Зураг төслийн магадлалын нэг цэгийн үйлчилгээ нээгдлээ

Зураг төслийн магадлалын нэг цэгийн үйлчилгээ нээгдлээ

Барилгын Хөгжлийн Төвд барилга байгууламжийн зураг төслийн баримт бичигт магадлал хийх нэг цэгийн үйлчилгээ шинээр нээгдлээ.

БХБ-ын Сайд Г.Мөнхбаярын санаачилгаар барилга байгууламжийн, зураг төсөл боловсруулалтын чанарыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд нэг дороос шуурхай хүргэх, үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор“Барилга байгууламжийн зураг төслийн баримт бичигт магадлал хийх” ажлыг нэг цэгийн үйлчилгээнд шилжүүлж байгаа юм.

Энэхүү үйлчилгээг нэг цэгийн хэлбэрт шилжүүлснээр зураг төслийн байгууллагад чирэгдэлгүй, хурдан шуурхай, нээлттэй, ил тод хэлбэрээр үйлчлэх нөхцөл бүрдэж байгаа бөгөөд магадлалын үйл ажиллагаанд оролцогч бүхий л талуудын ажлын уялдаа холбоо сайжирч, ажлын чанар хүртээмж сайжрах боломжтой зэрэг олон чухал ач холбогдолтой ажээ.

Нэг цэгийн үйлчилгээний нээлтийн үйл ажиллагаанд БХБЯ-ны газрын дарга нар, сайдын зөвлөх А.Баянмөнх, Барилгын Хөгжлийн Төвийн Захирал Ц.Амарсанаа, энэ өдөр томилогдсон зураг төслийн экспертүүд болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

“Барилга байгууламжийн зураг төслийн баримт бичигт магадлал хийх” ажлын нэг цэгийн үйлчилгээний танхимд Барилгын Хөгжлийн Төвтэй гэрээ байгуулж ажилладаг орон тооны бус, мэргэжлийн экспертүүд ажиллах бөгөөд зураг төсөл зохиогч байгууллагаас ирүүлсэн баримт бичигт магадлал хийж, дүгнэлтээр баталгаажуулах ажил ийнхүү нэг дор түргэн шуурхай явагдах нөхцөл бүрдлээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай