Автобусны жолооч нарт дээрэлхүүлсэн зорчигчид

Авто замд гарч буй осол, хэрэг Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд ч тулгамдсан асуудлын нэг болсныг Олон улсын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрчихөөд байгаа. Монголд жилд нэг онгоцны зорчигчийн дайтай хүн зам тээврийн ослын улмаас амиа алдаж буй. Зарлаагүй дайн гэж хэлж болохуйц энэ аюулын эсрэг монголчууд бид юу хийж чадах вэ, ямар гарц, гаргалгаа байгааг хөндөхийн тулд “Өнөөдөр” сонин хэлэлцүүлэг өрнүүлж байгаа.

Монгол Улс зам тээврийн ослын улмаас амиа алдаж буй үзүүлэлт буюу 100.000 хүнд ногдох нас баралт 21 байгаа нь Азийн орнууддаа эхний тавд эрэмбэлэгджээ. Тэр дундаа хүүхэд эрсдэх нь нэмэгдэж буй тул сэтгэл эмзэглүүлсэн үзүүлэлт болов. Осол хэргийн тоо ийм өндөр гарч байгаа нь жолооч, замын хөдөлгөөнд оролцогчдын ухамсар, сэтгэхүй, соёлтой шууд холбоотой.

Хотын соёлын нэгээхэн хэсэг бол нийтийн тээврийн үйлчилгээ байдаг. Манай нийтийн тээврийн үйлчилгээний талаар ам сайтай хүн нэгээхэн ч үгүй гэдэгтэй олон хүн санал нийлэх биз.

ХӨГШИН АВТОБУС ИМПОРТОЛДОГ ЗАХИРЛУУДАД УХАМСАР АЛГА

Замын хөдөлгөөнд оролцож буй автобуснуудын ард дагаж явсан машины жолооч нар угаартаж ухаан алдаж унахад ойрхон болдог. Өмнө замаа харахаа больж бөөн утаан дунд зүг чигээ алдах магадлал ч өндөр. Утаан дунд нь явган зорчигч орж ирээд автобусны араас явж буй машинд мөргүүлэхэд байг гэхээргүй болсон. Энэ их утаа тортог нь мэдээж автобусны насжилттай холбоотой. Үүнийг автобусны жолооч нартай холбохоосоо илүүтэйгээр тухайн нийтийн тээврийн компанийн удирдлагын буруу гэж хэлж болно.

Өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй том оврын автобуснуудын дийлэнх нь БНСУ-д олон жил (10-аас дээш жил) үйлчилгээнд явсан байдаг гээд хэлчихэд хилсдүүлсэн болохгүй. Үнэ хямд болоод ч тэр үү, насжилт өндөртэй тээврийн хэрэгсэл худалдан авч, Монгол руу ачуулж буй. Дизель түлшээр ажилладаг тээврийн хэрэгслүүд мэдээж утаа тортог их ялгаруулж, Улаанбаатарын утаанд их хувь нэмэр оруулж байгаа. Автобус компанийн удирдлагыг “Эдийн засгийн нөхцөл бололцоогоороо л хямд автобус оруулж ирж байна” хэмээн өмөөрөх хүмүүс мэдээж гарч ирнэ.

Хямд үнээр олныг авчирч байхын оронд хурааж хуримтлуулж байгаад нас залуу автобус авчирвал болохгүй гэх зүйлгүй. Мэдээж татварын хөнгөлөлт энэ тэр гээд бага насжилттай нийтийн тээврийн хэрэгсэлд давуу тал гарч ирмээр. Гэвч хотын утааг бууруулах, замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх талаар нийтийн тээврийн компанийн захирлууд юу ч хийдэггүй. Хотын төсвөөс, татвар төлөгчдийн мөнгөнөөс л ахиухныг хүртэхээ урьтал болгодог гэхэд болно.

Ганц, хоёрхон жилийн өмнө дөө. Нийтийн тээврийн үйлчилгээнд томоохонд тооцогдох 2-3 компанийн захиралд ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэсэн. Автобусуудаа үйлчилгээнд гаргаагүй атлаа явуулсан мэт харагдуулж, жижиг машинд GPS төхөөрөмжөө аччихаад төсвөөс мөнгө авч байсан дуулиан дэгдсэн. Гэвч тэр хэрэг яаж шийдэгдсэн нь тодорхойгүй, төрийн мөнгө завшсан хүмүүс баяжаад л өнгөрсөн.

Өөр нэг компанийн захирал автобусныхаа насыг залуужуулаад хөдөлгөөнд оролцуулж байсан явдал ч бий. Энэ мэтээр нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компанийн удирдлагатай нь ярих асуудал бишгүй.

Наад захын жишээ татъя. ЗЦГ-т ажиллаж байсан бэлтгэл дэд хурандаа С.Энхтөр өөрийн фэйсбүүк хуудсандаа нэг бус удаа бичиж, эрх бүхий албан тушаалтнуудыг анхааралдаа авахыг сануулж байсан. Тэр нь юу вэ гэхээр төмөр гупер (буфер). Албан ёсны нэршил нь буллбар (bullbar) гэх том том төмөр гуперүүд.

Буллбар бол бартаат замын автомашинуудад шавар шавхай, цас хунгарыг түрж давах, үл хөдлөх зүйл болон мал амьтан мөргөх, цохигдоход автомашины эд анги болон зорчигчдыг гаднын цохилт доргилтоос хамгаалах зориулалттай тоноглол. Зарим улс орон хот дотор хөдөлгөөнд оролцдог автомашинуудад ийм хамгаалалт, тоноглол хийхийг хориглосон байдаг аж. Гэтэл манайд нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусуудад ийм тоног суурилуулчихсан байна.

Автобуснуудынхаа эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлж ийм тоноглол тавиулж байгаа гэх ам дамжсан яриа байдаг юм билээ. Судалгаагаар 25км/ цагийн хурдтай явж байгаа буллбар хамгаалалттай автомашинд мөргүүлэхэд 40км/ цагийн хурдтай яваа энгийн машинд мөргүүлсэнтэй адил гэмтдэг гэнэ.

Тэгэхээр нягтаршил ихтэй хотын замын хөдөлгөөнд оролцдог нийтийн тээврийн автобуснууд ийм тоног зүүчихээд үйлчилгээнд явж байгаа нь хөдөлгөөний аюулгүй байдал, тэр дундаа явган зорчигч нарт санаатайгаар заналхийлж буй гэсэн үг. Ингэж заналхийлэх аргыг автобус компанийн удирдлагууд нэвтрүүлсэн гэхэд ч хилсдэхгүй. Тэдний өөр нэг зэвсэг бол хийн дуут дохио. Дуут дохио хэрэглэх дүрэм, журмыг зөрчөөд жолооч нар буудал болгон дээр шахуу орилуулдаг.

Эмнэлгийн орчимд ингэж орилуулах нь хэвийн үзэгдэл. Нийтийн тээвэрт нэвтрээд байгаа эдгээр тоноглолын учрыг олох гэж Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийнхэн ажиллаж эхэлсэн ч зөвхөн дүүргийнхээ нутаг дэвсгэрт явж байгааг л хянана. Нийслэлийн хэмжээнд хянаж чадахгүй гэсэн үг. Тиймээс зөвхөн Замын цагдаагийн албаар тогтохгүй нийслэлийн Нийтийн тээврийн газрынхан ч анхаарах ёстой болж байна.

ЗӨВШӨӨРӨЛТЭЙ “АЛУУРЧДЫГ” БЭЛТГЭДЭГ ТОГТОЛЦООГ ШИНЭЧЛЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

Өнөөдөр жолооны ард суугаа хэн бүхэн ганцхан буруу үйлдэл хийвэл “алуурчин” болж хувирдаг. 18 нас хүрээд жолооч болдог шүү дээ, манайд. Гэхдээ жолооч бэлтгэх дамжаанууд Замын хөдөлгөөний дүрмийн тест бөглүүлж, их л сайндаа 21-45 хоног суулгана. Зарим тохиолдолд дамжаанд суулгүй үнэмлэх авах нь ч бий. Ингээд л хотын хөдөлгөөнд замбараагүй оролцож эхэлдэг.

Харин өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй жолооч нарыг бэлтгэж буй байдал түгшүүр төрүүлж байна. “Д” ангиллыг 21 нас хүрсэн хүн авч болохоор хуульчилсан. Жилд 50-60 мянган хүн шинээр жолооны үнэмлэх авдаг. Тэдний 3000 орчим нь “Д” ангилалтай болсон гэх мэдээлэл бий. Ийм ангилалтай болохын тулд 14-21 хоног давтан дамжаанд сууж байж, дүрэм болон дром дээр автобус жолоодох шалгалт өгсний дараа авчихдаг. Маш амархан байгаа биз.

Машин жолоодох хорхой нь дарагдаагүй залуус олон хүний амь насыг хариуцаад явах болж байгаа. Автотээврийн газар гэдэг байгууллагаас мэргэшсэн жолооч бэлтгэх бизнесийг зохион байгуулдаг болсон. Автобусны жолооч нар мэргэшсэн байх шаардлагатай нь гарцаагүй.

Гэтэл мэргэшүүлж байгаа нь гээд 200.000 төгрөг аваад 21 хоног зорчигчтой хэрэлдэж муудалцаж болохгүй, автобус дотроо тамхи татах ёсгүй гэх мэт ойр зуурын л юм заасан болоод үнэмлэх олгочихдог гэдгийг автобус компанийнхан ч, замын цагдаагийнхан ч хэлж байна. Тэгэхээр нийтийн тээврийн жолооч хэмээх тусгай зөвшөөрөлтэй “алуурчдад” амиа даатгаад явж буй нь аймшиг биш гэж үү.

Нөгөө мэргэшсэн жолооч нар нь өнөөдөр замын хөдөлгөөнд яаж оролцдогийг жолооч болгон л мэднэ, тэднээс болж бухимддаг шүү дээ. Бүхэл бүтэн нэг эгнээг суллаж өгчихөөд байхад хоёр, гуравдугаар эгнээ рүү дайрч, суудлын автомашины жолооч нарыг айлгаж сүрдүүлэн, хүч түрэмгийлэн ордог. Замын голд хөдөлгөөн хааж зогсон эсрэг урсгалд яваа жолооч нартай “хууч хөөрнө”. Утсаар ярих бол хэвийн үзэгдэл.

Суудлын автомашинтай жолооч нар утсаараа ярьж байгааг замын цагдаагийнхан харвал бөөн олз. Гэтэл автобусны жолооч нар утсаар ярьж байхад ямар ч арга хэмжээ авахгүй өнгөрөөнө. Буудал дээрээ очоод огцом тоормослож зорчигчдыг унагах, гэмтээх явдал бий. Хүн нь багтахаа больчихоод байхад чихэж оруулахын тулд ингэж огцом тоормослодог гэх.

Үүнээс нь болж автобусны буудал дээр халтиргаа гулгаа үүсэж, ар араасаа мөргөлдсөн осол цөөнгүй гардаг. Дээхнэ үед автобусны жолооч нар буудалд орж ирээд тоормослосон нэгнээ ихэд зэмлэдэг байсан гэлцдэг. Буудал ойртоход хурдаа сааруулж, инерцээр нь зөөлөн урагшлуулсаар зогсоолдоо ордог байсан гэх юм билээ. Өнөөдөр бол хурдтай давхиж ирээд л огцом тоормослож байгаа шүү дээ.

Утаан хөшиг кабин дотроо суунаглуулна. Уг нь Тамхины хяналтын тухай хуулийн есдүгээр зүйлд нийтийн тээврийн унаанд тамхи татахын хориглосон заалт байсаар атал түүнийг зөрчөөд, шаардлага тавьсан зорчигчийг хэл амаар доромжилж хөөж буулгах шахна. Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч тамхи татаж болохгүйг сануулан шаардлага тавихад дунд хуруу харуулаад зогсохгүй, автобусаараа шахаж дарамтлах явдал өчнөөн.

Авто тээврийн газраас мэргэшүүлсэн жолооч нарынх нь байдал ийм байгаа нь түмний нүдэнд илхэн. Хэдэн жилийн өмнө “Сургалтын” гэсэн хаягтай автобус, троллейбус хотын гудамжаар цөөнгүй явж харагддаг байсан. Өнөөдөр тэгж жолооч нарыг сургаж буй явдал алга. Одоо бүр байсаар олон хүний амь нас хариуцаж яваагаа умартан савангийн дуурь үзэнгээ хөдөлгөөнд оролцож байна. Энэ аймшиг биш гэж үү.

Нийтийн тээврийн жолооч нар зөвхөн 2016 онд 843 удаа осол гаргаж, үүний улмаас 12 хүн нас баржээ. Үүний зургаа нь явган зорчигч гээд бод доо. Гэмтсэн хүний тоо нь 150-д хүрсэн байгаа юм. Жолооч нар зорчигчоо чирч унагадаг, хаалгандаа хавчуулдаг, автобуснууд мөргөлдсөнөөс зорчигч гэмтдэг гээд тоочвол өчнөөн жишээ бий.

Хүний амь хариуцаж яваа автобусны жолооч нар ийм байдалд хүрсний шалтгаан нь тодорхой. Микроавтобуснуудыг үйлчилгээнээс хассанаар тэнд явж байсан олон жолооч том оврын автобусны жолоог мушгих болсон. Тэгээд л нөгөө уралддаг, хүнээ булаацалддаг нь ийшээгээ халдсан гэдэг.

Манай хэлэлцүүлгийг дэмжиж буйгаа илэрхийлсэн Албан журмын даатгагчдын холбооноос гаргасан тоон мэдээллээс үзэхэд зөвхөн “Д” ангилалтай жолоочийн гаргасан ослоос болж 2015 онд 948 сая гаруй төгрөгийн нөхөн төлбөр хохирсон иргэдэд олгожээ. 2016 онд 753 сая төгрөг хохирогчдод олгосон аж. Жилд дунджаар 1500 гаруй осол, зөрчил “Д” ангиллын жолооч нар гаргасны олонх нь нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусныхан.

Удаа дараа осол, зөрчил гаргадаг, байнга нөхөн төлбөр гаргуулдаг “Сутайн буянт”, “Тэнүүн огоо” зэрэг компанийн жолоочийг даатгахгүй гэх тохиолдол ч зарим даатгалын компани гаргаж буй дуулдсан. Энэ юуг харуулж байна вэ гэхээр нийтийн тээврийн компаниудын жолооч нарын сахилга, хариуцлага ёс зүйг илтгэж буй хэрэг. Нийтийн тээврийн автобуснуудын жолооч нар даатгалаасаа мөнгө гаргуулчих юм чинь гээд осол, хэрэгт холбогдсон ч үл ойшоодог явдал газар аваад байна.

Тиймээс л “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн жолооч нар 197 удаа осол, хэрэгт холбогдчихоод юу ч болоогүй юм шиг авирлаж байна. “Эрдэм транс”, “Тэнүүн-Огоо” компанийн жолооч нар осол, хэрэгт холбогддог тоон үзүүлэлтээрээ төрийн өмчит аж ахуйн нэгжийн араас нэхэж байна. Автобусны жолооч нарыг ухамсартай, хүний төлөө гэсэн сэтгэлтэй байлгахын тулд иргэд, байгууллагад учруулсан хохирлыг нь өөрсдөөр нь төлүүлдэг тогтолцоотой болгомоор санагдана.

Жолооч, компанийн удирдлагын хэтэвчтэй нь, үйл ажиллагаа явуулах эрхтэй нь хатуухан хариуцлага тооцож байж, жилд гарч буй 31 мянга гаруй зөрчил, 800 гаруй ослыг бууруулах боломж бий.

Тэгэхээр нийтийн тээврийн жолооч бэлтгэх тогтолцоо, автобус компаниудад тавих шаардлага, импортолж буй том оврын автобусны насжилт зэрэгт төрөөс дахин дахин анхаарал хандуулах хэрэгтэй байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

Илгээх

Энэ тухай