Эрсдэлээр дүүрэн эвдэрхий зам

Элдэв нүх цоорхойгүй, халтиргаа гулгаагүй, тэмдэг, тэмдэглэгээ нь бүрэн, хажуугийн хөвөө нь бүтэн, гүүрээр нь гарч, даваа гүвээг нь давахад ямар ч аюул саадгүй замыг зорчиход бэлэн гэж энгийнээр тодорхойлж болохыг салбарын мэргэжилтэн хэлэв. Тэгвэл Монгол Улсын хаашаа ч зорчсон цоорч, нүх үүссэн замтай тааралдана.

Замын нүхийг сүлжихдээ, эсвэл дайрч, тас нясхийлгээд өнгөрөхдөө “Их татвар хураамж авдаг хэрнээ замынхаа цоорхойг бөглөчихөд яадаг байна аа” гэж халагладаггүй жолооч ховор. Ялангуяа хөдөө орон нутгийн замд эвдэрхий элбэг тохиолдоно. Нүдэнд ил харагддаг учраас л замын цоорхойг бид анзаардаг.

Эвдрэлээс гадна замын нурсан хөвөөг нь сэлбэж, халтиргааг нь арилган, үерийн ус зайлуулах хоолойг нь цэвэрлэж, цагаан зураас татан, анхааруулах тэмдэг зоож байж иргэдийн аюулгүй зорчих нөхцөл бүрддэг юмсанж. Огцом эргэлттэй зам байлаа гэхэд өмнө нь анхааруулах тэмдэг зоогоогүй бол жолооч хурдаа сааруулахгүй давхиад эргэж амжилгүй “нисчих” магадлал бий.

Авто замаас шалтгаалсан осол 2015 онд 49 гарчээ. Үүний 14 нь нийслэлд, 35 нь хөдөө орон нутгийн замд гарсан байна. Тэгвэл 2016 онд авто замын бэлэн биш байдлаас үүдсэн осол 38 гарав. 25 нь нийслэл, 13 нь орон нутгийн замд осолджээ. Нийт зам, тээврийн осолтой харьцуулахад авто замын эвдрэлээс шалтгаалсан осол өчүүхэн бага. Хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж байгаа учраас бага гээд хайхрахгүй өнгөрч болохгүй.

Авто замаас үүдэлтэй осол нэгийг ч гаргахгүйн төлөө хичээх ёстой. Ялангуяа орон нутгийн замд гарч байгаа ослын нэлээд нь авто замаас шалтгаалах нь бий. Гэсэн ч хурд хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр жолооч бурууддаг. Манай улс гуравдугаар зэрэглэлийн замтай. Үүгээр 80 км/цагаас илүү хурдтай зорчих хориотой. Гэтэл монголчууд, ялангуяа суудлын тэрэгтнүүд 100 км/цагаас дээш хурдтай зорчиж хэвшсэн.

Хурд хэтрүүлж яваад замын нүх дайрч, урд дугуй нь хагараад, “шидэгдсэн” тохиолдол бишгүй. Авто замаас үүдэж, осол гардаг цэгүүд ч олон бий. Тухайлбал, Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто замын Борнуурын гүүр, Тахилтын даваа, Сэтэрхийн хөтөл зэрэг газарт үзэгдэх орчин хязгаарлагдмал, хажуугийн хөвөө стандарт бус учраас осол их гардаг “хар цэг”-т тооцогддог.

Авто замын салбарынхан замаа зорчиход бэлэн байлгаж чадаж байна уу гэвэл үгүй. Тэд үүрэгтэй ажлаа хийхгүй байгаадаа биш, хамгийн гол нь хөрөнгө санхүүдээ хавчигдаад замаа бэлэн байлгаж чаддаггүй аж. Улсын чанартай буюу Улаанбаатар, аймгийн төв, боомтуудыг холбосон 12 мянган км авто замын арчлалт, урсгал засварт жилд 65.9 тэрбум төгрөг зарцуулах шаардлагатай гэнэ. Гэтэл энэ жил замаа арчил гэж 10 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Үүнийгээ авто замын засвар, арчлалтын 28 компанид хуваарилна. Ингэхээр дунджаар нэг компанид 300 сая төгрөг ногдох юм. Шаардлагатай санхүүжилтээс нь тав дахин бага мөнгө төсөвлөчихөөд “Замаа зассангүй” гэж “зэмлэх” хэцүү. “Багахан төсвөөрөө үнэхээр зайлшгүй шаардлагатай засвар, арчилгаагаа хийдэг” гэж Зам, тээврийн хөгжлийн яамны хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ ярив. Хангалттай мөнгө төсөвлөчихвөл зам цоорхойгүй, зорчиход аюул саадгүй болно. Энэ бол энгийн логик.

Улсын чанартай авто замаар зорчиход 18 цэгт төлбөр хураадаг. 12 хүртэл суудалтай тээврийн хэрэгслээс 1000, 12-24 хүртэл суудалтайгаас 2000, үүнээс дээш бол 3000 төгрөгийн хураамж авдаг аж. Мөн ачааны машинаас бодит жин, тэнхлэгээс хамаарч 2-10 мянга, мотоциклоос 500 төгрөгийн хураамж татдаг. Тээврийн хэрэгслийн хураамжаас улсын Авто замын санд жилд 3.8 тэрбум төгрөг төвлөрдөг байна.

Үүний 800 сая төгрөгөөр нь хураамж авах цэгийн ажилтан, гүүрний манаач нарыг цалинжуулдаг аж. Үлдсэн гурван тэрбум төгрөгийг нь зам засвар, арчлалтад зарцуулна. Засгийн газраас улсын чанартай авто замыг арчлахад энэ жил долоон тэрбум төгрөг өгч, нийт төсөв нь 10 тэрбум болсон хэрэг. Улсын чанартай авто замыг засаж, арчлахад зориулж, 2014 онд 22, 2015 онд 18, 2016 онд 20 тэрбум төгрөг төсөвлөсөн байдаг.

Гэтэл энэ жил 10 тэрбум төгрөг хуваарилжээ. Улсын чанартай нийт замын 5000 гаруй км нь хатуу хучилттай. Одоо 900 км зам тавьж байна. Сайтар арчлах шаардлагатай замын хэмжээ нэмэгдээд байхад засаж, янзлах төсвийг нь хоёр дахин танаж буй нь хачирхалтай.

Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийслэлийн авто зам гэсэн ойлголтыг тусгаж буй. Нийслэлийн авто замыг засаж, арчлахад энэ жилд 21.3 тэрбум төгрөг зарцуулах нь. Үүнээс орон сууц болон гэр хорооллын доторх замыг шинэчлэхэд 5.8, уулзваруудын нэвтрүүлэх чадварыг сайжруулахад 4.5 тэрбум төгрөгийг нь хэрэглэнэ. Тэгэхээр төсвийнхөө тэн хагасаар нь л нийслэлийн замуудыг арчилж, аюулгүй зорчиход бэлтгэнэ гэсэн үг.

Монголын авто замын инженерүүдийн нийгэмлэгийнхэн 2015 онд судалгаа хийж, Улаанбаатарын авто замыг засаж, арчлахад жилд 23 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэсэн тооцоо гаргажээ. Тэгэхээр нийслэлийн Авто замын газар төсөвтөө захирагдан, хийвэл зохих засвар, арчлалтынхаа тэн хагасыг л гүйцэтгэх нь.

Хотын төвийнхөө замуудын хагархай, цоорхойг нөхөөд, захын хорооллынхыг орхих төсөв тэдэнд өгчээ. Нийслэлийн авто замын 80 хувийг шинэчилчихээд байна. Тиймээс улсын чанартай авто замынхаас нийслэлийнх арай дөнгүүр байх нь дамжиггүй. Гэхдээ л нийт хүн амынх нь тэн хагас нь амьдардаг хотынхоо замыг бүрэн засаж, арчлах хөрөнгө төсөвлөхөөс гар татаж буй нь харамсалтай.

Улсын хэмжээнд нийт 850 мянган авто тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Татварын ерөнхий газрын мэдээллээр 2016 онд 532 мянган машинаас авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлсөн гэнэ. Ингэснээр авто тээврийн хэрэгслийн татвараас 31.8, агаарын бохирдлын төлбөрөөс 1.5 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Үүнээс нийслэлд бүртгэлтэй 351 мянган тээврийн хэрэгслээс 22.4 тэрбум төгрөгийн татвар хураасан аж.

Нийслэлийн Авто замын санд 2016 онд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн авто зам ашигласны төлбөрөөс 9.4 тэрбум, шалган бүртгэх товчоодын авто зам ашигласны төлбөрөөс 351.5, төлбөртэй зогсоолоос 99.6 сая төгрөгийн орлого оруулжээ. Авто замын санд төвлөрч буй хөрөнгөн дээр нийслэлд бүртгэлтэй Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн татварыг нь нэмээд өгчихвөл Улаанбаатар хотын замыг засах, арчлах төсөв хүрэлцээтэй болно. Иргэдийн аюул саадгүй, алдаа эндэгдэлгүй зорчих боломжийг нь хангахын тулд төлсөн татварыг нь өөрсдөд нь зарцуулбал дээр биш үү.

Үүнээс гадна улсын чанартай авто замаа засаж, арчлан, аюулгүй зорчих бэлэн байдлыг нь хангах санхүүжилтийн механизм хайх хэрэгтэй. Улаанбаатарт бүртгэлтэй тээврийн хэрэгслүүд ч улсын чанартай авто зам ашигладаг. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар хураахдаа бүх машинаас улсын чанартай авто зам ашигласны хураамж авч, Авто замын санд цуглуулж болно. Мөн улсын чанартай 12 мянган км замын дагуу 18-хан байдаг хураамж авах цэгийнхээ тоог нэмэгдүүлэх хэрэгтэй.

Хураамж авах цэгийн тоог нэмэгдүүлбэл Авто замын санд төвлөрөх хөрөнгө өсөх нь дамжиггүй. Үүнээс өөрөөр санхүүжилт босгох сонирхолтой хувилбар дэвшүүлж ч болно. Тээврийн хэрэгсэлд улсын дугаар шинээр олгохдоо дуудлага худалдаа явуулж, замын санд хөрөнгө төвлөрүүлэх боломж бий. Өдгөө “9999” гэсэн авто тээврийн улсын дугаарыг иргэд хоорондоо 20 сая төгрөгөөр наймаалцаж байна. 2222 УБ... гэсэн дугаарыг долоон сая төгрөгөөр худалдан авч, үнэтэй машинаа “чимэглэсэн” хүнтэй ч таарлаа.

Азын хэмээн нэрийддэг улсын дугаарыг яагаад дуудлага худалдаагаар борлуулж, Авто замын санд хөрөнгө төвлөрүүлэн, замаа өөд нь татаж болохгүй гэж. “Азын дугаар” нь авто тээврийн салбарын үе үеийн удирдлагуудын “албан тушаалын бизнес” байсан нь нууц биш шүү дээ. Эвдэрхий, засаж сэлбээгүй, тэмдэг, тэмдэглэгээгүй зам дээр эрсдэл дүүрэн байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай