Зарлаагүй дайны хөлд үрэгдэгсэд

Өнгөрсөн онд Монголд гэм зэмгүй 50 хүүхэд энэ дайны хөлд өртөж, эхэлж ч амжаагүй амьдрал нь дуусчихлаа. Ард хоцорсон аав, ээж нь хар дарсан ийм аймшигт үйл явдлыг зүүдэндээ ч төсөөлж байгаагүй биз. Тэд амьдрал гэх энэ боломжийг хэрхэн ашиглаж, хэн болох байсныг нь бид тааж мэдэхгүй.

Сүүлийн долоон жилд зам, тээврийн ослоор 500 шахам хүн нас барсны 300-гаад нь хүүхэд байсан гэх статистик мэдээлэл бий. “Ганц хүний үхэл эмгэнэл байдаг бол мянган хүний үхэл зүгээр л статистик болдог” гэж Сталин хэлсэн байдаг. Тийм учраас л бид энэ их тоонд дөжирчихөөд, үүнийг дэндүү тайван хүлээж авдаг болчихов уу? Өмнөх оныхоос буурсан тоо шүү дээ гэх зэргээр өөрсдийгөө тайвшруулаад байгаа ч юм шиг. Зам, тээврийн осол өвчин зовлон биш.

Бид дайн дажинтай улсад ч амьдраагүй. Өөрсдийн болгоомжгүй, хайхрамжгүйгээсээ болж 100.000 хүн тутмынхаа 16 нь зам, тээврийн ослоор амиа алдаж байхад ойролцоох Тажикистан улсад уг тоо 100.000 хүн тутамд гурав ногддог юм байна. Бид чинь гурван саяулахнаа шүү дээ, манайхны нөхөн үржих чадвар ч юу билээ.

Монголын зам бидний хувьд дайны талбар болоод байгаа нь энх цагийн эмгэнэл.

“Жинхэнэ” дайнд үрэгдэгсдэд ядаж л шалтаг, шалтгаан байсан гэдгээрээ арай дээр ч юм шиг. Он гараад сар ч болж амжаагүй байхад орон нутгийн замд 10 хүн осолджээ.

Зөвхөн өнгөрсөн онд нийт 46.712 осол гарсан Монголын зам гэгдэх энэ дайны талбарт хүмүүс нас барахаас гадна хөнгөн, дунд, хүнд зэргийн гэмтэл авч байна. Гэмтэж бэртсэн 1247 хүн эрүүл мэндэд нь учирсан хохирлоо бүрэн барагдуулсан уу гэвэл мэдээж үгүй. Зам, тээврийн осолд өртөн гэмтэж, үрэгдэгсдийн 90 хувь нь дундаж, дунджаас доогуур орлоготой хүмүүс байдаг дэлхий нийтийн жишиг Монголд мөн л адилхан.

Тиймээс ч гэмтсэн болон гэмтээсэн хүний хувьд санхүүгийн асуудал маш их дарамт үүсгэдгээс гадна зам, тээврийн осолд өртсөн “азтай” хүмүүс зарим тохиолдолд хөдөлмөрийн чадвараа бүрэн алдаж, бие эрхтэнээрээ хохирч үлддэг. Энэ бүхэн таны амьдралаас хол санагдаж байгаа бол тэдний эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарт учруулж буй “дарамт”-ыг тооцох хэрэгтэй.

2010 онд хийсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар манайхтай ойролцоо орнууд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ таван хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг зам, тээврийн ослоор гэмтсэн хүмүүст зориулдаг гэж дүгнэсэн байдаг.

Зам, тээврийн ослоор ийм олон хүн эндэж байгаад төр засаг ч буруутай. Хууль эрх зүйн орчин муу, ослоос урьдчилан сэргийлэх бүтээн байгуулалтын ажил хийх нь байтугай машин, явган хүнээ ч олигтойхон зохицуулж чадахгүйгээс ачаалал ихтэй зарим уулзвар дээр “бантан” болж байгааг хүн бүр мэднэ. Халтиргаа, гулгаа бол хотын зам дээрх ослыг нэмэгдүүлэх наад захын шалтгаан. Гэхдээ хөдөө орон нутгийн замыг мартаж болохгүй.

Мэдээж зам, тээврийн ослын гол буруутан нь жолооч нар. Жолооны ард суусан согтуу хүн хүйтэн зэвсэг барьсан алуурчинтай адил. Хурд хэтрүүлэн, утсаар ярьж, хөгжим хангинуулан давхиж яваа тэр хүний үр хүүхэд, хамаатан садан нь өөртэй нь адил хариуцлагагүй нэгний гарт амиа алдахгүй гэсэн баталгаа бий гэж үү.

2016 онд 1.310.324 хүн тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодож байгаад баригдсан байна. Энэ тоонд багтаагүй хэдэн мянган хүн өөрсдийгөө азтайд тооцон давхиж яваа гэдгийг бид таамаглаж л чадна.

Ухамсаргүй, хариуцлагагүйн тодоос тод жишээ бол дүүрэн хүн суулгачихаад уралдааны зам дээр яваа мэт аягладаг автобусны жолооч нар. Уг нь аливаа улсад нийтийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг олгохдоо олон шалгуур тавьж, түүнийг хангасан, хамгийн хариуцлагатай хүмүүсийг сонгодог шүү дээ.

Зам, тээврийн осолд явган зорчигчид ч буруутай. Энд тэндээс гэнэт гарч гүйдэг, гарцаар гарахаа мэддэггүй, танхай хүмүүсийг дайрчихгүй явах юм сан гэж жолооч нар их “хөдөлмөрлөдөг”. Замын хөдөлгөөнд оролцож буй этгээдийн хувьд адилхан хариуцлагатай байх хэрэгтэй.

Хууль эрх зүйн орчин бүрдээгүй Монголын өнөөгийн нөхцөлд бэртэж гэмтэхгүй, амь насаа алдчихгүйн тулд онцгой анхаарал сэрэмжтэй явах ёстойг хүүхэд, залуучуудад ойлгуулахгүй бол замыг тоглоомын өрөөтэйгөө андууран “гүйлддэг”, тааваараа таваргагсад ч олон бий.

Энх цагийн энэхүү дайнд өртөгсдийн тоог бууруулах зорилготой, “Өнөөдөр” сонины хуудсаар гурван сарын турш уншигчидтайгаа “уулзах” “Монголын зам-дайны талбар” хэлэлцүүлгээ өнөөдрөөс эхлүүлж байна. Бид хэн нэгнийг буруутгах гэсэнгүй, харин шийдэл, гарц, арга замыг л эрж хайж байна.

Уншигч та бүхэн “Өнөөдөр сонин” фэйсбүүк хуудас, today@mongolnews.mn хаягаар холбогдон бидэнд саналаа илгээх боломжтой. Мөн энэ асуудлыг хариуцсан байгууллагуудтай хамтран ажиллах сонирхолтой байгаа тул бидэнтэй холбогдон дэвшүүлж буй санаанд өгөх хариуг сониныхоо хуудсаар дамжуулан та бүхэнд танилцуулах болно.

“Өнөөдөр” сонины редакц

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай