Хуульгүй явган зорчигчдыг номонд нь оруулах цаг болжээ

Явган хүний гарц дээр зогсож байсан хүмүүс хэдхэн секундийн дараа асах ногоон гэрлийг хүлээж тэвчилгүй машины завсар зайгаар гүйлдэн одохыг гадаадынхан гайхсан нүдээр харж зогсохтой бишгүйдээ л таарч байлаа. Машин цөөтэй, завсар зайгаар нь зам гарчих боломжтой байхад заавал ногоон гэрлээр явах гээд зогсож байдаг тэдний номын занг монголчууд бас гайхна. Харин жолооч нарын хувьд хэзээ ч, хаанаас ч гарч ирээд урдуур нь гүйж мэдэх “зэрлэг омгийнхон” байнгын түгшүүр дагуулж, хэдхэн алхмын цаана гарц байхад зам дээр “бэлчдэг” хэнэггүйчүүд уцаарыг нь бардаг билээ. Мөрөөрөө, дүрмээрээ, ямар ч буруу зүйл хийгээгүй явж байгаад хэрэгтэн болох эрсдэлийг тэд нэмэгдүүлдэг болохоор тэр.

Замын хөдөлгөөнд оролцогч гэдгийг бид жолооч, машины тухай гэж ойлгох нь түгээмэл. Харин явган зорчигчийг жолоочтой яг адилхан замын хөдөлгөөнд оролцогч субъект гэдгийг тэр бүр тооцдоггүй. Жилдээ хэдэн зуун хүний амь авч оддог, эрүүл мэнд, хөрөнгө санхүүгийн үлэмж хохирол учруулдаг зам, тээврийн осол хэмээх энх цагийн дайны тухай ярихдаа жолоочийг л авч хэлэлцэхээс биш, явган зорчигчийн зөв, бурууг дэнслэх нь бага.

Гэтэл явган зорчигчийн буруугаас болсон зам тээврийн осол буурахгүй, харин ч нэмэг дэх хандлагатай байна. Тухайлбал, улсын хэмжээнд гарсан зам, тээврийн осолд явган зорчигчийн буруугаас үүдсэнийг нь хувиар илэрхийлбэл, 2012 онд 2.9, 2013 онд 2.6, 2014 онд 4.6, 2015 онд 3.4, 2016 оны эхний хагасын байдлаар 2.8 хувь байсан гэсэн статистик бий.

Хайхрамжгүй, хэнэггүй нь дэндсэн, түүнийхээ төлөөсөнд амь нас, эрүүл мэндээ өгдөг явган зорчигчдын түгээмэл гаргадаг зөрчлийг замын цагдаагийнхан тодорхойлжээ. Явган хүний гарцын шугам, гарамгүй газраар зам хөндлөн гарах, гэрлэн дохио зөрчих, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гүйх, автомашин, автобуснаас буугаад урдуур нь тойрч зам руу орох, замын зорчих хэсэг дээр буюу зорчих хэсгийн захаар явах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын зорчих хэсэг дээгүүр явах, хэвтэх, замын голоор тавьсан тусгаарлах хайс, хашлагыг давах, шургах, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжгүй оролцох (зам хөндлөн гарахдаа гар утсаар ярих, чихэвчний хөгжим сонсох, мессеж бичих гэх мэт) зэрэг нь автомашинд дайруулж, мөргүүлэх, зам, тээврийн осолд өртөх шалтгаан болж буй.

Замын хөдөлгөөний дүрэмд дээрх үйлдлүүдийг бүгдийг хориглосон. Иргэд дүрмээ мэддэг, мөрддөг бол явган зорчигчоос шалтгаалсан зам, тээврийн осол тодорхой хэмжээгээр буурах боломжтой гэсэн үг. Замын хөдөлгөөний хууль, дүрмийн мэдлэг дутмаг, замын хөдөлгөөнд оролцох соёлгүй, согтуугаар хөдөлгөөнд оролцож буй нь өөрсдийн амь нас, эрүүл мэндээрээ хохироод зогсохгүй бусдыг эд хөрөнгө, эрх чөлөөгөөр нь хохироох үндэс болж буй тухай, явган зорчигчид тооцох хариуцлагын тогтолцоог нэг мөр болгохгүй бол тэд замын хөдөлгөөнд оролцох зөв хандлага, дадал эзэмшихгүй байгаа талаар замын цагдаагийн газрынхан байнга хэлж, анхааруулсаар ирсэн.

Ялангуяа өнгөрсөн жилээс хэрэгжиж эхэлсэн, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад ихээхэн ахиц гаргана хэмээн хүлээж байсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль дахь явган зорчигчид хариуцлага тооцох хэсгийн хэрэгжилт туйлын хангалтгүй, зарим нь огт хэрэгжих боломжгүй байгаа талаар ярьж буй юм. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд явган зорчигчид шийтгэл ногдуулах хэд хэдэн заалт бий.

Эхнийх нь, 54.3-д замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ явганаар болон тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцвол иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулахаар заасан.

Тухайн үедээ хамгийн их шүүмжлэл дагуулж байсан уг заалт хэрэгжих боломжгүй, хэрэггүй зохицуулалт гэдэг нь амьдралын шалгуураар батлагдаад байна. Уг заалтаар хүнийг, ялангуяа явган зорчигчийг буруутган шийтгэх боломжгүй бөгөөд утгагүй.

Мөн 54.4-т явган зорчигч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр, 54.5-д явган зорчигч согтуугаар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох заалт бий.

Хууль хяналтынхан энэ хоёр заалтыг сахиулах гэж нэг хэсэг ажилласан. Харамсалтай нь, хүн хүчний болон техник, эдийн засгийн боломжгүйгээс тэгсхийгээд орхисноор явган зорчигчид өөрсдийгөө болон бусдыг зам, тээврийн ослын хохирогч болгох эрсдэлийг нэмэгдүүлэн, ямар ч хариуцлага хүлээхгүй зам дээгүүр чөлөөтэй “бэлчсээр” байна.

Уг хуулийн 54.6-д эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүргээ биелүүлээгүйгээс замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчилд хүргэсэн бол эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулах заалт бий.

Хүмүүсийн тэр бүр мэддэггүй энэ заалтын шийтгэл оновчтой юу, үгүй юү гэдгийг эргэж харах шаардлагатай, хэдий өөрсдийнх нь буруугаас хүүхэд нь гэмтсэн байлаа ч эцэг, эхийг нь торгох заалтыг хэрэгжүүлэх хүндрэлтэй байгаа талаар замын цагдаагийнхан хэлж буй юм.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн явган зорчигчид хариуцлага тооцох хэсэг огт хэрэгжихгүй өнөөг хүрч буйгаас хууль зөрчсөн явган зорчигчид ногдуулах шийтгэл оновчгүй, хэрэгжүүлэх боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрэхээр байна. Хуулиа хэрэгжүүлэх талаар арга хэмжээ авах, огт хэрэгжих боломжгүй заалтуудыг нь амьдралд ойртуулан өөрчлөх шаардлага байгааг хаана хаанаа анхаарч, хуульгүй явган зорчигчдыг номонд нь оруулах цаг болжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

Илгээх

Энэ тухай