ийн эксперт өөрийн тайландаа Улаанбаатарын агаарын бохирдлыг арилгах нь нүд ирмэх зуур хийх ажил гэж хэлсэн байсан. Улаанбаатарыг дэлхийн бусад хоттой харьцуулахад бохирдол гаргаж байгаа эх үүсвэр нь улирлын чанартай, ард иргэд нь энэ утааг гаргадаг. Бусад улсад улирлын чанартай биш, үйлдвэрүүд нь утаа гаргаж байна.

Тиймээс тэр үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авдаг. Улаанбаатар хотын хувьд олон нийт, хувийн хэвшил, төр засаг гурав хамтраад энэ асуудлыг шийдэх бололцоо бий. Агаарын бохирдлын гол эх үүсвэр буюу 80 хувийг гэр хорооллынхон гаргаж байна. Улаанбаатар хотын гэр хорооллыг цахилгаанаар халаавал агаарын бохирдол тав дахин багасна.

Автомашинаас гарч байгаа утаа агаарын бохирдлын 12 хувийг эзэлдэг. Автомашин, том оврын машинуудад шүүлтүүр тавьчихвал энэ тоо дөрвөн хувь болж багасах магадлалтай. Нийслэлд байдаг хоёр том дулааны цахилгаан станц бохирдлын 96 хувийг шүүдэг, олон улсын стандартын шүүлтүүр тавьсан гэж байна лээ. Гэхдээ л утаа гардаг. Гаднын том хотуудад цахилгаан станцаас гарч байгаа шүүлтүүр дээр плазмын шүүлтүүр нэмж тавьдаг юм билээ.

-Таныхаар гэр хорооллын бүх айлыг цахилгаанаар халаачихвал утаагүй болно гэж үзэж байна уу?

-Үүнийг улирлын чанартай шийдэх бололцоотой. Монгол Улсын дундаж ачаалал нь жилд 800 мВт. Зах зээлд зарж байгаа, айлуудад тавьсан дундаж цахилгаан халаагуур хоёр кВт-ынх. Хоёр кВт-д нь тооцоод түгээвэл дээрх цахилгаанаар 150 мянган айлыг халаах бүрэн бололцоотой.

Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотыг цахилгаанаар халаах эх үүсвэр нь байна. Төр хувийн хэвшил, олон нийт хамтраад энэ чиглэлээр ажиллавал гаднын судлаачийн хэлснээр Улаанбаатарын агаарын бохирдлыг нүд ирмэх зуур шийдэх боломж бий. Үүнд ард иргэдийн ухамсар чухал нөлөөтэй. Хотын иргэн л юм бол хаймар шатаахын оронд цахилгаан халаагуур авч тавих хэрэгтэй.

Зах зээл дээр хамгийн хямд нь 20 мянга, үнэтэй нь 200 мянган төгрөг байна. Төрөөс цахилгааны найдвартай шугамаар хангах ёстой.

-Улаанбаатарын айлуудыг бүгдийг нь цахилгаанаар халаахад эрчим хүчний эх үүсвэр хүрэлцэхгүй гэж ярьдаг?

-Улаанбаатарыг цахилгаанаар бүрэн халаахад яваандаа хэцүү болно. Яагаад гэвэл нийслэлийн хүн ам өсөж, барилгажилт ихэссэнтэй холбоотойгоор цахилгааны хэрэглээ их болж байна. Ялангуяа ажил тарснаас хойш 21.00 цаг хүртэл ачаалал огцом нэмэгддэг. Энэ үед Монгол Улс оросуудаас 100 мВт-ын цахилгаан авдаг юм байна.

Үүнд жилд 35 сая ам.доллар төлдөг. Харин ийм хэмжээний цахилгаанаа өөрсдөө үйлдвэрлэчихвэл жилд тэр хэмжээний ашиг олно. Үүнийг сэргээгдэх эрчим хүчээр шийдчихвэл нийт зарцуулсан хөрөнгө оруулалтын тал хувийг Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих олон улсын сангаас өгөх бололцоотой. Саяхан Дархан-Уул аймагт ашиглалтад орсон 10 мВт-ын цахилгаан станц 18 сая ам.доллароор боссон. 100 мВт-ын цахилгаан станц нарны хавтангаар барихад 180 сая ам.доллар болж байна.

Үүний талыг Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих олон улсын сан өгвөл 90 сая ам.доллар болох нь. Гурван жил Орост өгөх мөнгөөрөө бид нарны эрчим хүчний станцтай болох бололцоо байна гэдгийг л бид төр засгийнханд хэлээд байгаа юм. Үүнийг нийслэлийн удирдлагууд дэмжиж хүлээн авсан. Хамгийн гол эмзэглэж байгаа асуудал нь олон нийтийн ухамсар.

Хаймар, нүүрс түлээд байгаа хүмүүсийг яаж энэ чиглэлд хандуулах вэ гэдэгт төр засаг, хувийн хэвшил, олон нийт бүгдээрээ ханцуй шамлаж оръё. Цахилгааны эх үүсвэр нь байна. Мөнгө нь олдох юм байна. Төрөөс цахилгааны шугамаар хангаад, иргэд халаагуур авч тавиад, гэрээ маш сайн дулаалчих хэрэгтэй.

-Мөнгө босгох өөр ямар хувилбарууд байна гэж та үзэж байна?

-Нэг жишээ хэлье. Хоёр Герман нэгдээд 26 жил болж байна. Баруун Германы иргэд өнөөг хүртэл 26 жилийн турш зүүн Германыг хөгжүүлэх “Эв санааны татвар” гэдгийг төлж ирсэн. Тэр мөнгөөр нь зүүн Германд засмал зам тавьж, хот суурин шинээр тохижуулдаг. 26 жил Германы ард түмэн нэг нь нөгөөдөө дэм болж татвар төлөөд, хот суурин газраа тохижуулж, агаар хөрсний бохирдлоо байхгүй болгосон.

Түүн шиг агаарын бохирдлын эсрэг татвар бий болгож болох юм. Нэг айл ойролцоогоор 10 ам.доллароор тооцоход жилд 48 сая болно. Үүнээс гадна томоохон компани пүүсүүд агаарын бохирдлын эсрэг тодорхой хэмжээний мөнгө хандивлаж болно. Өөр нэг санаа бий. Үндсэн хуульд Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан. Ерөнхийлөгч агаарын бохирдлыг гамшиг гэж зарлалаа. Үнэхээр гамшиг болсон бол үүнийг ямар нэгэн аргаар шийдэх ёстой шүү дээ.

Орон сууцанд амьдарч байгаа иргэдийн орцны ариун цэвэр, гэрэл чийдэн, аюулгүй байдлыг төр уг нь хариуцах ёстой. Өнөөдөр орон сууцанд амьдарч буй иргэд CӨХ гэдэг байгууллага сайн дураараа бий болгоод мөнгө өгч байгаа. Нэг айл сард дунджаар 5000-150.000 төгрөг СӨХ-нд төлдөг юм байна.

Энэ бол тухайн айлын төсөвт тусгагдсан мөнгө. СӨХ-дыг төр өөртөө аваад тэнд ажиллаж байгаа хүнийг ажлаас нь халахгүйгээр цалинжуулаад, цугларсан мөнгийг Цэвэр агаарын санд хуримтлуулж болно. Айлуудаас авч байгаа мөнгөөр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг шийдэх бүрэн бололцоотой гэж үзэж байна.

-Нарны буюу сэргээгдэх эрчим хүчний станц байгуулах судалгаа тооцоогоо бүрэн хийчихсэн гэсэн үг үү. Энэ тухай саналаа холбогдох байгууллагуудад уламжилсан уу?

-Бид судалгаа тооцоо хийсэн. Ийм нэг асуудал гарсан л даа. Манайхыг улс төрийн нам учраас бидэнтэй хамтарч ажиллах эрдэмтдийг оруулсан ажлын хэсэг байгуулж, судалгаагаа дахин нарийвчилж хийгээч гэсэн хүсэлт хотын захиргаанаас тавьсан. Үүнийх нь дагуу МУИС-ийн Хэрэглээний физикийн танхимын багш Амарбаяр, Физик технологийн хүрээлэнгийн сэргээгдэх эрчим хүч хариуцсан эрдэмтэн, доктор Энэбиш, ахмад эрдэмтэн Дарамсэнгэ нар ажлын хэсэгт орсон.

Амарбаяр япончуудтай хамтраад гэр хорооллыг сэргээгдэх эрчим хүчээр хангах ямар боломж байна вэ гэж судалгаа хийсэн. Энэбишийн хувьд энэ чиглэлээр олон улсын байгууллагад ажилласан туршлагатай, сая Дарханы 10 мВт-ын сэргээгдэх эрчим хүчний станцын суурилуулалтыг нь удирдаж ажиллуулсан хүн.

Дарамсэнгэ гуай нарны эрчим хүчний чиглэлээр цол хамгаалсан анхны эрдэмтдийн нэг. Бид судалгааны бүх материалаа нэгтгээд хотын захиргаанд сэргээгдэх эрчим хүч, агаарын бохирдлыг бууруулах хэлтэст албан ёсоор танилцуулна. Ажлын хэсэгт мөн нийслэлээс сэргээгдэх эрчим хүчний асуудал хариуцсан Цолмон гэдэг хүн ажиллаж байна. Бид төр засагтайгаа хамтраад ажиллана.

-Нарны эрчим хүчээр ажиллах 10 станцаа хаана, хаана барих вэ. Хотоос гадагш уу, эсвэл хот дотроо утаа ихтэй бүсүүдэд барих уу?

-Германы нэг мундаг эдийн засагч манай улсад ирээд Улаанбаатарт эдийн засгийн их том эх үүсвэр байна. Энэ бол айл болгонд өгч буй 0.07 га газар гэсэн. Тэгвэл үүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах арга нь айл болгоны хашаанд нарны хавтан суурилуулах юм. Үйлдвэрлэсэн тэр эрчим хүчийг нь төр худалдаж авах ёстой. Хууль нь гарчихсан.

Төр юу гэж үзэж байна гэхээр 10 мВт-ын цахилгаан станцыг Улаанбаатарын ойролцоо барьчихъя. Тэр үед цахилгаанаа үйлдвэрлээд нийлүүлчихнэ биз. Ингэж шийдвэл илүү хурдан гэж үзэж байгаа. Тэгвэл “Монос” ч юм уу, нэг томоохон компани хөрөнгө гаргаад “Бид нарны хавтан байрлуулчихъя. Энэ бол агаарын бохирдлыг бууруулахад манай компанийн оруулж байгаа хувь нэмэр” гээд хөрөнгө оруулбал нүд ирмэхийн зуур л Монголын 10 компани л 18 сая ам.доллар улсаас зээл аваад барьчихна.

Улсаас мөнгөө эргүүлээд авчихна ш дээ. Тал хувийг нь олон улсын сан хариуцчихна. Бидний, Ногоон намын зүгээс тавьж буй санал нь арай өөр.

-Хот дотор станцуудаа барья гэж үү?

-Яг тийм. Гэр хороололд нэг дор зэрэгцээд амьдарч байгаа 5-6 айл байлаа гэж үзье. Арай гайгүй амьдралтай, хашаандаа хоёр давхар байшинтай айл тэнд хоёр байна. Хажууд нь зэрэгцээд хашаандаа нэг гэртэй, амьдралын бололцоогүй нэг айл бас байя гэж бодъё. Тэгвэл амьдралын бололцоо муутай айлынх нь газар дээр нарны хавтан суурилуулчихъя. Тэгвэл энэ айлын өдрийнх нь орлого 10-30 мянган төгрөг болно.

Улс 10 мянгыг нь тухайн айлд өгөөд үлдсэнийг нь нарны хавтангийн төлбөрт аваад байя. Тэгэхээр энэ айл гурван жилийн дараа бүх төлбөрөө төлчихнө. Нэг айл 30 кВт-ын нарны хавтан зоолоо гэхэд өдөрт 35-40 мянган төгрөгийн цахилгаан өдрийн цагаар үйлдвэрлэнэ. Гэхдээ 10 мянгыг нь тэр айлд зүгээр өгөхгүй. Жилд нэг айл 10 мянган төгрөг авах юм бол 360 хоногт 3.650.000 төгрөг болно.

Бидний санал бол үүнд нь нийцсэн жижиг дунд үйлдвэрлэл явуулах төсөл хэрэгжүүлье. Улсын төсөвт тусгагдсан юм хийлгэе. Жишээ нь, модоор ширээ сандал, эсвэл оёдол хийлгэж болно. Тэнд ажлын байр бий болно. Тэр хүн зүгээр мөнгө авахгүй. Улс тэр бүтээгдэхүүнийг нь худалдаж авах үүрэгтэй. Сургуулийн хүүхдүүдийн хувцсыг эхнэр нь оёод, нөхөр нь ширээ хийдэг ч юм уу. Хоёр талтай зарчим үйлчилнэ. Улс өөрийнхөө бүтээгдэхүүнийг үнэтэй худалдаж авахгүй.

Засаг дарга маань 100 мянган ажлын байр бий болгоно гэж ярьсан. Тэгвэл энэ ажил хэрэгжвэл ийм бололцоо бий. 10 мВт-ын цахилгаан станц 10-ыг барина гэж байгаа. Нэг айлын хашаанд 10 кВт-ын хавтан гэж бодоход 10 мянган айлын амьдрал сайжирна. Нэг айлд ажил хийх насны хоёр хүн бий гэж үзэхэд 20 мянган ажлын байр бий болно.

Өөр нэг давуу тал нь нэг айл 30 кВт-ын нарны хавтан зоочихвол өөрөөсөө гадна таван айлын халаалтыг өвлийн саруудад шийдэх бололцоотой. Төр зөвхөн дэд бүтцийнхээ асуудлыг хариуцна. Монголын төрийн оролцоо бол ард иргэдийн үйлдвэрлэсэн цахилгааныг хаашаа борлуулах вэ гэдэг асуудал. Нөөцөлж авч байгаад Оюутолгойд зарж болно.

-Нарны хавтан өндөр өртөгтэй гэж дуулсан юм байна?

-Монголд үйлдвэрлэж байгаа нарны хавтан 100 ватт нь 100 ам.доллар. Сая баригдсан станц 100 ваттыг нь 50 ам.долларын үнэтэй авсан. Бидний харилцаад байгаа, нарны хавтан үйлдвэрлэдэг, Германы хөрөнгө оруулалттай компани Хятадад бий. Тэднийх 100 ватт нь 20 ам.долларын үнэтэй.

Нарны хавтан маш их хэмжээгээр үйлдвэрлэчихсэн агуулахаар нь дүүрэн байна лээ. Хэдэн жилийн өмнө үйлдвэрлэсэн ашигт үйлийн коэффицент нь бага хавтангууд л даа. Гэхдээ 10 жилийн ашиглалтын хугацаатай. Одоо бол дэлхий дахинд газар үнэтэй болчихсон учраас бага зайд их хэмжээний нарны энерги хуримтлуулах бодлого барьж байна.

Манай онцлог бол бидэнд газар байна. Манайхны гаргасан судалгаагаар нэг кВт-ын нарны хавтан зоохын тулд 10 ам метр талбай хэрэгтэй. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (16)

Илгээх

Энэ тухай