Ноён уулыг яагаад ухаж болохгүй талаарх олны танил хүмүүсийн сэтгэгдлээс

Ноён уулыг яагаад ухаж болохгүй талаарх олны танил хүмүүсийн сэтгэгдлээс

НОЁН УУЛ-ын шүүх хуралтай холбогдуулан 6 удаагийн онлайн шууд хэлэлцүүлгийг Чикаго хотоос хувь хүмүүс, хамт олон, байгууллагууд нэгдэн зохион явуулж, Ноён уулыг төрийн дархан цаазтай болгохоор аймаг сум бүрт хандсан уриалга гаргажээ. Мөн Ноён уулаас олдсон малгай, хувцасыг дууриалган урласан байна.

Мигжэд Жанрайсиг дуганын гол тулгуур дөрвөн багана хийхээр Монгол туургатны өвөг дээдэс болох эртний Хүннү улсын сурвалжтан нарын ариун шарилыг хадгалан бүхий сүжиг адистэд оршсон Ноён уулнаас наян тохой илүү чилгэр гоолиг нарс модыг сонгон авсан гэдэг билээ.
1913 онд Гадаад яамнаас эрхлэн "Хязгаарын доторхи олон зүйлийн уурхайг нээн шийтгүүлэх дүрэм хэмжээ" хэмээх 38 зүйл бүхий дүрмийг боловсруулсан нь Монгол Улсын эдийн засгийг бэхжүүлэхэд нөлөө үзүүлэхүйц шинэлэг зүйл байжээ. Уг дүрмийг Богд Хаанд айлтган "УЛААН БИЙРЭЭР ЦОХОЖ" дагаж мөрдөхөөр болжээ. (Үндэсний Төв Архив. Ф-4, Д-1, ХН-26, тал 1)
Дүрмийн тавдугаар зүйлд "... тэрхүү газар эрхэм сүлд тахилгад холбогдох ба жич урьд нэгэнт бусад хүмүүнд заан олгосон нь бус болбоос тэмдэгт бичиг олгож болно" хэмээн заасан нь уугуул нутгийн хүмүүс, бурханы шашны олон үеийн уламжлал, хүндэтгэлийг тунгаан бодож, тухайн газар нутгийн олон үеэрээ тахиж тайж ирсэн бол түүнийг хөндөж болохгүй, нэг хүнд олгосон газрыг өөр хүнд давхардуулан олгохгүй байхыг чухалчилсанаараа сайн талтай юм...


Ардын багш Сэрээнэнгийн Галсан(Говь-Алтай аймгийн уугуул)
Газрын гагнаас болсон Алтаа энд тэндгүй ухан түнхэж, хонгил нүх үлдээж эхэлснээс гадна их эртний түүхтэй холбогдолтой эрдэнийн сан хөмрөг рүүгээ бузар савраа дүрэх нь тэвчиж болохгүй гэмт хэрэг мөнөөс мөн тул Монголд төр, хууль ёс гэж байдаг юм бол машид яаравчлан тас зогсоох ёстой.

Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн (Төв аймгийн уугуул)
"НОЁН УУЛ нь Монголчуудын чулуужсан түүхийг тэвэрсэн гэгээн шилтгээн. Түүх бурууг хийсэн хүмүнээс хонзонгоо авдаг тул Ноён ууланд халдваас есөн үедээ үл жаргана" 

Гавъяат яруу найрагч, Чингис хааны одон шагналт Гомбожавын Мэнд-Ооёо(Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул)
Ухах байтугай, гадас хадаас ч хатгаж сэвтээж болохгүй шүтээний орон бөлгөө!
1990 онд "Мигжэд Жанрайсиг" шүтээнийг бүтээн залах их ажил эхэлж билээ. Энэ бол ороо бусгаа цагийн эргүүлгэнд егүүтгэгдэж хэлмэгдсэн түүх соёлынхоо өвийг сэргээх хөдөлгөөн - үндэстний сэргэн мандалын утгыг илэрхийлж байлаа.
Юуны өмнө их бурханы сүмийг засварлах ажил 1990 оны хавар эхэлсэн юм. Гэвч сүмийн оройн модон бүтэц он цагийн уртад гажиж дээвэр хэсэг хазайсан байв. Тулгуур дөрвөн багана солих шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Гэтэл түүхийн үүднээс уг дөрвөн баганыг Хүннү дээдсийн оюун санаа, түүх, соелын их өвийг хадгалж шингээсэн Ноён уулнаас газарт хүргэлгүй залж авчирсан адистэд бүхий залгаасгүй энэ дөрвөн баганыг солих нь Монголынхоо түүх соёлын оюун санаа руу халдсан хэрэг болох тул солихгүйгээр бэхлэх аргыг мэргэжилтнүүдээр гаргуулж шийдвэрлэсэн сэн.
Энэ нь Ноён уулын түүх соёлын давтагдашгүй үнэ цэнэ, оюун санаа, өвгө дээдсийнхээ амин халуун ул мөрийг ч хайрлан нандигнадаг монгол сэтгэлийн үр юмаа. Тэгэхдээ зөвхөн булш бунхан байгаа төдийгүй, оюун санааны асар их эрчим, нүдэнд үл үзэгдэх, ирээдүй шинжлэх ухааны ололтоор ил болох олон нууцыг хадгалж байгаа гэдэг үндэслэлийг бид бодолцож тун нухацтай шийдвэр гаргасан гэж үздэг билээ.
Ийнхүү Ноен уул бол дээдсийн оюун санаа, амьд халуун эрчим, түүхийн амьд мөр, соёлын үнэт дурсгалыг хадгалсан онгон дагшин орон, судалгааны асар их өвийг үүцэлсэн нууцыг хадгалсаар байгаа монгол оюун-эрдэнэсийн уурхай тул оюуны нөөцийг нь онгоноор хадгалах ёстой.
Ухах байтугай, гадас хадаас ч хатгаж сэвтээж болохгүй шүтээний орон бөлгөө!

Унгарын монголч эрдэмтэн Борбала 
Ноён уулын булш болон дархан газрыг заавал хамгаалах ёстой. Өвөг дээдсийн оршуулгийн газар болон хоёр мянган шахам жилийн олдворууд зөвхөн эд зүйлс биш харин БИД НАРЫН нийтлэг өв дурсгал мөн.

Гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч Готовын Аким гуай (Дорнод аймгийн уугуул)
НОЁН УУЛ хүн төрөлхтөний түүхийн өв соёлыг тээгч. бидний өвөг дээдэс ХҮН нарын ХҮН гүрний гал голомт юм. Бидний ирээдүй хойчийн өв хөрөнгө. Хэрхэвч ухаж үл болно.
Ухах бус үнэн Түүхийг сэргээх цаг болсон. Ноён уулыг бүхлээр нь төрийн онцгой хамгаалалтанд авахгүй байгаад л асуудал гарч буй.

Чингис хаан дээд сургуулийн багш, Жак Уэтерфордын түүхийн шилдэг бүтээлийн шагналт, түүхч профессор Баянцагааны Балжиинням (Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул).

Усгүй бол алтаар яах юм Улсгүй бол амиар яах юм гэж Чингис хаан захин сургамжилсан байдаг. Түүхгүй соёл иргэншилийнхэн Түүхтэй соёл иргэншилийнхэний эх түүхийг мартуулан устгах, өөрийн болгох шалтаг зорилгоор элдэв арга саам, заль хэрэглэн худалдан авахыг оролддог. Ноён уул нэрнээсээ аваад үүх түүхтэй, Хүн гүрний болон нэн эртний олдвор агуулсан язгууртны шүтээн газар. Аль хэрэгтэй юм уу, өвөг дээдсийн бодит хөдлөшгүй түүх хэрэгтэй юм уу. Нүүрстэй газар яахав гэхсэн. Ухвал ухна биз. Хараагийн Ноён уулыг хэрхэвч ухуулж болохгүй.

Судлаач түүхч, Их гурвалжин номын зохиогч Ч.Эрдэнэ (Говь-Алтай аймгийн уугуул)
Ноён уул бол Монголын зүрх.Хүний зүрх рүү чичилбэл ямар байх вэ. Ноён уулын түүхийн асар үнэ цэнийг бид эргэн судлах цаг болсон.

Урлаг судлаач эрдэмтэн Лүнтэнгийн Батчулуун (Говь-Алтай аймгийн уугуул)
 Ноён уулын урлаг бол их хаадын урлаг юм. Дэлхийн урлагийн түүхэнд содон урлаг болон мөнхөрсөн. Ноён уулыг ухах төнхөхийн оронд урлагийн түүхийг нь судлах хэрэгтэй юм. Энэ бол дэлхийн өмч. Монголчуудын болон бидний өвөг дээдэс Хүннү нарын гайхамшигт шүтээн уул.

"Ноён уулаа аваръя" хөдөлгөөний тэргүүн Осорбалын Цэрэннадмид
Ноён уулаа ухаж төнхөхдөө тулсан уу?
Ихэс дээдсийн алтан шарилаа хөндөхдөө тулсан уу?
Монгол орон гэж байна уу?
Ноён уул энд байсан гэж хэлэх ёстой юу?

Монголын Мянганы Сорилтын Сангийн байгаль орчин, нийгмийн асуудал хариуцсан захирал, доктор Шаравын Пүрэвсүрэн (Увс аймгийн уугуул)
Ноён уулыг ухаж хөндвөл нүүрлэх аюулын талаар түмэн олондоо дахин дахин сануулж нурших нь мунхаг миний үүрэг. Хүнцэл ихтэй орд руу ханцуй шамлан дайрч, ард түмнээ аажмаар хөнөөх ажиллагаа эхлүүлэх гэж байгаа нь ариун явдал мөн үү? Тавин тонн алт эндээс зөөлгөөгүйгээсээ болж бид тартагтаа тулах арай ч болоогүй. Мөн хаягдал нууранд агуулагдах тэр их хүнцлийн асуудлаа нэг тийш нь болго. Дараа нь өвөг дээдсийг маань онголсон Ноён уул руу сарвалзацгаа

УИХ-ын гишүүн Хаянгаагийн Болорчулуун (Дорнод аймгийн уугуул) 
Гацууртын ам буюу Ноён Хатан хоёр уулыг маань дундуур нь тас хэрчин 300 метр гүн хавцал хонгил нүх ухахаар зэхэж байна. Ангал нүхний дэргэд Ноён уулын оройг нь шовойлгоод үлдээх юм гэж яриад байгаа нөхдүүдийн үйл ажиллагааг Монголчууд бид л хамтын хүчээр таслан зогсоож чадна.

Монголын бөөгийн Голомт төвийн тэргүүн, Архангай аймгийн уугуул Сөнөд Шагдаржавын Сүхбат
Ноён уулын хөрсөн дор хүн төрөлхтөний түүхийн үнэт хуудас буй. Хүн гүрний түүх соёлыг хүндэтгэн Ноён уулыг дархан цаазат газрын хамгаалалтанд авч Хүн гүрний музей байгуулах, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бий болгох, Зэрлэг ан амьтдыг үржүүлэх гурван тодорхой саналыг 5 жилийн өмнө дэвшүүлж хэлсэн билээ. Хүн гүрний гайхамшигт олдворуудыг Оросын Эрмитажийн музей, Свердловскийн музей, Франц, Герман, Унгараас зэрэг улсаас буцаан авчирч, мөн Монголд шинээр нэмэн олсон түүхийн ховор эд өлгийн зүйлсээр музей байгуулах нэнэ чухал. Археологийн олдвороор л бид түүхээ бататгаж чадна.
Хүн гүрнээс өмнө нүүдэлчдийн төрт таван улсын түүх ч бий. Биет болон биет бус өв соёлоос гадна мөнх тэнгэрийн соёлыг бүтээсэн ард түмний үр сад бид юм. Наран саран шүтээнтэй Хүн гүрний өвөг дээдэс шигээ халгиж цалгисан оюун санааны өв соёлын уламжлалаа дээдлэн Ноён уулаа хайрлан хамгаалснаар Монголчуудын сэргэн мандал ахин эхлэх юм.

Төрийн тахилгат Хан-Хөхий хошууны уугуул өвгөн доктор Ү.Хүрэлбаатар
Хүн улс маань Монгол угсаатан бидний өвөг дээдэс болохыг орчин үеийн шинжлэх ухаан баталсаар байгаа нөхцөлд үе улирсан, баларсан юм гээд хаячих монгол хүн байхгүй нь мэдээж. Уул ус байгалиа шүтэж ирсэн Монголчуудын амьдрал Гурван цагийн хэлхээсээс салах аюул нүүрлэсэн нь мөнгөөр гадны шулаачдад худалдагдсан төрийн мулгуу тэнэг түшээдийн хоролгон үйлдлээс болж байгаа гэдгийг түмэн олон минь ухаарч, Монголын төдийгүй дэлхийн ховор олдворт тооцогдох нандин өвийг бүтнээр хадгалж, хойч үедээ залгамжлуулахыг дэлхий нийтийн сонорт хүргэж, Дэлхийн тусгай хамгаалалтад оруулах асуудлыг маш хурцаар тавих цаг нэгэнт болжээ.

МУИС-ын хэл бичгийн тэнхимийн эрдэмтэн, ахмад багш Гүндүүгийн Буянтогтох (Архангай аймгийн уугуул) 
НОЁН УУЛ бол Монголын зүрх. Монгол бол дэлхийн Зүрх.
Хүн төрөлхтөний нийгэм мухардалд орж, сүйрлийн ирмэгт ирээд байна. Мухардлаас гарах арга ухааныг Монголоос л олно. Даян дэлхийг Монголчууд ахин аврах тийм цаг айсуй ирж байна. Яагаад дэлхийн зүрх гээч. Байгаль хамгаалах гайхамшигт уламжлал, гүн ухааны сургаалиараа эх дэлхийн дагшин ариун газар нутгийг унаган хэвээр нь хадгалж чадсан. 

Соёлын гавъяат зүтгэлтэн, яруу найрагч Үржингийн Хүрэлбаатар(Говь-Алтай)
Ноён уулыг эх сурвалжид Алтан уул гэж тэмдэглэсэн нь буй.
Тэр нь алт, алт шиг өв соёлын өлгий гэсэн үг.
Алтыг нь цөлмөвөл газрын гагнаас тасарна.
Алт шиг өв соёлыг минь устгавал
Хүннү өвгөдийн сүнс хилэгнэнэ. 
Битгий сэрүүн зүүдэлж сэрж мартацгаа

Гал бүлгэмийн анхны гишүүн, зохиолч яруу найрагч Ядамбатын Баатар (Завхан аймгийн уугуул)
Монголын түүхийн нандин өвийг хадгалж үлдсэн Ноён уулаа хамгаалж үлдэх нь үе үеийн монголчуудын эрхэм үүрэг байжээ. Өнөөдөр бид энэ үүргээ биелүүлэх цаг тулгараад байна. 
Ноён уулыг мөнгө гэж хардаг ноёдуудаас, ухаж болно гэж зөвшөөрөл олгодог академич археологичдоос Ноён уулаа харамлаж байна. Хамгаална гэж аман дээрээ хэлчихээд ханцуй дотроо хүрз нууж яваа монголчуудаас Ноён уулаа харамлаж байна.

Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Сүрэнгийн Соронзонболд (Архангай аймгийн уугуул)
НОЁН УУЛЫГ ухуулах дүргүй. Бүр Монголын бүх уул усыг ухуулах дүргүй. Монгол хүнээр ч ухуулах дургүй. Ер нь юу дутсан гэж ухах гээд байгаа юм. Монгол хүн бүр үгээ хэлэх цаг болсон.
Ноён уул нь 2200 жилийн түүхтэй Монголын өвгө дээдсийн шарил оршин байдаг БУНХАН гэж ойлгож болно. Бунхнаа ухаж Өтгөсийн сүнсийг хөдөлгөвөл бурхан Тэнгэр хилэгнэж аюул учрах магадлал тун өндөр.

Монгол Улсын Гавъяат зураач Намхайдагвын Орхон (Өвөрхангай аймгийн уугуул)
Алтыг ухаж уулыг хөндвөөс бүх зүйл орвонгоор эргэж Тэнгэр ниргэнэ. Өвсийг нь ч тасалж болохгүй шүү дээ. Ийм бузар үйлийг хийх аваас Өвөг дээдэс бидэнд маш ихээр харуусан гомдох болно. Бидний хийморь сүр сүлд доройтон унана.

Алт газартаа л байх ёстой шүү дээ. Уул усны гагнаас. Дээр үед язгууртнууд алтыг бус газраас гулгин гарсан алтны гулгидасыг нь л ашигладаг байсан. 
Одоо би Их Шаньюй-гийн хөрөг зургийг бүтээж байгаа. Хүн араатан шиг, чонон нүдтэй, занхар толгойтой, алтан титэмтэй, алтан таягтай, алтан бөмбөлөгтэй, хаадын хаадын ханхар дүрийг бүтээнэ. Аттила хаан байна. Хөрөг дүрсээ гаргасан байгаа.

Аугаа их энэ хаадын сүнс сүлд Ноён Уулыг ухах аваас хилэгнэн догширч Тэнгэрийн ниргэлгэ үзүүлэх болно. Монгол хүн цөөдөггүй юм. Хэдэн арван зуун хүнтэй тэнцэнэ.

Яруу найрагч Лувсангийн Батбаяр
Ухах гээд байгаа, ухсаар байгаад Орхон түшээ мөрнөө улаан шавраар урсдаг болгож байгаа хүмүүсийг харахад элэг эмтэрнэм.Манай залуус Ноён уулаа хамгаалах, Хүн гүрний түүхийн дурсгалыг хэвлийдээ тээсэн Ноён уулаа ухуулахгүйн төлөө сэтгэл зүрхээ нэгтгэн тэмцэж буйг сонсож санаа зоригоо нэгтгэж байна.

Математикийн ухааны доктор Шаавай овогтой Доржийн Жаргал (Увс аймгийн уугуул)
Ноён уулаа МАНГАСЫН савраас аварцгаая.

MУСТА, бүжигчин О.Батцэнгэл
Бидний амьдрал зөвхөн өнөөдрөөр дуусахгүй. Бидний үр хүүхэд ач зээ нар НОЁН УУЛАНД хадгалагдаж байгаа Хүннүгийн үеийн булш бунхан дурсгал түүх соёлоо бид хойч үедээ үлдээх хэрэгтэй биш гэж үү? 

Сэтгүүлч зохиолч Баасангийн Наминчимэд (Говь-Алтай аймгийн уугуул
БУРХАН ХАЛДУН уулаа, БОГД ХАН уулаа хэрхэн эрхэмлэн, хамгаалдаг шигээ л бид НОЁН УУЛАНДАА хандаж, дархлан хамгаалах учиртай.
НОЁН УУЛ нь ганц Монголчуудын ч төдийгүй дэлхийн Хүннү гарвалт ард түмнүүдийн нэгэн шүтээн. Нүүдэлчдийн гал голомт, нүүдлийн соёлын үнэт өв.

МУИС-ын багш доктор Д.Дэмбэрэлнямба
АНУ гэхэд хүнцэлдээ асар өндөр шаардлага тавьдаг. Ундны усанд 0.5 мгл байх ёстой. Гэтэл манайх түүнээс өндөр боловч хүмүүсийн судалгаанаас харахад хэдэн зуу дахин өндөр байгаа юм. Усанд сайн уусдаг нь усны ургамал, амьтдыг устгадаг. Амьтдаас хүнд дамжихдаа уушги, элэгний хорт хавдар, зүрх судасны өвчин үүсгэдэг. Амьд организмыг нэлэнхүйд нь хордуулах маш аюултай

Гавъяат агрономия Г.Даваадорж
Монгол Улс байгалийнхаа баялгийг ашиглалгүй яахав. Гэхдээ ямар үнээр, яаж ашиглах вэ гэдэг нь чухал. Хүнцэл хөрсөн дээр гарч ирвэл юун газар тариалан, мал аж ахуй, хүн ам бэ. 200 сая.ам долларын төлөө хамаг юмаа сүйтгээд бохирдуулчих юм биш биз гэсэн хардлага байна.Үнэхээр хүнцэл байгаа юм уу, аюултай нь үнэн үү гэдгийг лавла. Аюултай гэдгийг  нь шинжлэх ухаан нотлочихсон. Гол нь тэр гүнд байгаа нь үнэн үү, гараад ирвэл яах вэ гэдэг асуудал. Түүнийг шийдэх хэрэгтэй.

Хөдөө аж ахуйн доктор Б.Дорж
Монгол Улс 1921 он хүртэл урд хөршөөс хамааралтай байсан. 1921 оноос хойш хойд хөршөөс хамааралтай болчихсон. 1990 он гараад өөрсдөө шийд гаргах боломжтой болсон. Гэвч алтан боломжоо алдаж байгаа юм уу, дахиад ийм боломж олдох юм уу. Их л хэцүү цаг болоод байна. Газар нутгаа уул уурхай нэрээр ингэж сүйтгэхийн оронд Ноён уулыг тойруулаад хөдөө аж ахуйг хөгжүүлэх бүрэн боломжтой. Ашигт малтмалыг нь олборлосноос ч илүү ашгийг монголчуудад өгнө.Би ийм саналтай байгаа.
 

Эрдэмтний хөгжлийн академи ТББ-ын тэргүүн Д.Бор
ацууртын ордын тухай олон нийтийг зөв мэдээллээр хангах нь чухал. Хүн бүр өөрсдийн эрх ашиг, сонирхлын үүднээс өөр өөрөөр  тайлбарлаж  иргэдийг  төөрөгдүүлж байна. Эрдэмтэн судлаачид бүх нотолгоо судалгааг хийсэн учраас бидний үр хойч, амьдрах орчин, малын бэлчээр зэрэгт сөргөөр нөлөөлөх  аюулыг дагуулж байгааг хэлэх нь зүйтэй. Ганц нэг орон нутгийн асуудал биш цаашлаад Гацууртын гол, Хараа гол, Сэлэнгээр дамжин ОХУ-д хүртэл хор хөнөөл хүргэх олон улсын асуудал болж хувирна. Энэ үнэнийг мэдээгүй хүмүүст ойлгуулж танилцуулмаар байна

Чикаго хот дахь Бурханы шашны Гандан төв
Өвөг дээдсийн сүр сүлд лагшин оршсон энэхүү ариун газрыг ухаж малтах, уул уурхайн зориулалтаар ашиглах нь тэнгэр бурхадыг хилэгнүүлж, Монголын буян заяанд хал болох тул түмэн олон минь тунгаан үзэж, ариун дагшинаар нь хадгалж үлдээхийг уриалж байна.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
УИХ-ын 2015 оны хаврын ээлжит чуулганы 6 сарын 18-ны өдрийн хуралдаан
Гацууртын ордын асуудал бол мэдээж хэрэг олон нийтийн анхаарлын төвд байж, олон талаас нь маргаан мэтгэлцээн, тэр битгий хэл суулт өлсгөлөн янз бүрийн л юм болсон. Хүн улс гэдэг бол үндсэндээ Монголын гарал үүслийн өвөг гэдэг нь гарцаагүй нотлогдсон зүйл. Монголчууд булш бунханаа аль болохоор хөндөхгүй байхыг цээрлэж ирсэн ард түмэн. Энэ бол хар хайрцгийн бодлого гэдэг шиг тэнгэртэй харьцдаг бодлого. Сүүлийн үед тэнгэртэй харьцдаг хүмүүс олон болоод байгаа ч би тэрийг яриагүй байна. Ер нь, энэ байгаль орчноо хамгаалах, түүх, соёл дурсгалынхаа зүйлийг хамгаалах ийм бодлого сүсэг бишрэл хүмүүсийн цусанд нь шингэсэн байгаа. Энд би санаа зовж байгаа.

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл
Энэ компанийн цаана нөгөө Бороо Гоулд татвараа төлөхгүй алт ухаад аваад явчихсан юм шиг маягийн зальт этгээдүүд үргэлжлүүлээд байна уу, үнэхээр дэлхийн том компаниуд аль эсвэл манайхыг ноёлоод дарамт болоод байна уу? Тэгээд Монголын төрд худлаа хэлж байгаа юм. Стратегийн ордод оруулсны дараа та нарт 20  хувийг нь бас зүгээр өгье гэсэн маягтай юм яриад байсан. Одоо болохоор 34 хувиар төл, үүнийг чинь орлуулах танай татвараас чинь бид суутгаад авъя. Ингэж Монголын төр, яам, газрыг залилаад яваад байдаг ийм этгээдүүдтэй гэрээ хэлцэл хийгээд, заавал 70 тонн алттай ордоо өгье гээд байдаг чинь өртэй болчихсон юм уу, яасан юм бэ?
 

УИХ-ын чуулганы 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаан

Ц.Даваасүрэн: Гацууртын ордыг шийдлээ гэхэд  нөгөө  дансаараа мөнгө нь орж эргэлдэхгүй Монголоороо Төв банкаар дамждаггүй, манай валютын дансаар ордоггүй байвал нөгөө нөөц чинь нимгэн хэвээрээ л байгаад байна. Энэ асуудал дээр заавал ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй байна. Бодитой дүр төрх харагдахгүй байна. Тийм учраас энэ удаадаа тусгай хамгаалалтад аваад нөөцлөх хэлбэр уруугаа явсан нь  зөв

Б.Бат-Эрдэнэ:  Монголын төр жаахан бодлоготой л шийдвэр гаргаж явахгүй бол болохгүй байгаа юм. Одоо энэ нийт газар нутгийн ойрын 10-20 жилийн дотор  80 хувь нь цөлжинө, Хэнтийн тайга, хойд Хөвсгөлийн  хэсэгт жаахан газар үлдээд, бусад нь хэцүү байдалд орно гэсэн ийм судалгааны байгууллагын гаргасан тайлан дээр тодорхой бичсэн байна. Ялангуяа сүүлийн гурван жилийн хугацаанд УИХ төрөөс гаргаж байгаа бодлого шийдвэрүүд бол дандаа  байгаль орчноо доройтуулах чиглэлийн, энэ нийтийн эзэмшлийн өмчийг цөлмөж дуусгах чиглэлд бодлого явуулаад байгаа юм. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

Илгээх

Энэ тухай