Ганцаараа дөрвөн хүний амь аварч байхад иргэд гараа хумхин харж зогсчээ

Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны 14 дүгээр гудамж буюу Зүүн салааны автобусны эцсийн буудлын дэргэдэх айлын байшин өчигдөр өглөө 08.00 цагийн үед шатжээ. Тэр үед ажилдаа явж байсан тус дүүргийн Цагдаагийн II хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, дэслэгч Г.Ганбаяр байшин, түүний урд байсан машиных нь завсраар утаа саагиж байгааг харжээ. Тэрбээр “Машинаа халааж байгаа юм болов уу” гэж бодоод хашааных нь урдаас шалгаж үзэхээр тойртол үүднийх нь амбаараас гал дүрэлзэж байсныг хашаан завсраар хармагцаа 101 дугаарын утас руу мэдээлэл өгч даваад орсон байна.

Амбаар руу нь орох гэтэл цахилгааны утас нь богино холболт үүссэнээс оч маналзахын сацуу адар нь юу юугүй нурж эхэлжээ. Цонхоор нь шагайтал нэг эмэгтэй нөмгөн сууж байсан тул түүнд “Амбаар нь шатаж байна. Байшингаас гар” гэж хэлж. Энэ үед цаанаас босож ирсэн залуу байшингийнхаа хаалгыг нээтэл өөдөөс нь гал хүчтэй цоргин ороод ирсэн гэнэ. Тиймээс дэслэгч Г.Ганбаяр байшингийн зүүн талаас буюу гал хүрээгүй талынх нь цонхыг хагалан оржээ. Юу ч харагдахгүй, бөөн утаан дундаас эхлээд эмэгтэйг, дараа нь гэрийн эзэн Н-г, тэгээд үүд онгойлгож гар, цээж, нүүр, үс нь галд цоргиулсан залууг гаргасан байна.

Хамгийн сүүлд “Амь авраарай” хэмээн хашгирах дуунаар үлдсэн залууг нь олсон бөгөөд тэр бээр “Би босож чаддаггүй, хөл муутай” гээд газраар зассан орон дээр хэвтэж байсан аж. Түүнийг үүрч, дүүрч гаргаад байшингийн урд нь байсан машинд хохирогчдыг оруулжээ. Энэ үед амбаар нь нурж унаад, гал байшингийн талд хүртэл газар авсан байна. Тиймээс машин галд өртөж, дэлбэрэхээс урьдчилан сэргийлж асдаг, үгүй нь мэдэгдэхгүй тээврийн хэрэгслийг түрж арайхийн холдуулсан гэнэ.

Тэгэхэд хөршийнх нь хүмүүс гэрийнхээ үүдэн дээрээс эцсийн зогсоолд ирсэн 2-3 автобуснаас буусан иргэд үзвэр үзэж буй аятай хараад зогсож байсан нь хамгийн харамсалтай. Хашааг нь давж орж ирээд туслах сэтгэл “үзэгчдийн” хэнээс нь ч гараагүй нь монгол хүний тусч, энэрэнгүй зан хаачаа вэ гэсэн сэтгэгдэл төрүүлэв.

Түүнээс гадна гэрийн эзэн, эзэгтэй нар “Цахилгааны утсаа соль гэж хэлээд байхад сольсонгүй” гэж маргалдахын зэрэгцээ хамаг эд хөрөнгө маань шатчихлаа гээд гал руу гүйж орох гэж зүтгэж байжээ. Галаас дөрвөн хүнээ гаргасны дараа тэрбээр Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч нарыг дуудаж, ГССҮТ-д хүргүүлсэн аж.

Дэслэгч Г.Ганбаяраас болсон явдлын талаар тодруулахад “Утаа гараад байгааг лавшруулан шалгатал амбаар нь шатаж байсан. Хашааны хаалга цохиход хэн ч тайлж өгөөгүй тул нохойг нь тоолгүй л даваад орчихсон. “Хамаг эд хөрөнгө маань шатчихлаа” гээд буцаж гал руу орчих гээд байсан нь үнэхээр хэцүү. Нэг ч гэсэн хүний амь аваръя гэж бодсон. Ингээд дөрвөн хүн аварлаа” гэж байлаа.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (98)

Илгээх

Энэ тухай