Орхон аймгийн цагдаагийн газар сүлжээний бизнестэй холбоотой 20 гаруй гомдлыг шалгаж байна

Орхон аймгийн цагдаагийн газар сүлжээний бизнестэй холбоотой 20 гаруй гомдлыг шалгаж байна

Орхон аймгийн цагдаагийн газарт 2017 он гарсаар сүлжээнд элсэж мөнгөө авч чадахгүй хохирсон гэх гомдол мэдээлэл 20 гаруй иргэнээс ирж, шалгагдаж байна. Учир нь эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед төрөл бүрийн сүлжээ нэрийн дор иргэдийн мөнгийг авч хохироох явдал гарсаар байгаа юм. Тухайлбал иргэд 62.500 төгрөгөөр элсээд мөнгөө 187.500 болгож өсгөж авдаг гэх энэ төрлийн сүлжээнд орж хохирох явдал гарч байгааг хууль хяналтын байгууллагуудаас анхаарууллаа. 

 
Сүлжээг ашиглаж, дороо хүн элсүүлж, анх элссэн хүн цалин ашиг авдаг энэ хэлбэрийн үйл ажиллагааг санхүүгийн пирамид буюу санхүүгийн луйвар гэж нэрлэдэг. Энэ нь Монгол Улсын хуулиар хориотой. Өөрөөр хэлбэл, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”-ийн 8 дугаар зүйлд олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж, ашиг хонжоо олох үйл ажиллагааг хориглоно гэсэн хуулийн заалттай тул хохирлоо нэхэмжлэх эрх нээлттэй юм. 
Мөн ямар нэгэн бараа бүтээгдэхүүнийг сүлжээгээр дамжуулан худалдан борлуулдаг хэлбэрийг сүлжээний бизнес гэж нэрлэдэг байна. Борлуулалтын хэлбэр нь пирамид хэлбэртэй байж болно. Харин иргэдийн хувьд ямар нэгэн бараа бүтээгдэхүүн зарж борлуулахгүйгээр, дороо 1-2 хүн элсүүлж, ажил хийхгүйгээр мөнгөтэй болно гэж итгэж хохирох явдал олон гарч байна. 
 
Манай улсад өнөөдрийн байдлаар гадаад, дотоодын нийлсэн 20 гаруй сүлжээний бизнесийн компани үйл ажиллагаа явуулдаг гэсэн албан бус судалгаа гарсан. Тэдгээрээс эрчимтэй яригдах болсон нь “G-time” төсөл, “62500-ын Ultimate Mongolia” юм.
 

Энэ төрлийн гэмт хэрэгтэнд холбогдох Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 нь “Энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалттай. Өөрөөр хэлбэл, иргэд сүлжээний бизнесээс болж хохирсон тухайгаа баримтаар нотолж, өргөдөл гаргасан тохиолдолд хохирлоо барагдуулах бүрэн боломжтой. Харин луйвар хийсэн этгээдүүд гэм буруутай нь тогтоогдвол 10-15 жилийн хорих ялаар шийтгүүлнэ

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай