“Ардын үг” аян Ерөнхийлөгчийн найман жилийн ажлыг дүгнэнэ

“Ардын үг” аян Ерөнхийлөгчийн найман жилийн ажлыг дүгнэнэ

Монголын медиа корпораци “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяныг үргэлжлүүлэн зохион байгуулах гэж байна. Өмнө нь тус аяныг Дорноговь аймаг, Сүхбаатар, Баянгол дүүрэгт амжилттай зохион байгуулж байсан билээ. Энэ удаад орон даяар зохион байгуулах гэж байгаа талаар “Eagle” телевизийн гүйцэтгэх захирал Д.Бадамдаш, Монголын медиа корпорацийн зөвлөх Р.Батсайхан, МЕС судалгааны төвийн захирал Л.Золбаяр, “Eagle” телевизийн тоймч Б.Жаргалмаа нар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын сонгуулийн насны иргэдийг төлөөлөх 400 хүнийг санамсаргүй түүврийн аргаар сонгож хэлэлцүүлэгт оролцуулан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн найман жилийн ажлыг дүгнүүлэх юм байна. “Ардын үг” зөвлөлдөх аяны хамгийн гол зарчим нь хэлэлцүүлэгт оролцох хүмүүст бүх талын мэдээллийг өгснийхөө дараа саналыг нь авах юм. Тодруулбал, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон түүний үйл ажиллагааг шүүмжилдэг хүмүүсийг хэлэлцүүлэгтээ урьж тухайн 400 иргэнд тэнцвэртэй, бодит мэдээлэл өгөх ажээ. Ийнхүү бүх талын мэдээллийг сонссон иргэд Ерөнхийлөгчийн өнгөрсөн найман жилийн бодлого, үйл ажиллагааг нууцаар санал өгөх зарчмаар дүгнэх юм байна. Хэлэлцүүлэгт оролцох иргэдээ сонгохоос эхлээд “Ардын үг” аян сар гаруй хугацаанд үргэлжилнэ гэдгийг “Eagle” телевизийн гүйцэтгэх захирал Д.Бадамдаш онцолж байлаа. Ерөнхийлөгчийн сонгууль удахгүй болох гэж байгаа хэдий ч одоогийн Ерөнхийлөгч хуулийн дагуу дахин нэр дэвших боломжгүй учраас энэ удаагийн “Ардын үг” аян нь сонгуультай ямар нэгэн байдлаар холбоогүйг мөн тэрээр хэлж байлаа. Энэхүү аяныг зохион байгуулагчид мэдээлэл хийснийхээ дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид саналаа танилцуулж, “Ардын үг” аянд оролцохыг урихаар төлөвлөжээ.

Монголын медиа корпораци зөвлөлдөх ардчиллын ач тусыг нийгэмд сурталчлан таниулах зорилгоор “Ардын үг” зөвлөлдөх аяныг цаашид ч зохион байгуулах юм байна. Дэлхий даяр төлөөллийн ардчиллын нэр хүнд унаж, иргэдийн итгэх итгэл буурч байгаа учраас зөвлөлдөх ардчиллын зарчмыг бий болгох, шийдвэр гаргах төвшинд хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Дэлхийн 30 гаруй оронд зөвлөлдөх ардчиллыг амжилттай туршин хэрэгжүүлж эхэлсэн байна. Тухайлбал, БНХАУ-ын зарим мужууд шийдвэр гаргах төвшиндөө хэрэгжүүлэх болжээ. Манай улс ч гэсэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Г.Занданшатар Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төсөл боловсруулан парламентаар хэлэлцүүлж байгаа юм. 

Зөвлөлдөх ардчилал гэж юу вэ?

Онолын хувьд шууд ардчилал, төлөөллийн ардчилал, элит ардчилал, зөвлөлдөх ардчилал гэсэн ардчиллын дөрвөн хэлбэр байдаг. Дэлхий даяар төлөөллийн ардчиллын нэр хүнд унаж, шийдвэр гаргалтад олон нийт итгэхээ больж, сонгуулийн идэвх жилээс жилд суларч буй зэрэг хүндрэлүүдийн зөв шийдэл нь иргэдийн оролцоо, тэдний санаа бодол, үнэлгээ болж байна. Тухайлбал, дэлхийн 30 гаруй оронд зөвлөлдөх ардчиллыг амжилттай туршиж, хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд улсын төсвийн хөрөнгө оруулалтаа оновчтой тодорхойлох, эрх бүхий албан тушаалтны ажлын тайланг хэлэлцэхэд түлхүү ашиглаж байна. Учир нь Зөвлөлдөх ардчилал нь мэдээлэлжсэн иргэдийн ул суурьтай хэлэлцүүлгээр бодитой үнэлгээ гаргаж, шийдвэр гаргалтыг бодитой, урт настай, иргэдийн дэмжлэгтэй болгодог орчин үеийн аргачлал юм.

Ийнхүү дэлхийн олон улсууд Зөвлөлдөхийг эрхэмлэх болсон бөгөөд бид ч гэсэн "Зөвшилцсөнөөс Зөвлөлдсөн нь дээр" уриан дор эрүүл, бодитой, олон нийтийн оролцоо, дэмжлэгт тулгуурласан арга зүйг улс төр, нийгмийн үйл ажиллагаанд хэм хэмжээ болгон нэвтрүүлэхийг зорьж байна.

Монголд хамгийн анх Улаанбаатар хотын удирдлагууд Зөвлөлдөх санал асуулгыг хэрэгжүүлж, ойрын үед хэрэгжүүлэх 14 том төсөл, хөтөлбөрийг иргэдээр эрэмбэлүүлж, хэрэгжүүлэх хугацааг тогтоолгон, ач холбогдлыг үнэлүүлж байсан удаатай. Мөн “Монголын медиа корпорац”-ийн санаачилгаар Дорноговь аймаг, нийслэлийн Баянгол, Сүхбаатар дүүрэгт Зөвлөлдөх аяныг амжилттай зохион байгуулсан туршлагатай билээ.

“Монголын медиа корпораци” Зөвлөлдөх ардчиллыг олон нийтийн үйлс, ардчиллын шинэ давлагаа болгон дэлгэрүүлэх, хэм хэмжээ болгон төлөвшүүлэхийн тулд “Ардын үг” зөвлөлдөх аяныг цаашид ч тодорхой асуудлуудаар орон даяар өрнүүлсээр байх болно. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай