Цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн шийдвэр Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуустал хэрэгжинэ гэв

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо өчигдөр хуралдаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2017 оны нэгдүгээр сарын 10-ны 03-03 тоот зөвлөмжийн дагуу агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөний болон Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны 2016 оны арваннэгдүгээр сарын 24-ний албан тоотын биелэлтийн явц, үр дүнгийн талаарх Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсов.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Ерөнхий сайдын 2017 оны нэгдүгээр сарын 12-ны захирамжаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ахлуулан, нийслэлийн Засаг дарга, бүх яамны Төрийн нарийн бичгийн дарга, холбогдох агентлагийн дарга нарыг оролцуулан байгуулсан аж.

“Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас дэд Ажлын хэсгийг байгуулан, нийт 37 арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж буй. Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу “Агаарын бохирдлын эсрэг сан” байгуулахаар холбогдох хуулийн төслийг боловсруулж, яамдаас санал авч байгаа. Энэ сарын 20-ны дотор “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” боловсруулан Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар ажиллаж байна” гэж салбарын сайд мэдээлэлдээ дурсан.

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч дарга Ж.Батбаясгалан “2011-2015 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 132 орчим тэрбум төгрөг зарцуулсан ч хангалттай үр дүн гараагүй байна. Тухайлбал, 176 мянган сайжруулсан зуухыг нийт гэр хорооллын өрхийн 90 орчим хувьд тараасан бөгөөд Азийн хөгжлийн банкны хийсэн судалгаагаар дээрх өрхийн 20-30 хувь нь л үүнийг ашигладаг гэсэн дүн гарсан.

Өнгөрсөн оны эцсийн дүнгээр Улаанбаатар хотод 30 мянга орчим иргэн нүүж ирж, өрхийн тоо 20 орчим мянгаар нэмэгджээ. Нийслэлийн зүгээс өрхийн эдийн засгийг сайжруулж, ажлын байрыг нэмэгдүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдэх, хашаандаа дэд бүтцэд холбогдсон сууцтай болох технологийн шийдлийг нэвтрүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэхэд голлон анхаарч байгаа” гэв.

Эрчим хүчний сайд П.Ганхүү “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хүрээнд гэр хорооллын айл өрхийн оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл хэрэглэсэн цахилгааны тарифыг энэ оны гуравдугаар сарыг дуустал 100 хувиар хөнгөлсөн. Энэхүү шийдвэр Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуустал жил бүр хэрэгжинэ.

Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлаж буй нийт 228 халаалтын зуухыг буулгаж, хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбох тооцоо хийсэн. Ингэснээр жилдээ 122 мянган тонн түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлана. Улаанбаатар хотод 2016 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр цахилгаан эрчим хүчинд холбогдсон, гэрээ байгуулсан нийт 147.353 гэр хорооллын хэрэглэгч байна.

Гэр хорооллын нийт цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн 75 хувь буюу 110.895 нь хоёр тарифт тоолууртай, өнгөрсөн сарын 1-нээс 108.378 хэрэглэгчийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны төлбөрийг 100 хувь, 38.975 хэрэглэгчийг 50 хувь хөнгөлж байгаа бөгөөд нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд хамрагдаагүй 27.461 хэрэглэгч бий.

Энэ ажлыг үргэлжлүүлэхэд 2017 онд 39.65 тэрбум, 2018-2020 онд 217.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Уг хөрөнгөөр цахилгаан түгээх болон дамжуулах сүлжээний өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийнэ” гэв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай