Баримтат киноны хөгжлийг шинэ шатанд авчирсан бүтээл удахгүй нээлтээ хийнэ

Баримтат киноны хөгжлийг шинэ шатанд авчирсан бүтээл удахгүй нээлтээ хийнэ

Монголын Хог Хаягдлыг Дахин Боловсруулах Үндэсний Холбоо-ны гишүүн Д.Хүрэлбаатарын бодит амьдралаас сэдэвлэсэн баримтат киноны багийнхантай цөөн хором уулзаж ярилцсанаа уншигчиддаа хүргэе.

“Space” энтертайментийн дизайны албаны дарга, “Баатар” баримтат кино багийн зургийн дарга Э.Энхсүх.

-“Баатар” баримтат киноны тайз декорацийн талаар бидэнтэй хуваалцахгүй юу? Ер нь баримтат киноны тайз декораци бүтээхэд хэр хүнд байсан бэ?

-Миний хувьд өмнө нь кино тэр дундаа баримтат киноны тайз декораци хийж байгаагүй ээ. Энэ удаа анхны тохиолдол боллоо. Өмнө нь дандаа шоу томоохон компаниудын брэндингийн арга хэмжээний тайз декорацийг хийж байлаа. Нэг талаараа шоу ертөнц тэр дундаа залуучуудад хандаж аль болох орчин үеийн шийдэлтэй тайз хийж байсан болоод ч тэр үү баримтат кино гэхээр нэг л бууж өгөхгүй байсан гэвэл хилсдэхгүй.

-Таны бодлоор баримтат кинонд тайз ашиглах нь шинэлэг зүйл мөн үү?

- Надад ажиглагдсан зүйл бол гадаадын ч тэр дотоодын ч тэр баримтат кинонд тайз декораци оролцсон байхыг хараагүй. Гэхдээ “Баатар” баримтат киноны хувьд өөрөө их онцлогтой бүтээл л дээ. Бидний мэддэг хуучны баримтат киноны ойлголтыг эвдэх гэж, арай нэг шинэлэг зүйл хийсэн гэдгээрээ онцлогтой гэж бодож байгаа.

- Таны бүтээсэн тайз “Баатар” баримтат кинонд хэр үүрэг гүйцэтгэсэн гэж бодож байгаа вэ?

- Ер нь бол 40 гаруй уран бүтээлчийн ур ухаан шингэсэн зүйл учраас миний хийсэн тайз маш их үүрэг гүйцэтгэсэн гэхэд хэцүү. Гэхдээ яах вэ кинонд маань нэлээд хэрэгтэй зүйл болсон шүү. Инээв.

“Space” энтертайментийн уран бүтээлч “Баатар” баримтат киноны хөгжмийн зохиолч Б.Лувсанлхүндэв.

-“Баатар” баримтат кинонд зориулж оркесторын ая зохиосон гэж сонссон. Ер нь Монголын кино урлагийн ертөнцөд баримтат кино болон уран сайхны кинонд ч оркесторын ая бичих нь сүүлийн үед цөөрсөн гэж боддог. Энэ тал дээр таны байр суурийг сонирхоё?

-Баримтат киноны видео эцсийн байдлаар над дээр ирж би дүрсээ үзсэний үндсэн дээр оркестор дуугарах ёстой юм байна гэж бодсон. Анх ямар ч төсөөлөл байгаагүй. Өмнө нь дандаа орчин үеийн хэмнэлтэй хөгжим бичиж байсан болоод ч тэр үү баримтат кино гэхээр наалдаж өгөөгүй. Харин дүрсээ үзсэний дараа бол өөр мэдрэмж төрсөн шүү. Кино өөрөө маш их сэтгэл хөдлөлтэй, хүмүүсийг догдлуулсан мөчүүд ихтэй байсан учраас кинондоо тааруулж л зохиосон гэх үү дээ.

-Хэр ажиллагаа ихтэй байсан бэ, үзэгчид хэр хүлээж авах бол танд ямар нэгэн төсөөлөл байна уу?

-Хөгжмийг дангаар нь сонсоход өөр мэдрэмж төрнө. Харин нүдээрээ үзээд чихээрээ сонсоход бас нэг өөр мэдрэмж төрнө шүү дээ. Эцсийн дүндээ кино нь үзэгчдэд хүрэх ёстой учраас үзэгчид дүн тавих болов уу...Мэдээж оркестороор ая зохиоход ажиллагаа ихтэй байсан. Хөгжим тус бүрийн аяыг нэг бүрчлэн бичихэд нэлээд цаг хугацаа, хөдөлмөр шаардсан.

“Space” энтертайментийн уран бүтээлч, зураглаач, эвлүүлэгч  Н.Гэгээнсүрэн.

-“Баатар” баримтат киноны эвлүүлэг монтажийг хийхэд компьютер техникийн асуудал нэлээд тулгарсан гэх яриа бий. Таны хувьд ажиллахад хэр хүндрэлтэй байсан бэ?

-Мэдээж бид нарт хэдэн зуун сая төгрөгийн камер байгаагүй. Компьютер ч мөн адил. Техникийн асуудал хүндрэлтэй байсан нуухгүй. Адаглаад компьютер гацах, удах гэх мэт асуудлууд чамгүй тулгарсан шүү. Заримдаа бүр компьютерын гар, хулганыг ч шидчихмээр үе тохиолдсон гэхдээ киногоо эргээд харахад хийгээд дуусчихсан гэдэг л чухал болов уу.

-Эвлүүлэг хийхэд чамгүй хугацаа шаардана тэр дундаа компьютерын асуудалтай үед шүү дээ. Кинон дээрээ зав зайгүй ажиллах мөч олонтой тохиолдсон болов уу?

-Инээв. Тэгэлгүй яахав нэлээд олон өдөр хонж киногоо эвлүүлнэ, өнгө тавина найруулагчийн өнцгийг гаргах гээд ажиллагаа ихтэй. Кино бүтэх хамгийн чухал алхам. Хэрвээ нэг л сцений өнгө зөрвөл асуудал шүү дээ. Тиймээс өөрийнхөө хувьд хамгийн сайнаараа хийхийг хичээсэн. Уран бүтээл гэдэг чинь хүүхэд л гэсэн үг шүү дээ.

-Хүүхэд гэснээс таны хувьд гэр бүлтэй хүн шүү дээ. Магадгүй олон ч гэр бүлтэй уран бүтээлчид тантай адил киногоо бүтээхийн тулд чамгүй золиос гаргадаг биз ээ. Гэр бүлийн зүгээс хэр ойлгож дэмждэг вэ?

-Гэр бүл маань намайг өөрсдийнхөө чадах хэмжээнд дэмждэгт баярладаг шүү. Гэр бүлийн хүн, хамаатан садан гээд бүх л хүмүүс уран бүтээлийг маань дэмжиж надтай хамт өдий хүрчээ. Гэр бүл эхнэр хүүтэйгээ уулзахгүй хоёр гурван өдөр ч ажлаа хийгээд суух үе тохиолдоно. Тэр бүхэнд намайг үргэлж ойлгож дэмждэг дээ.

Баатар кино нь “Space” энтертайментийн анхын бүрэн хэмжээний уран бүтээл бөгөөд 40 гаруй залуу уран бүтээлчид ажиллажээ. Тэдний энэхүү бүтээл нь нийгэм рүү чиглэсэн ашгийн бус залуу уран бүтээлчдийн дуу хоолой гэвэл хилсдэхгүй биз ээ.

Ингээд тэдний бүтээлийн анхны трейлэрийг хамтдаа сонирхоё. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай