Эрдэнэт хотод боловсролыг гутаасан Б.Насанбаярын гаж лекцэнд сууж байсан оюутны бодит дурсамж

Эрдэнэт хотод боловсролыг гутаасан Б.Насанбаярын гаж лекцэнд сууж байсан оюутны бодит дурсамж

Лекцэнд сууж оюутан байхдаа сууж байсан хүмүүсийн бодит дурсамжаас:

Оюутан байхдаа Насанбаярыг ШУТИС-ийн Орхон аймаг дахь салбар сургуульд "Ёс суртахуун" гэдэг хичээлийг 1-р курсын хичээлийн хөтөлбөрт оруулан, лекц орж, бие даалт хийлгэж дүн тавьдаг байсныг нь тэнд сурдаг оюутнуудаас сонсож байлаа. Намайг Эрдэнэтийн МУИС-д 4 дүгээр курсээ төгсдөг жил манай сургуулийн 1-р курсийн оюутнуудад өнөөх "Ёс суртахуун"-ны хичээлээ сонгон судлах хичээл маягаар орж эхлэв. Би угаас л хаана ямар лекц, семинар байна сонирхож очдог зангаараа 4-р курсын оюутан атлаа 1-р курсийнхний лекцэнд 2 удаа суув.

Миний хичээлд нь суусан эхний өдөр Насанбаяр оюутнуудад зориулан биеэ хэрхэн эрүүл авч явах, бусдын эрхийг хүндэтгэн зөв боловсон харилцах, хүнийг үзэн ядахгүй сэтгэл санаагаа амгалан тайван байлгах, хайртай хүмүүстээ хайртайгаа хэлж илэрхийлж байхын чухлын талаар ярьж байв.
"Чи арван төмс уутанд хийгээд арван хоног биеэсээ салгалгүй авч яваад үз, яаж өмхийрч ялзрахыг нь нүдээр харж мэдэр. Түүн шиг хүнийг дотроо үзэн ядаад явбал тэр бодол чинь өмхийрч ялзраад оюун санааг чинь тэр хэрээр бохирдуулна гэсэн үг" гэх мэтчилэн жишээ татан тайлбарлаж байв. Соёл, ёс зүй, эрүүл амьдралын хэв маягийн талаарх энгийн үзэл ойлголтуудыг ойлгомжтой сайхан л ярьж байх шиг санагдсан.

Хоёрдахь хичээл дээрээ замбараагүй бэлгийн амьдралын талаар ярив. Бэлгийн замын өвчний тархацын нэг схем байдагдаа, түүнийг самбар дээр зураад оюутнуудыг бас дэвтэртээ зур гэв. Чи 2 хүнтэй "унт"-аад, тэр хоёр чинь цааш 2, 2 хүнтэй "унт"-аад цаадуул нь дахиад 2,2 хүнтэй "унтах"-ад юу болох вэ та нар хар гэв. Чи замбараагүй бэлгийн амьдралтай хүнтэй "унтах"-ад цаад бүх хүмүүстэй нь "унт"-аж байна гэсэн үг хэмээн тайлбарлав. Ингэж охидууд бузартаж үүнээс болж гэр бүлийн ариун нандин байдал алдагддаг гэв. Үүндээ бас "жишээ" татав.

"Нэгэн сайхан бүсгүй нэг хэсэг хулгайчтай, дараа нь архичинтай нөхцжээ (дараа нь бас нэг бүтэхгүй нөхөртэй нөхцсөн гэсний нэрийг нь санахгүй нь ээ) Тэр гуравынхаа дараа хүний дээдтэй учирч ханилан суугаад гурван сайхан хүү төрүүлсэн нь хулгайч, архичин, 'бас нэг бүтэлгүй новш' болов."
Үүнийг Насанбаяр тэр эмэгтэй бурхнаас заяасан хань нөхөртэйгээ учирч гэрлэхээс өмнө самуун явдалтай байснаас хэвлий нь бузартаж өмнө нөхцөж байсан бузар эрчүүдтэйгээ адил хүүхдүүд төрүүлжээ хэмээн тайлж байв.

Тэгээд Насанбаяр оюутнуудаас асуув. "Чиний бэлэг эрхтэн хэний бэлэг эрхтэн гэж бодож байна?" Оюутнууд жуумалзаад л, хэдэн эрэгтэй оюутнууд тэр ардаас "Минийх!" гээд инээлдэх сонсогдов. Насанбаяр тэгэхэд "Чиний бэлэг эрхтэн бол чинийх биш, чиний эхнэрийнх, нөхрийнх" гэж хэлэв. Нэгэнт чиний бэлэг эрхтэн чинийх биш, ирээдүйн эхнэр, нөхөр, хүүхдүүдийн чинь ээж, аавынх учир гэрэлтлээ "түүнийгээ" цэвэр ариун байлгах нь чиний гол үүрэг юм гэлээ. Мэдээж оюутнуудаас асуулт гарав, би өөрийгөө ариунаар авч яваад хүнтэй гэрлэх боллоо гэхэд сууж буй хүнийхээ ариун явдалтай байсан эсэхийг хэрхэн мэдэх вэ, ингэхээр шал утгагүй хэрэг биш үү гэх мэт. Тэр үед Насанбаяр дэлхийн энх тайвны байгууллагын гишүүд нь бүгд гэр бүлийн ариун нандин байдлыг эрхэмлэн дээдлэгчид бөгөөд тэдний гишүүн болоод, тэр байгууллагын гишүүдтэйгээ гэрлэхэд ариун хүн ариун хүнээ олж суух боломжтой гэв. Тэгээд оюутнуудыг "Намайг дагаад хэлээрэй! Миний бэлэг эрхтэн минийх биш! Миний бэлэг эрхтэн миний нөхрийнх, миний эхнэрийнх!" хэмээн хоолой мэдэн хашхирч байв.
Тэр хичээлийнхээ дараа нэг манлайллын талаарх семинарт оролцох зар уламжлав. Дэлхийн энх тайвны байгууллагынх нь дэргэдэх Оюуны Эрэл Оюутны Холбооны оюутнууд тэр семинарыг нь удирдаж явуулдаг гэнэ. Амралтын өдөр байсан учраас би түүнд нь бас очив.

Нүдэнд дулаахан охид хөвгүүд юу яриад байгаагаа өөрсдөө сайн ойлгоогүй гэмээр харьдуу өнгө аястай сургалт маягийн юм хийв. Түүндээ Мүүн хэмээх Солонгос эцэг эхийнхээ тухай ярив, бас нэг зуслангийн тухай ам уралдан ярив. Бие биенийгээ та гэж дуудаж байв. Гэрлэх насанд хүрээд энх тайвны байгууллагынхаа шугамаар "бэлтгэгдэж боловсорсон" хүмүүстэй гэрлэнэ гэцгээж байв.

Тэр семинарынх нь дараа би Насанбаяртай уулзлаа. Та сурган хүмүүжүүлэх ухааны докторант юм байна (Тухайн үед танилцуулга нь яах аргагүй доктарант гэж явдаг байсан). Та энэ ёс суртахууны хичээлээ заах арга зүй, сурган хүмүүжүүлэх ухааны талаас нь надад тайлбарлаж өгөөч. Ямар учиртай, үүсэл гаралтай вэ? Энэ хичээл 93 дугаар сургуулийн Ц.Няндаг багш, С.Батсүх багш нарын боловсруулж туршиж буй арга барил, агуулгатай холбоотой юу? Мөн би бүтээлч сэтгэлгээний аргууд, мэтгэлцээний аргуудыг англи хэлний хичээлд хэрэглэх боломжийн талаар судалгаа хийж байгаа юм, сурган хүмүүжүүлэгч хүний хувьд танд надад уншиж судлахад санал болгох зүйл байна уу гэж асуув. Тэр эмэгтэй надад "Юун 93 дугаар сургууль, тийм юмтай манай хичээл ямар ч хамаагүй, манай энх тайвны байгууллагын сургалт" гэснээс өөр тоймтой хариу хэлэлгүй надаас хурдан салахын түүс болон одсон.

Энэ семинар, уулзалтын дараа би сургуулийнхаа Сурган хүмүүжүүлэх ухааны лекц, семинар ордог багш дээр очив. Сургууль дээр зааж байгаа "Ёс суртахуун"-ы хичээлийн талаар, очсон семинар, Насанбаяртай хийсэн товчхон уулзалтынхаа талаар хэлээд, багшаа та энэ яваад байгаа лекцийг нь юу гэж бодож байна гэж санааг нь асуув. Оюутнуудыг биеэ зөв авч явахад суралцахад зарим талаар хэрэгтэй ч юм шиг, та юу гэж бодож байна гэв. Багш тэгэхэд ой нь гутсан байртай, энэ муухай эмэгтэй учираа мэдэхгүй жаахан хүүхдүүдийн тархийг угааж байна. Би энэ энх тайвны байгууллага гээд байгаа юмыг нь үүсэл гаралтай нь сайн мэднэ, хамгийн булай гаж урсгалын шашин гэвээ. Тэгээд удахгүй захиралд энэ асуудлаа танилцуулна, ийм хичээлийг сургуульдаа л лав яасан ч оруулахгүй гэв.
Миний улсын шалгалт, диплом хамаалах хугацаа ч ойртоод энэ талаар тэгсгээд орхисон. Тэр эмэгтэй манай сургуульд үргэлжлүүлж "лекц"-ээ орсоор байсан уу, яасан мэдэх юм алга даа.

Юутай ч Насанбаяр 1 дүгээр курсийн ариунаараа хүүхдүүдэд их сайнаар ханддаг, над шиг 4 дүгээр курсийн аль хэдийн бузартаад, бүр байгаад хүүхэд хүртэл төрүүлчихсэн, олон долоон юм асууж шалгаадаг хүнийг хавьтуулахгүй, салахын түүс болж ханддаг нь харагдаж байсан.
Бас Оюуны Эрэл Оюутны холбоон дээрээ өөрийн ажлын өрөө, семинар явуулах өрөө танхим, ширээ сандалтай байсан нь хаанаас хэрхэн санхүүжилт олж ийм үйл ажиллагаа явуулж байна вэ гэж гайхахад хүргэж байж билээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (53)

Илгээх

Энэ тухай