"АНУ-ын визийн журам"-ын дэлгэрэнгүй мэдээлэл

"АНУ-ын визийн журам"-ын дэлгэрэнгүй мэдээлэл

САНАМЖ: АНУ-ын Төрийн департамент, Иргэний харьяалал, цагаачлалын алба болон Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яамны цахим хуудсан дахь мэдээллийг эх сурвалж болгон доорх мэдээллийг бэлтгэсэн бөгөөд олон нийтэд ерөнхий ойлголт өгөх зорилготой болно.

АНУ-ын визийн журам

Америкийн Нэгдсэн Улсад (АНУ) зорчих хүсэлтэй гадаадын иргэн зорилгоосоо хамааран цагаачлалын бус богино хугацааны, эсвэл удаан хугацаагаар оршин суух цагаачлалын виз мэдүүлдэг. АНУ-д визгүй зорчих шалгуур хангасан орны иргэд Визгүй зорчих Хөтөлбөрийн хүрээнд визгүй зорчих боломжтой хэдий ч зорчихоосоо өмнө зорчих зөвшөөрөл олгох цахим (ESTA) системээр орж зөвшөөрөл авах шаардлагатай байдаг.
Тухайн иргэнд виз олгосон хэдий ч энэ нь түүнийг АНУ-д нэвтрэх баталгаа гэж үзэж болохгүй. АНУ-ын хилийн Цагаачлалын албаны байцаагч уг иргэнийг АНУ-д ямар хугацаагаар нэвтрүүлэх эсэхийг шийдвэрлэдэг гэж ойлгох нь зүйтэй.

Цагаачлалын бус виз

Цагаачлалын бус визийг Америкийн Нэгдсэн Улсад тодорхой хугацаанд, тодорхой зорилгоор зорчих хүсэлтэй жуулчид, бизнес эрхлэгчид, оюутнууд, эсвэл мэргэжлийн ажилчдад олгоно. АНУ-ын визний тухай хууль тогтоомжийн дагуу цагаачлалын бус виз мэдүүлэгчдийн ихэнх нь өөрийн эх оронтойгоо нягт холбоотой, АНУ-д зорчсоныхоо дараа буцаж ирэх зайлшгүй шалтгаантайгаа АНУ-ын Элчин сайдын яам /Консул/-нд нотлох шаардлага тавигддаг.

Цагаачлалын виз

Цагаачлалын виз нь АНУ-д байнга оршин суух иргэдэд зориулагдсан бөгөөд АНУ-ын иргэншил авахад дөхөм болдог. Ихэнх тохиолдолд цагаачлалын визийн өргөдлийг АНУ-ын иргэн, эсвэл АНУ-д хууль ёсоор байнга оршин суугч нь гэр бүлийн гишүүн-цагаачлахыг хүсэгчийн нэрийн өмнөөс АНУ-ын Иргэний харьяалал, цагаачлалын албанд (USCIS) эсвэл гадаадад суугаа АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын Хэлтэс/-нд хүсэлт гаргадаг. Мөн АНУ-ын ажил олгогч байгууллага тодорхой, байнгын ажлын байранд гадаадын харьяатыг авч ажиллуулах сонирхолтой талаар хүсэлт гаргаж болдог.

Оюутны виз:

Оюутны виз мэдүүлэхийн тулд юуны өмнө тухайн сургууль, сургалтанд албан ёсоор бүртгүүлж тэнцсэн байх ёстой. Элсэлт авсан боловсролын байгууллага элсэгч бүрийг оюутны виз мэдүүлэхэд шаардлагатай бичиг баримтаар хангана.

  • F-1 виз: Энэ бол оюутны визийн хамгийн түгээмэл ангилал юм. Хэрэв АНУ-д итгэмжлэгдсэн сургууль, коллеж, их дээд сургууль, хувийн дунд сургууль, Англи хэлний сургалтанд хамрагдахыг хүсч байвал F-1 виз мэдүүлэх шаардлагатай. Мөн бусад төрлийн сургалт долоо хоногт 18 цагаас дээш бол F-1 виз мэдүүлэх хэрэгтэй.
  • M-1 виз: Хэрэв АНУ-д техник мэргэжлийн сургалт, дадлагад хамрагдах бол M-1 виз мэдүүлэх бөгөөд эдгээр виз болон АНУ-д суралцах боломжийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг АНУ-ын Боловсролын цахим хуудаснаас үзнэ үү.

Улсын сургууль (Public Schools)

АНУ нь хуулиар төрөөс санхүүждэг бага сургууль (цэцэрлэгээс 8-р анги хүртэл) болон насанд хүрэгчдэд зориулсан боловсролын сургалтанд гадаадын иргэдийг хамруулдаггүй. Иймд эдгээр сургуулиудад суралцах F-1 виз олгодоггүй.

  • F-1 визийг төрөөс санхүүждэг дунд сургуульд (9-12-р ангиуд) суралцах хүсэлтэй гадаадын иргэнд олгож болох боловч сурагч тухайн сургуульд дээд тал нь 12 сар л суралцах боломжтой. Тус сургууль I-20 маягтанд оюутан холбогдох сургалтын зардлаа төлсөн, төлбөрийн хэмжээний талаар тусгасан байх ёстой.
  • F-1 визний шалгуурын талаар дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн Департаментын цахим хуудаснаас үзнэ үү.
  • Харин A, E, F-2, G, H-4, J-2, L-2, M-2 болон бусад цагаачлалын бус визтэй иргэний ийм төрлийн визтэй хүүхэд төрөөс санхүүждэг бага болон дунд сургуульд элсэн суралцах боломжтой.

Гэр бүлийн гишүүд

АНУ-ын визтэй иргэнийг АНУ-руу дагалдаж явах эхнэр/нөхөр эсвэл 21 нас хүрээгүй гэрлээгүй хүүхдүүд F эсвэл M виз авах ёстой. Харин F эсвэл M визтэй иргэний эцэг эхэд энэ ангиллын виз олгохгүй. Гэр бүлийн гишүүд нэг дор виз мэдүүлэх нь дээр гэж үздэг боловч эхнэр/нөхөр эсвэл хүүхэд нь тусдаа хожим виз мэдүүлэх тохиолдолд оюутны визтэй гэр бүлийн гишүүнийхээ паспорт, визний хуулбар болон бусад шаардлагатай бичиг баримтуудыг (жишээ нь гэрлэлтийн гэрчилгээ, төрсний гэрчилгээ г.м) ярилцлагад орохдоо авч очих ёстой.

Гэр бүлийн гишүүд нь АНУ руу тухайн F-1 визтэй оюутныд зөвхөн амралтын журмаар түр хугацаагаар зочлох тохиолдолд жуулчлалын (B-2) виз мэдүүлэх шаардлагатай байдаг.

Оюутны эхнэр/нөхөр, гэр бүлийн бусад гишүүд F эсвэл M визээр АНУ-д байх хугацаандаа ажил хийх эрхгүй. Хэрэв ажил хийхийг хүсч байвал тэд тусгайлан ажлын виз авах ёстой.

Мэргэжлийн дадлага (OPT)

F-1 визтэй иргэн сургуулиа төгсөх бүх шаардлагыг хангасан эсвэл сургуулиа төгссөн (дипломын ажил болон түүнтэй адилтгах ажил орохгүй) бол АНУ-д 12 сарын хугацаагаар мэргэжлийн дадлага хийх боломжтой. Мэргэжлийн дадлага гэдэг нь хичээлээс тусдаа зүйл бөгөөд дадлагын хугацааг оюутны сургалтын хөтөлбөр болон сургалтын хугацаанд голдуу тусгадаггүй. Дадлага хийхээр АНУ-ын ЭСЯ-нд F виз мэдүүлж буй оюутан сургууль төгсөх хугацаа нь өнгөрсөн ч I-20 маягт мэдүүлж болно. Гэхдээ I-20 маягтад сургалтын хөтөлбөр дууссанаас хойш дадлагын хөтөлбөрт оролцох зөвшөөрөл олгосон сургуулийн албан тушаалтны тэмдэглэгээ байх ёстой. Үүнээс гадна, оюутны дадлагын хөтөлбөрийг USCIS-аас зөвшөөрсөн эсвэл зөвшөөрөл хүлээгдэж байгаа гэдгийг нотолсон баримт- Ажиллах Зөвшөөрлийн Карт эсвэл зөвшөөрөл хүлээгдэж байгаа гэдгийг нотолсон I-797 маягт байх ёстой.

Хичээл завсардсан оюутнуудын визний нөхцөл

Таван сараас илүү хугацаагаар хичээл завсардсан оюутнууд буцаж сургуулиа үргэлжлүүлэхийн тулд дахин F-1 эсвэл M-1 оюутны виз мэдүүлэх шаардлагатай.

АНУ-д сурч буй оюутнууд

Цагаачлалын хуулийн дагуу сургууль, сургалтаа сольж буй оюутан таван сарын дотор дараагийн сургуульдаа элсээгүй бол оюутны (F-1 эсвэл M-1) статусаа алдаж болно. USCIS нь оюутны статусыг сэргээдэггүй ба оюутны статусаа алдсан тохиолдолд тухайн F эсвэл M визээр АНУ руу зорчих боломжгүй болно. Нэмэлт мэдээлэл болон Цагаачлалын бус Статусыг Сунгах/Өөрчлөх Мэдүүлгийн I-539 өргөдөл гаргаж статусаа дахин сэргээлгэх хүсэлт гаргах зааварчилгааг цахим хуудаснаас үзнэ үү.

Гадаадаас АНУ руу буцаж ирэх оюутнууд

АНУ-д сурч байх хугацаандаа хичээлээсээ өөр ажлаар эх орондоо болон гадаадад таван сараас илүү хугацаагаар зорчиж хичээл завсардсан тохиолдолд оюутан визний F-1 эсвэл M-1 статусаа алдана. Оюутан АНУ-аас эх орон болон гадаад руу сургууль, сургалтын шугамаар зорчихын өмнө аялал нь албан ёсоор хичээл сургалттай холбоотой эсэхийг сургуулийн холбогдох албан тушаалтнаас тодруулж, баталгаажуулах нь зөв юм.

Оюутан АНУ-д сурч байх хугацаандаа эх орондоо буюу гадаадад оюутны бус статусаар таваас илүү зорчвол хугацаа нь дуусаагүй F-1, M-1 визтэй ч АНУ руу нэвтрэхэд хилийн боомт дээр Гааль, хил хамгаалах албаны (CBP) ажилтнууд уг визийг хүчингүйд тооцож нэвтрүүлэхгүй байх магадлалтай. Иймд аргагүй байдлын улмаас хичээлээсээ таваас илүү сараар хичээлтэй холбоогүй ажлаар АНУ-аас гарч завсардсан оюутнууд АНУ руу зорчихдоо АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын Хэлтэс/-нд дахин виз мэдүүлэх нь зүйтэй.

Цагаачлалын бус визээр тухайлбал, жуулчны (B1/B2) визээр АНУ-д хууль ёсоор нэвтэрсэн, уг цагаачлалын бус виз хүчинтэй, визний нөхцөлийг зөрчөөгүй, хууль бус үйлдэл хийгээгүй тохиолдолд АНУ-д байх хугацаандаа I-20 маягт бөглөж сургуульд элсэн визээ оюутны виз болгон өөрчлөх хүсэлт гаргаж болно.
F визтэй үндсэн оюутнууд сургуулийнхаа хотхонд долоо хоногт дээд тал нь 20 цаг ажил хийж болно. Оюутны статусаа нэг жил хадгалсны дараа АНУ-ын Иргэний харьяалал, цагаачлалын албанаас оюутны хотхоноос гадуур ажиллах зөвшөөрөл хүсч болно.

Ажиллах зөвшөөрөл (Employment Authorization Document-EAD):

АНУ-д ажил эрхлэхийн тулд хууль ёсны ажиллах зөвшөөрөл авсан байх ёстой. АНУ-д хууль ёсоор ажиллагсдыг Түр ажиллах (цагаач бус) ажилтан, Байнга ажиллах (цагаач) ажилтан гэж ангилдаг. Харин гадаад оюутан, солилцооны хөтөлбөрөөр суралцагч сургуулийн эрх бүхий ажилтан зөвшөөрсөн тохиолдолд тодорхой цагаар тухайн сургуулийн зарласан ажлын байранд ажиллахыг зөвшөөрдөг.
Ажлын төрөл ангилал бүр өөр өөрийн тавигдах шаардлага, оршин суух хугацаагаараа харилцан адилгүй байдаг. Иймд тухайн ангиллын визийн нөхцөл, хязгаарлалтыг зөрчихгүй байх нь чухал юм.
Түр ажиллах ажилтан буюу цагаачлалын бус визтэй хүмүүсийг а) АНУ-д түр ажиллах цагаач бус иргэн б) АНУ-ын тодорхой ажил олгогчийн ажлын байранд ажиллах цагаач бус иргэн в) АНУ-д ажиллах зөвшөөрөл хүсэх цагаач бус иргэн гэж 3 ангилдаг байна. Цагаач буюу байнга оршин суугчийн эрх авахаар хүсэлт гаргасан бөгөөд шийдвэр хүлээж буй иргэн, түр ажил эрхлэх визтэй ирсэн ажилтны гэр бүлийн гишүүн гэх мэт дээр дурдсан ангиллын 1 болон 3 дахь ангилалд хамаарах хүмүүс нь ажил эрхлэхийн өмнө зайлшгүй ажиллах зөвшөөрөл авсан байх шаардлагатай.

Харин байнга оршин суугч, эсхүл анх ирэхдээ түр ажиллах зорилго бүхий ангиллын визтэй ирсэн иргэн ажиллах зөвшөөрөл авах шаардлагагүй юм.
Ажиллах зөвшөөрөл буюу EAD-ийг ихэвчлэн 1 жилийн хугацаатай олгодог бөгөөд зохих маягтыг (Form I-765) бөглөн хүчинтэй хугацаа дуусахаас өмнө зөвшөөрлөө сунгуулах шаардлагатай. Зөвшөөрөл хүчингүй болохоос 120-иос дээш хоногийн өмнө буюу эрт сунгуулах хүсэлт гаргахыг зөвшөөрдөггүй бөгөөд алдсан, үрэгдүүлсэн, өргөдөл гаргагчийн буруугаас мэдээлэл нь зөрүүтэй хэвлэгдсэн бол дахин зохих маягтыг бөглөн үйлчилгээний хураамжийг төлж нөхөн авна. Харин олгогч байгууллагын буруугаас болж мэдээлэл нь зөрүүтэй хэвлэгдсэн бол маягт болон үйлчилгээний хураамж төлөх шаардлагагүй зөвхөн алдаа бүхий картаа эх хувиар нь алдаа гарсан тухай тайлбарыг нотлох баримтын хамт олгосон байгууллагад хүргүүлэхэд хангалттай.

Эх сурвалж: МОНГОЛ УЛСААС АНУ-ЫН САН ФРАНЦИСКО ХОТОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

Илгээх

Энэ тухай