Ж.Амарболд: Энэ жил ДАШТ-д оролцох зорилготой

Монголын жүдо бөхийн 60 кг-ын тамирчид дэлхийд алдартай. Эл жинд Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин Д.Нармандах нар олимпоос хүрэл, Г.Болдбаатар, Д.Амартүвшин нар ДАШТ-ээс алт, мөнгөн медаль хүртсэн нь үүний илрэл. Жил жилийн УАШТ-ий хамгийн өрсөлдөөнтэй, үзүүштэй барилдаанууд энэ жингийнх байдаг.

Энэ жилийнхэд ч бас олон бөх зодоглосноос хамгийн шилдэг нь “Сүлд” спорт хорооны жүдоч Жагваралдоржийн Амарболд байлаа.

Өдгөө 20 настай тэрбээр хэсгийн аваргын төлөөх барилдаанд ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин Д.Амартүвшинг гурван вазари үнэлгээгээр ялж, цахиур хагалсан юм. Түүнтэй ярилцсанаа уншигч та бүхэнд сонирхуулъя.

-УАШТ-ий медалийн салхийг алтаар хагаллаа. Түрүүлнэ гэдэгтээ хэр их итгэлтэй байсан бэ?

-Энэ тэмцээнд гурав дахь удаагаа оролцож, түрүүлсэндээ баяртай байна. Өмнөх жилүүдэд туршлага багатай, бэлтгэл тааруу байсан болоод ч тэр үү, эхний тойргуудад ялагдсан. Харин энэ жил заавал медаль авах зорилго тавьж, бэлтгэлээ уйгагүй базаалаа. Сэтгэл санаа ч тогтвортой, өөртөө итгэлтэй байсан л даа.

Дэлхийн аварга Г.Болдбаатар ах, өмнөх жилийн аварга Ц.Цогтбаатар нар жин өгсөн барилдсан нь надад том боломж олголоо.

Энэ жил УАШТ-д манай спорт хорооныхон өнгөтэй барилдаж, нийт дүнгээрээ тэргүүлж, багийн барилдаанд эрэгтэйчүүд алт, эмэгтэйчүүд хүрэл медаль хүртсэн. Монголын жүдо бөхийн холбоо, “Сүлд” спорт хорооны хамт олон, Ц.Шийрэв, Ш.Чинсанаа дасгалжуулагчдаа их баярлаж явдгаа энэ дашрамд илэрхийлье.

Мөн өнгөрсөн зун Казахстан улсын эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Энхбаатар, олимпын хүрэл медальт Г.Отгонцэцэг эгч надтай хамт бэлтгэл хийж, арга туршлагаасаа хуваалцсан нь их дэм болсныг онцолъё.

-Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Д.Амартүвшин гавьяатыг ялсан. Барил­дааны өмнө түүнээс айж, бэргэсэн үү?

-Тэгээгүй ээ. Их тайван байсан. Барилдааны өмнө олимпын зэрэгтэй шүүгч М.Бөхбат ах, Х.Ца­гаан­баатар гавьяат хоёр “Гавьяатаас айх хэ­рэггүй ээ. Зоригтой барилдаарай” гэхэд нь их урам авсан. Ц.Шийрэв дасгалжуулагч маань ч бас “Миний хүү чадна аа. Өөртөө л итгэ. Бүх зүйл чиний гарт” гэж хэлж байлаа. Шүүгч надад ялалт өгөх мөчид өөртөө итгээгүй ээ. Цаашид бэлт­гэлээ л сайн базааж, уйгагүй хичээвэл өн­дөр амжилт гаргаж чадна гэдгийг ухаарлаа.

-Аваргын төлөөх барилдаанд Б.Мягмардоржтой барилдсан. Хар багаасаа хамт бэлтгэл хийж, барилдааныг  нь сайн мэддэг болохоор түүнийг дийлэх амаргүй байсан болов уу?

-Б.Мягмардорж, Ц.Цогтбаатар бид гурав багын найзууд. Жүдо бөхөөр хичээллэж эхэлснээсээ хойш нөхөрлөж байна. Багадаа “Том болохоороо өндөр амжилт гарган, гоё амьдрана аа” гээд мөрөөддөг байлаа, бид гурав. Бидний хүсэл эхнээсээ биелж, Цогоо маань олимпод оролцон, тив, дэлхийд чамлахааргүй өндөр амжилт гаргаж байна. Энэ жил УАШТ-ээс Мягмардорж найзтайгаа хамт алт, мөнгөн медаль авсандаа их бэлгэшээж байна.

-Та жүдо бөхөөр есөн жил хичээллэж байна. Анх энэ спорттой амьдралаа холбосон дурсамжаасаа хуваалцана уу.

-Би Хэнтий аймгийнх. Багадаа хөдөөний хүүхдүүдийн л нэгэн адил хурдан морь унаж, дээл гутлаа ханзартал барилдаж өссөн. Нагац ах маань “Миний дүү барилдах дуртай, бяртай юм чинь Хакүхо аваргын нэрэмжит тэмцээнд оролцох уу” гэдэг юм байна. Би ч барилдах дуртайг хэлэх үү, далиманд нь Нийслэл хот орчихоод ирье гээд зөвшөөрчихлөө. Тэр тэмцээнд оролцож байхдаа Ц.Шийрэв багштай анх таарсан юм. Багш маань “Чи жижигхэн биетэй болохоор сүмогоор барилдаад дэмий. Харин жүдогоор хичээллэх хэрэгтэй” гэж зөвлөн, клубтээ ирж бэлтгэл хийгээрэй гэж намайг урьсан юм. Тэгж л анх жүдо бөхтэй танилцаж байлаа. Нөгөө талаар намайг жүдоч болоход Н.Түвшинбаяр аварга их нөлөөлсөн. Аваргыг Бээжингийн олимпод түрүүлэхэд нь “Ийм мундаг бөх болох юм сан” гэх бодол төрж байлаа.

-Энэ хугацаанд шантарч, больё гэмээр үе гарч байна уу?

-Жүдогоор хичээллэснийхээ дараа 5-6 тэмцээнд оролцон, эхний тойргуудад ялаг­дах­даа нэлээд шантарсан. Бэлтгэл их хийгээд хичээлдээ анхаарахгүй, муу дүн авч байна хэмээн гэрийнхэн ч шүүмжилж эхэлсэн. Тэр үед аргагүйн эрхэнд жүдогоос түр хугацаагаар хөндийрсөн. Кимоногоо харах бүр дэвжээ нүдэнд үзэгдээд л, зарим шөнө бэлтгэл хийж байна гэж зүүдлээд болдоггүй ээ. Тэгээд л жүдо бөхөөрөө эргээд хичээллэсэн.

-МУИС-ийн Геологи уул уурхайн ангид сурдаг. Сургуулиа төгссөнийхөө дараа жүдогоор барилдах уу эсвэл мэргэжлээрээ ажиллах уу?

- Мэдээж залуу хүнд мэргэжил, боловсрол их чухал. Гэхдээ огтхон ч эргэлзэлгүйгээр жүдог сонгоно оо, би.

-Одоогоор гаргаад буй томоохон амжилтаасаа сонирхуулна уу?

-Би жин багатай болохоор сүүлийн жи­лүүдэд л насанд хүрэгчдийн ангиллын тэм­цээнд зодог­лож байна. Өнгөрсөн жилийн Зүүн Азийн АШТ-ээс мөнгө, өсвөр, залуучуудын УАШТ-ээс гурван алт, нэг мөнгө, таван хүрэл медальтай.

-Өмнө нь УАШТ-д түрүүлэх зорилготой байсан. Цаашдын зорилго тань юу вэ?

-Мэдээж тамирчин бүхэн олимпын аварга бо­лохыг зорьдог. Миний мөрөөдөл ч бас тийм. Харин энэ жилийн ДАШТ-д оролцох нь миний ойрын зорилт. Үүндээ хүрэхийн тулд ойрын хугацаанд оролцох тэмцээнүүдэд өндөр амжилт гаргах хэрэгтэй. Би энэ сарын 11-12-нд болох Парисын Их дуулгад оролцохоор бэлт­гэлээ базааж байна. Ялагдах, таа­руу амжилт үзүүлэх эрх надад байхгүй. Медаль хүр­тэхийн төлөө хичээнэ ээ. Энэ сарын 8-нд эх ор­ноосоо мордоно.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай