Эмч зөвлөж байна: Парацетамолыг буруу буюу хэтрүүлж хэрэглэх нь аюул дагуулна

Эмч зөвлөж байна: Парацетамолыг буруу буюу хэтрүүлж хэрэглэх нь аюул дагуулна

Өвлийн улирал бол эмийн бөөний төвүүд, эмийн үйлдвэрүүд, эмийн сангуудын алтан үе юм. Эмийг талх шиг зардаг болсон өнөө үед эмчид үзүүлэхгүйгээр дур мэдэн эм уух нь элбэг. 
Ханиад томуутай үед шаардлагагүй эм, тариа, витамин, антибиотек хэрэглэж эдийн засаг, эрүүл мэндээрээ хохирох нь элбэг байна. (Антибиотекийн талаар жич бичнэ)
Ханиад хүрсэн үед халуурах, бие жихүүцэх, толгой өвдөх нь түгээмэл шинж юм. Энэ үед уудаг гол эм нь ПАРАЦЕТАМОЛ юм. 
Парацетамол нь өвдөлт намдаах, халуун бууруулах үйлчилгээтэй, мөн үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлнэ. 
Сүүлийн үед ТВ бусад мэдээллийн хэрэгсэлээр төрөл бүрийн ханиад томууны үед ууж хэрэглэдэг эмийг асар ихээр сурталчилдаг болсон. Энэ эмүүд нь бүгд парацетамол агуулдаг бөгөөд хэрэв энэ эмүүдийг бүгдийг нь уувал элэг үхжүүлэх үйлчилгээтэй ПАРАЦЕТАМОЛын тун хэтэрч хордлогонд орно. 
Танил маань эмийн сангаас Тайлол хот, Терафлу гэх 2 эмийг нэг дор ойр ойрхон ууж байсан явдал нь энэхүү жижигхэн мэдээллийг бичих болсон шалтгаан болов. Эдгээр нь өөр нэртэй эмүүд боловч найрлаганд нь өндөр тунгаар парацетамол агуулдаг юм.
Жишээлбэл: минигрипп, миксагрипп, миксафлу, терафлу, тайлол хот, колдвон колдрекс, тиленол, параденк, алкафен, насал, снип, цитрамон-П, фервекс, филко-пара, цефекен-Д, далерон, ринколд, седалгин-нео, эффералгин коулд, колдакмин, саридон, панадол..... 
Мөн парацетамол нь шахмал, тариа, лаа, сироп, дусал зэргээр олон хэлбэрээр байдагийг мөн анхаарах.
Анхаар: Парацетамолыг нэг удаадаа насанд хүрсэн хүн 500 мг, өдөрт 4 удаа 2000 мг, (Дээд тун нь нэг удаадаа 1000 мг, өдөрт 4000 мг.) үүнээс дээш бол хордлого үүсгэнэ. (Хүүхдэд кг жинд тооцож өгдөг, зөвхөн эмчийн заавраар өгөх учир энд тунг оруулсангүй, бичвэл дур мэдэн өгч магадгүй)
Тун хэтэрсэн шинж тэмдэг: Хоолонд дургүй болох, дотор муухайрах, огиж бөөлжих, ходоод аюулхайд өвдөх, толгой өвдөх, хөлрөх, шээс хар гарах, арьс болон салст шарлах зэрэг шинж илэрвэл яаралтай эмнэлэгт хандана.
Архи согтууруулах ундаа хэрэглэсэн, жирэмсэн, өндөр настан, уналт таталтын эм хэрэглэсэн хүн болгоомжтой хэрэглэнэ. Шартасны маргааш толгой өвдөлтөндөө парацетамол давхарлаж ууж бсн бол элэгээ шарж байгаатай л адил. Шартана гэдэг элэгний үрэвсэл + парацетамол = элэгний эд эсийн некроз болгож болзошгүй.
Эмийн найрлаганд нь парацетамол гэж бичигдсэн, эсвэл ацетаминофен гэж бичигдсэн бол болгоомжтой, тунг давхардуулахгүйгээр хэрэглээрэй.

Бэлтгэсэн: Н.Мэндсайхан

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай