Зам бэлчээр бус, бид мал биш

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн II хорооны нутаг, Нарангийн голын эцсийн буудлын ойролцоо явж байсан явган зорчигч Б-г “Хьюндай элентра” маркийн автомашины жолооч мөргөж гэмтээгээд, зугтжээ. Тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсийнхэн машиныг эрэн сурвалжилж, төд удалгүй илрүүлэв. С хөл дээрээ зогсох чадваргүй болтлоо архи уусан атлаа машин жолоодож, Б-г мөргөжээ.

Энэ мэт зам, тээврийн осол өдөр бүр гарч, хэн нэгэн насан туршдаа бусдын асаргаанд орж, зарим нь хорвоог орхиж буй. Замын цагдаагийн албаны жижүүрийн утсанд 6-10 минут тутамд ослын нэг дуудлага ирдэг гэх статистикаас өдөрт зам, тээврийн осол, зөрчил хэчнээн гардгийг тооцоолж болно. Хэрэв жолооч нар Замын хөдөлгөөний хуулиа мөрддөг болчихвол осол гарахгүй гэдгийг хөдөлгөөн зохицуулагч нар хэлж байна.

Хот, суурингийн дундах замд гүйцэж түрүүлэх, сургууль, цэцэрлэгийн орчимд хэт хурдтай явж болохгүй, эгнээ байраа солихдоо заавал дохио өгөх ёстой гэдгийг жолооч болж буй хүн бүрт заадаг. Гэтэл үүнийг хэрэгжүүлдэг жолооч ховор. Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, ахлах дэслэгч Х.Батхишиг “Жолооч нар нэгэндээ зам тавьж өгнө гэсэн ойлголт байхгүй. Өнөөдөр замын цагдаа нар бараг л зогсоолд очиж хөдөлгөөн зохицуулах нь дутуу байна. Цагдаа харахаараа дүрэм мөрдөж, байхгүй бол зөрчдөг байдлаа засах хэрэгтэй. Хөдөлгөөний ачаалал ихтэй байгааг харсаар байж шар гэрлээр яваад л орчихно. Ингээд нөгөө урсгалаа хааж, түгжрэл үүсгэн осол гаргадаг. Наад захын дүрмүүдийг хэрэгжүүлэх бололцоо бүрэн бий. Тиймээс зөрчсөн хүнд өндөр шийтгэл ногдуулах шаардлагатай байна. Замын түгжрэл үүсгэж, осол гаргаж буй нэг шалтгаан бол бүрэн бус техникээр хөдөлгөөнд оролцох явдал. Бүрэн бус техниктэй хөдөлгөөнд оролцож, осол гаргавал санаатай үйлдэл гэж шийтгэх хэрэгтэй” гэж ярив.

Түүний хэлснээр сүүлийн жилүүдэд цагдаа нар орон сууцны хороолол, хотхоны ойролцоох замын хөдөлгөөнийг зохицуулдаг болсон гэнэ. Учир нь жолооч нар явган зорчигчид хэзээ ч зам тавьж өгдөггүй аж. Явахыг зөвшөөрсөн гэрэл асаж, гарцаар гарч явсан хүн машинд мөргүүлсэн тохиолдол ч олон гэнэ.

Тээврийн прокурорын туслах Ц.Дагвадорж “Нэг үеэ бодвол нийслэлийн замын сүлжээ сайжирлаа. Нүхэн болон гүүрэн гарц хэд хэдийг барьж, авто замыг өргөтгөн, уулзваруудын нэвтрүүлэх чадварыг сайжруулсаар байна. Мөн замын цагдаа нар урьдчилан сэргийлэх ажлаа зөв, оновчтой явуулсны дүнд зам, тээврийн осол буурч байгаа.

Тэгэхээр осол гарахгүй байх боломж бий. Явган зорчигч, жолооч хоёр Замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөх учиртай. Гэтэл аль алинд нь алдаа дутагдал байна. 2016 онд 400 гаруй хүн нас барж, 1200 орчим хүн гэмтжээ. Нас барсан хүний 50 гаруй нь хүүхэд байлаа” гэж ярив.

Гарцаар зам гараагүй иргэнийг торгох тухай ярьж, хууль, дүрэмдээ ч арга хэмжээ авах талаар тусгасан. 2015 оны долдугаар сард баталсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд тусгаж, гарцгүй хэсгээр зам хөндлөн гарсан иргэнийг 19.200 (2017 оны нэгдүгээр сарын 1-нээс 24.000) төгрөгөөр торгохоор болсон. Гэвч “Монголын хууль гурав хоног” гэгчээр тухайн үед Хархорин, Саппоро орчимд гарцаар гараагүй хэдхэн хүнийг торгосныг эс тооцвол огт хэрэгжээгүй.

Өдгөө хүүхдээ чирсэн эцэг, эхчүүд зам дээгүүр өглөө бүр “бэлчдэг” болов. Томчуудтай хамт дүрэм зөрчсөн багачууд дараа нь хууль зөрчигч болж, осолд орох нь элбэг. “Арав хүртэлх настай хүүхдийг харгалзах хүнгүйгээр явуулж болохгүй гэсэн заалт бий. Гэвч хүмүүс 12 настай хүүхдэдээ таван настай дүүг нь хөтлүүлээд явуулчихаж байна.

Тэгэхээр “Заавал насанд хүрсэн хүн” гэдэг өгүүлбэрийг оруулах шаардлагатай. Дээрээс нь зам тээврийн осолд өртсөн хүүхдийн аав, ээжид хариуцлага тооцох хэрэгтэй байна. Тэгж байж л хүүхдийн эндэгдэл багасна” гэж Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, дэд ахлагч Д.Сайнбаатар хэллээ. Уг нь эцэг, эхчүүд “Зөвхөн гарцаар, ногоон гэрэл ассан үед зам гарах ёстой. Авто зам дээр явахдаа өөр зүйлд анхаарлаа сарниулж болохгүй” хэмээн үлгэрлэх байлтай.

Үүний зэрэгцээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолооны ард суух, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцох зөрчил буурахгүй байсаар. Өдөрт 20-30 хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад баригдаж буй. Нийтийн тээврийн компаниуд ч бүрэн бус автобусаа замын хөдөлгөөнд оролцуулсаар. Тэгвэл архи уусан атлаа жолоочны ард суух, машин нь эвдэрхий гэдгийг мэдсээр байж замын хөдөлгөөнд оролцоно гэдэг хүний аминд санаатай заналхийлж буй үйлдэл гэдгийг цагдаа нар хэлж буй.

Тэд ийм зөрчил гаргасан жолоочид “Бусдын амь насанд заналхийлсэн”, “Бусдыг санаатай хөнөөж, бэртээсэн” гэх үндэслэлээр ял шийтгэх нь зүйтэй гэдгийг хэлэв. Учир нь жолооч нар өөрсдийгөө ямар хариуцлага үүрч явааг тэр бүр ухамсарладаггүй аж. Жолооч нар өөрсдийн эрүүл мэндээ хянаж байх ёстой. Гэтэл зам, тээврийн ослын 40-70 хувийг жолооч хөдөлмөрийн чадвараа алдсан үедээ гаргадаг гэж судлаачид хэлж байна. Жолооны ард удаан хугацаагаар суух нь биеийн хүчний хөдөлмөр хийсэнтэй адил.

Учир нь жолооч хөдөлгөөний нөхцөл, орчны байдалд үнэлэлт өгөх, түүнд зохицсон шийдвэр гаргах зэрэг мэдээллийн ачаалалд орохоос гадна нуруугаа бөхийлгөж, гараа сунгаж удаан явснаар цусны эргэлтийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, амархан ядардаг байна. Хөдөлгөөний эрчмээс ихэнхдээ хамаардаг мэдээллийн ачаалал нь ядаргааны эх үүсвэр болдог төдийгүй бие болон сэтгэл зүйнд сөргөөр нөлөөлж, бухимдах, уурлах, хэн нэгэнд уур омгоо гаргах зэрэг таагүй орчин бий болгохоос гадна осол, зөрчилд холбогдох нөхцөл бүрдүүлдэг гэнэ.

Хэрэв эцэг, эхчүүд үүргээ биелүүлж, жолооч нар дүрмээ сахисан бол Монголын иргэн 400-гаар цөөрөхгүй байлаа.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

Илгээх

Энэ тухай