Шаравын Чоймаа: Монголчуудын байгалиа хамгаалах уламжлалт соёл

Шаравын Чоймаа: Монголчуудын байгалиа хамгаалах уламжлалт соёл

Монгол бэлгэдлийн нөгөө тал нь цээр юм. Бэлгэдэл, цээр хоёр нь арга билгийн шүтэлцээтэй оршиж, монголчуудын уламжлалт соёл, зан үйлийн цөм болж байдаг. Миний энэ өгүүлэлд Монголчуудын байгалиа хамгаалах уламжлалт соёл, түүний бэлгэдэл цээрийн ёсон, өнөө цагийн төрх байдлыг ч хөндөн өгүүлэх болно.

 

Аль ч үндэстэн угсаатанд өөрийн хэл соёл, ёс заншил, шашин шүтлэг байдаг бөгөөд харин эрт галавын үеэс эх байгалийнхаа ааш араншингаар төрж, түүнийгээ тахиж шүтсэн, хайрлаж хамгаалсан сэтгэлгээ нь төстэй юм. Гэвч хүн төрөлхтөний түүхэн хөгжлийн явцад тэрхүү сэтгэлгээ нь өөр өөр болж, улмаар зан үйлийн өвөрмөц цогц соёл болон төлөвшсөн ч байдаг. Тийм өвөрмөц соёлтой ард түмний нэг нь Монголчууд юм.

 

Байгаль, соёл хоёрын зааг ялгаа нь эрс өөр юм шиг санагдаж болно. Тухайлбал байгаль гэдэг нь хүний санаа хүслээс үл хамааран, өөрийн жамаараа үүсэж, өөрийн зүй тогтлоор хувьсан өөрчлөгдөж байдаг сав ертөнц юм. Тэрхүү сав ертөнцөд шүтэж амьдардаг амьтадын нэг нь хүн төрөлхтөн бөгөөд өөрийн хөгжлийн явцад  соёл хэмээх олон талт үнэлэмж ухагдахууныг буй болгожээ. Байгаль, соёл хоёр нь хүйн холбоотой, шалтгаан үрийн барилдлагатай зүйл. Байгаль үгүй байсан бол соёл хэмээх ойлголт байтугай хүн төрөлхтөн ч үгүй байх сан. Энэ мэтээр  эргэцүүлэн ухаарвал, соёлын буй болох, оршин тогтох, улмаар хөгжин хувьсахын язгуур үндэс нь эх байгаль билээ.

 

Орчин үед соёл хэмээх үг тун өргөн утгатай нэр томьёо болжээ. Өрнөдийн хэлэнд “cultura” хэмээх латин гаралтай үгээр, монгол хэлэнд “соёл”(soju+l) хэмээх үгээр уг ухагдахууныг нэрлэх бөгөөд хоёулын эртний утга нь боловсруулан гэгээрүүлэх, хүмүүжүүлэх, зөв ёс эзэмшүүлэхийг хэлдэг байжээ. Энэхүү эртний утгаар нь зөв ёс суртахуунтай хүнийг соёлтой хэмээн нэрлэдэг билээ. Ёс суртахуун гэдэг бол зөв харьцахуй л юм. Хүн төрөлхтөн хүн хүнтэйгээ зөв харьцах тухай л ярьж ирсэн болохоос бус эх байгальтайгаа зөв харьцах талаар төдий л хичээсэнгүй нь өнөөдрийн байгаль экологийн гамшигт хүргэжээ. Хүн бол байгалийн амьтан, түүний зэрэгцээ нийгэмшиж оршдог амьтан. Өнөө дэлхий ертөнцөд хүн хүнтэйгээ, хүн нийгэмтэйгээ, хүн байгальтай, хүн бусад ан амьтан, ус ургамал, хөрс шороотой эелдэг харьцаж, зохицон амьдрах нь юунаас ч эрхэм чухал болжээ.

 

Монголчуудын ертөнцийг үзэх үзэлд бидний орчин тойрныг сав хийгээд шимийн ертөнц хэмээн  нэрлэдэг. “Сав ертөнц” гэдэг нь хүн биднийг агуулж, тэтгэж тэжээж байдаг газар дэлхий, сансар огторгуй, тэдгээрийн бүрдэл байдаг бол “шимийн ертөнц” гэдэг нь хүн түүнчлэн амьд амьтан бүгдийг хэлнэ.

 

Сав, шим ертөнцийн дотоод зүй тогтол буюу бүтээгч хүч нь үйлийн үр учраас ертөнц хүний сэтгэлд хөтлөгддөг болой. Хүн хэмээгч амьтны сэтгэлийн буруу төрх болох шунал хүсэлдээ автаж, ертөнцийн юм бүхнийг өөрийн тэнэг дуршилд нийцүүлэн сүйтгэж ирсний гай гамшигийг ил тод харах боллоо. Уул нь хүн болгонд Бурханы мөн чанар оршдог. Гагцхүү тэр төрөлх ариун чанараа үл сэхээрэн, улмаар хөгжүүлдэггүй. Хүний сэтгэл дэх Бурханы мөн чанарын боломжит нөхцөлийг мунхагийн харанхуйгаас үүссэн шуналын гал түймэрдэж байдаг. Мөн түүнчлэн сэтгэлийн олон гэм хүнийг эзэмдэн авч, нүгэлт үйлээ жаргал хэмээн эндүүрэн явахад хүргэдэг. Ингээд үйлийн үрийг ухаарах чадваргүй болж, улмаар адгууслаг араншин сэтгэлийг нь эзэмдэнэ. Монгол ардын цэцэн үгэнд “Сэтгэлийн хир биеийн хирээс бузар” гэжээ. Өөрөөр хэлбэл бохирдсон сэтгэл бохир орчныг, ариун сэтгэл амгалан ертөнцийг бүрдүүлдэг. Хүнд хайрлах, энэрэх асрах сэтгэл хамгаас чухал бөгөөд тийм сэтгэл төрж гэмээ нь эх байгальтайгаа зөв харьцаж чадна.

 

Өмнө өгүүлсэн өчүүхэн тайлбар бол өвөг дээдсийн маань сургаал захиас юм шүү.

 

Хүн төрөлхтний түүхийг олон янзаар тодорхойлж болох боловч, сав шим ертөнцийн шүтэлцээнд нь авч хэлбэл, хүн хэмээх арга билиг төгссөн амьтан бээр байгалиас айн эмээж, хүндэтгэн дээдэлж, тахин шүтэж, аргадан гуйж ирсэн эерэг дүр зураг байх ба бас хувьсган өөрчилж, эвдэн сүйтгэж, эрүүл биеийг согогтой болгосон гунигт ул мөр ч улам тодорч байна. Энэ бүхнээс үзвэл, хүн төрөлхтний түүх нь байгальд хандсан харилцааны түүх юм. Монголчуудын байгальтай харилцаж ирсэн түүх бол үнэхээр соёлт харилцаа байсан. Тийм учраас, монголчуудын байгаль дэлхийгээ шүтэн биширч, дээдлэн хүндэлж, тахиж тайж, хайрлан хамгаалж ирсэн уламжлалт ёс заншлыг соёлын өв хэмээн үзэж, сурч судалж дагаж мөрдөж, үе дамжуулан эзэмшүүлэх ёстой эрхэм нандин зүйл юм. Монголчуудын байгаль дэлхийтэйгээ харьцаж ирсэн уламжлалт соёл нь эрхэлж ирсэн аж ахуй, аж төрөх ёс, шашин шүтлэгтэйгээ нягт уялдсан өвөрмөц содон, бусад улсад үлгэр дуурайл болохуйц зүйл билээ.

 

Товчлоод өгүүлбэл, монголчуудын эрт балар цагийн шүтлэг бишрэлийн зүйл, монгол бөө мөргөлийн зан үйл, монголчуудыг гэгээрүүлж, буяны мөрд залан хөтөлсөн Бурханы шашны зан үйл, сургаал номлол, мөн бидний өвөг дээдсийн унасан газар, угаасан усаа хайрлан дээдлэх чин ариун сэтгэл энэ бүгд нэгдэн нийлээд, монгол хүний байгальтай харьцах уламжлалт соёлыг буй болгожээ.     

 

                      Мал, нутаг усаа хайрлаж хамгаалах

                      уламжлалт ёс

 

Малаа хайрлахуй: Төв Азийн уудам нутагт нүүдлийн мал аж ахуй эрхлэн амьдарч ирсэн монголчуудын тухайд мал, бэлчээр нутаг, ус ургамал хамгаас эрхэм зүйл нь байдаг. Монголчуудын тухайд мал гэхээр хонь, ямаа, үхэр, адуу, тэмээг хэлдэг бөгөөд таван эрдэнэ хэмээн эрхэмлэн хүндэлдэг. Эрт цагаас таван хошуу мал нь монголчуудын бүхий л хэрэгцээг хангаж ирсэн гэж хэлж болно.

 

Монголчууд адуу, тэмээ, үхрийг уналга, ачилганд хэрэглэнэ. Энэхүү таван төрлийн малын сүүгээр олон янзын хоол хүнс бэлдэнэ. Махыг нь хүнсэнд хэрэглэнэ. Арьс, ноосоор нь дээл хувцсаас эхлээд, эсгий хийж гэрээ бүрнэ. Малынхаа тоног хэрэгслэлийг мөн л түүгээр нь хийнэ. Манай ард түмэн таван хошуу малыг зөвхөн хэрэглэгч ашиглагч биш тэднийг өсгөн үржүүлэгч, хайрлан хамгаалагч, эрхэмлэн хүндлэгч нь байдаг юм. Монголын малаа хайрлах хамгаалах ёс заншлаас заримыг дурдвал:

-   Бэлчээрт гарч байгаа, бэлчээрээс ирж яваа малынхаа хойно, урдаас хог шороо хаях, ус цацахыг цээрлэнэ. Малын заяа гомдоно гэж үздэг.

-   Бэлчээрлэж яваа мал сүргийн урдуур буюу дундуур нь гарахыг цээрлэнэ. Тав тухтай идээшлэхэд нь саад болохгүйг хичээж байгаа хэрэг.

-   Хэвтэрт байгаа мал сүргээ үргээж цочоохыг цээрлэнэ.

-   Хээлтэй малыг хүнсэнд хэрэглэхийг цээрлэнэ.

-   Малаа зодож цохих ялангуяа толгой руу нь цохихыг ихэд цээрлэнэ.

-   Ус ууж байгаа малыг үргээж хөөхийг цээрлэнэ.

-   Худаг дээр зогсож байгаа цангасан малыг өөрийн бусдын гэж ялгалгүй усалдаг ёстой.

-   Малын хотны ойролцоо мал төхөөрөхийг цээрлэнэ.

-   Малынхаа нялх төлийг хүүхэд шиг энхрийлж хүйтэн үед гэртээ байлгадаг. Хүүхдүүд нь нялх төл малтай тоглож наадан энхрийлж байдаг. Энэ нь бусад орны хүүхдүүд нохой муур эрхлүүлж байдагтай төстэй.

-   Малаа хүндлэхийн үүднээс, малынхаа тоног хэрэгслэл ялангуяа морины хазаар, ногт, эмээл, уурга зэрэг дээгүүр алхах гишгэхийг тун ихэд цээрлэж, болгоомжилдог.

 

Энэ мэт олон сайхан ёс заншил буй бөгөөд малтай догшин ширүүн харьцвал малын заяа гомдоно гэж үздэг юм.

 

Бэлчээр нутгаа хайрлахуй: Монголчуудын мал сүрэг бол бэлчээрийнх болохоор байн байн нутаг сэлгэж нүүж байх шаардлагатай. Бэлчээрийн өвс ургамал  сайн байвал мал сүрэг нь сайн байна гэсэн үг. Иймд, малынхаа бэлчээрийг хайрлаж хамгаалахыг нэн эрт цагаас хууль дүрэмд ч тусгаж ирсэн байдаг.

 

Монголчуудын тухайд малын бэлчээрээ хайрлана гэдэг нь газраа хайрлана, хамгаална гэсэн үг юм. Малчин монголчуудын суудаг орон сууц болох гэр нь газрын хөрсөнд ямар ч гэм суулгадаггүй онцлогтой. Монголчууд нүүхдээ гэрийн буурь, ойр орчмын хог хаягдлаа юу ч үлдээлгүй цэвэрлэдэг тогтсон заншилтай. Газарт шаасан гадсыг сугалан авахдаа нүхийг нь заавал шороогоор булдаг. Ер нь газар ухахыг тун дургүйцдэг. Энэ нь хөрс шороогоо хайрлаж байгаа төдийгүй газрын эзнийг хилэгнүүлж уурлуулахгүй байхыг хичээж байгаа шүтлэг бишрэлийн зан үйлтэй холбоотой. Монголын газрын хөрс, өвс, ургамал, уур амьсгалын онцлогоос шалтгаалж, нэг газар олон мал байнга бэлчээрлэвэл хөрс, өвс ургамал нь амархан талхлагддаг төдийгүй, улмаар нөхөн сэргэх нь маш удаан. Тийм учраас зайлшгүй нутаг сэлгэж нүүх шаардлагатай. Энэ бүхнээс шалтгаалан бэлчээрийн мал аж ахуйтай монгол орны тухайд газрыг өмчлөх боломж бараг байхгүй. Ялангуяа малын бэлчээрийг хувьчилж, суурьшмал хэв байдалд оруулбал, Монголын бэлчээрийн мал аж ахуйд олон талын сүйрэх аюул нүүрлэж, улмаар нүүдэлчдийн уламжлалт соёл үгүй болоход хүрнэ.

 

Хөрст дэлхийн шим болсон ургамалтай харьцах нарийн ёс заншил олон бий. Тухайлбал, зэрлэгээр ургадаг үр жимс, хүнсний ургамлыг боловсроогүй байхад түүх, үр үндсээр нь таслахыг хатуу цээрлэдэг. Сая урган соёолж байгаа ургамлыг таслах, залуу ногоон ой модыг огтлохыг хориглодог. Тархац нь бага буюу цөөн хэсгээрээ сондгой ургасан мод бутанд ер гар хүрдэггүй. Онцгой сонин хэлбэртэй, содон том сүрлэг модыг “удган” мод хэмээн нэрлэж тахиж тайдаг ёс одоо ч гэсэн үргэлжилж байна.

 

Монголчуудын эртний шүтлэг бөө мөргөлийн ёсонд “эцэг тэнгэр, эх дэлхий” хэмээн сүсэглэж ирсэн уламжлалтай. Энэхүү шүтлэг бишрэлтэй холбогдоод хамгийн үзэсгэлэнтэй, сүрлэг сайхан уул нуруугаа онцгойлон үзэж онголон дархлаад, оройд нь овоо босгон, тогтоосон цаг хугацаанд нь тэрхүү уул усаа тахидаг зан үйл одоо ч үргэлжилж байна. Одоогийн байдлаар Монгол улсад төрийн тахилгатай 8 уул байна. Ингэж тахиж тайдаг газар нутгийн өвс ургамал, хөрс шороо, хад чулуу, ан амьтанд ер гар хүрдэггүй. Хэрэв энэ ёсыг зөрчвөл газар усны эзэн (савдаг, лус) уурлан хилэгнэж, байгалийн гэнэтийн аюул болж хүн малд гай болно гэж үздэг юм.

 

Монгол оронд 16-р зууны үеэс хүчтэй дэлгэрсэн бурхны шашны энэрэн нигүүлсэхүй номлол сургаал ч байгаль дэлхийгээ хайрлаж, хамгаалж ирсэн дээдсийн уламжлалд яв цав нийцэж, улам илүү түлхэц өгсөн гэдгийг бас дурдах ёстой. Өөрөөр хэлбэл, байгаль дэлхийгээ хайрлаж, аргадан тахих тухайд, уламжлалт бөө мөргөлтэй зөрчилгүй байсан тул тун амархан зан үйл нь нэгдэж нийлсэн билээ.

 

Сүүлийн хэдэн жилд Монгол орон зах зээлийн харилцаанд шилжих явцад янз бүрийн хувийн үйлдвэр, аж ахуй элбэгшиж, ялангуяа ашигт малтмалын олборлолт тун их болж, эх орны маань байгальд тун ч цэвдэг хүйтэн хандаж, сүйдлэх боллоо. Ийм нөхцөлд “Монгол улсын Газрын тухай хууль”-ын хэрэгжилтэд хатуу хяналт тавихын зэрэгцээ, өвөг дээдсийнхээ газрыг эх хэмээн хайрлаж ирсэн уламжлалыг алдахгүй байх нь нэн чухал бөгөөд хүн бүрийн хүчин зүтгэл, чин сэтгэл хэрэгтэй болоод байна.

 

                      Усаа хайрлан хамгаалах уламжлалт ёс заншил

 

Монголчууд “уусан ус рашаан, унасан шороо алт” гэж хэлдэг. Энэ нь хүн, малынхаа ууж ундалсан усыг рашаан гэж, төрсөн нутгийн хөрс шороог алт хэмээн дээдэлж байдгийг илтгэх хэллэг юм. Монголчуудын эртний шашин шүтлэгийн ёсонд ус газар бүгд эзэнтэй гэж үздэг байсан. Хэрэв гол мөрөн, булаг шанд, рашаан нуур цөөрмийн усыг бузартуулбал усны эзэн (Лус) хилэгнэж муу юм болно гэж ихэд айн болгоомжилно. Монголчуудын олон зуун жилийн амьдралд энэ нь байнгын дадал заншил болсон тул усаа хамгаалах нэгэн сайн арга болсон юм. Одоо хүртэл уламжлан буй эдгээр ёс заншлаас заримыг дурьдвал:

-   Урсгал усанд юм угаахдаа заавал саванд хийж, хол очиж угаагаад, цааш нь асгадаг.

-   Гол мөрөн, булаг шанд зэрэгт бузар юм, ялангуяа улаан, цагаан юм (цустай, сүүтэй) оруулахыг нэн цээрлэнэ.

-   Гол мөрөн, булаг шанд, усны ойролцоо гадаалахыг (бие засахыг) нэн цээрлэнэ.

-   Ус авахдаа, ус авах сав суулга, ялангуяа ус хутгах шанага халбага зэргээ сайн цэвэрлэнэ. Энэ нь усанд бохир юм орчих вий гэж сэргийлж байгаа хэрэг.

-   Гол горхийн хөвөө, булаг шанд, ялангуяа урсгалын эхэнд биеэ угаахыг цээрлэнэ.

-   Гол горхи, булаг шандын эхний газрыг хөндөх, чулууг ховхлох, мод ургамлыг хугалах тайрахыг цээрлэнэ.

 

Энэ мэт усны эзнийг хилэгнүүлэхээс айдаг байсан балар эртний шүтлэг бишрэлээс улбаатай олон сайхан ёс заншил байсан бөгөөд ихэнх нь өнөө хир нүүдэлчин малчдын дунд мөрдөгдсөөр байна.

 

Амьд организм бүхэн усгүйгээр байж чадахгүй билээ. Тэгээд ч манай гаригийн хүн амын гуравны нэг нь ундны усаар гачигдаж байдаг юм байна. Манай дэлхий усаар баян боловч түүний хоёрхон хувийг цэнгэг ус эзэлнэ. Хөвсгөл нуур мэт дэлхийн цэнгэг усны ихээхэн нөөцийг агуулсан усны сангаас эхлээд булаг шандыг хүртэл цэвэр ариун байлгаж, орчин үеийн иргэншлийн гаж хөгжлөөс үүдсэн элдэв сөрөг нөлөөнд өртүүлэхгүй байх нь ганц манай улсын төдийд бус, дэлхийн бусад улс оронд ч хамаатай гэж хэлж болох билээ. Яг одоогийн байдлаар, Монгол улсын тухайд алт үнэтэй юү?, цэвэр ус үнэтэй юү? хэмээсэн асуултанд хариулах хэрэгтэй болжээ.

 

Ан амьтныг хайрлан хамгаалах уламжлалт ёс

 

Төв Азид өнө эртнээс нутаглаж ирсэн нүүдэлчин монголчуудын амьдралын гол хэрэгсэл нь бэлчээрийн мал аж ахуй байсан бөгөөд түүний хажуугаар ан гөрөө хийх нь амьдралын гол хэрэгцээний нэг болсоор ирсэн юм. Дундад зууны үе, тухайлбал Чингис хааны үед ав хоморго хийх нь цэргийн сургуулийн нэгэн хэсэг байжээ. Энэ талаар түүхийн баримт тун олон бий. Нийтээр хоморголон авлах тэр ёс нь бас нарийн дэг журамтай байсан нь түүхийн баримтаас тодорхой байдаг. Ан амьтныг агнахдаа баримталж ирсэн монголын ёс заншил нь юуны өмнө анчин хүний арван цээрлэл юм:

1.   Сүрэг анг сүргээр нь алахыг цээрлэнэ

2.   Хэрэгцээнээс илүү олон ан авлахыг цээрлэнэ            

3.   Онцгой содон өнгө зүс, хэлбэртэй ан алахыг цээрлэнэ.

4.   Шинэ нутагт шилжин яваа ан амьтан, өөрөөр хэлбэл тэр нутагт урьд өмнө үзэгддэггүй байсан ан амьтныг алахыг цээрлэнэ.

5.   Хээлтэй амьтан, зулзагаа дагуулж яваа амьтныг алж хөнөөхийг цээрлэнэ.

6.   Чоно болон бусад махчин амьтанд хөөгдөж амь зулбан яваа амьтныг алж хөнөөхийг цээрлэнэ.

7.   Орооны үед, холбоотой байгаа амьтныг алахыг цээрлэнэ.

8.   Сүргийг толгойлогч ан амьтныг алахыг цээрлэнэ.

9.   Алсан ангийн цусаар газрын хөрс бохирдуулахыг цээрлэнэ.

10. Ан амьтан цуглаж ирдэг газар ус, хужир мараан дээр улай гаргахыг цээрлэнэ

 

Энэхүү арван цээрлэх ёсыг зөрчсөн хүнийг анчин бус алуурчин гэж үздэг байжээ.

 

Үүнээс гадна анчин хүний баримталдаг зарим ёсыг дурдвал:

-    Ан амьтныг агнахдаа тарчилган зовоохыг чанд цээрлэнэ.

-    Ан амьтныг авлах улирал хугацаанаас өмнө нь ан хийхийг хатуу цээрлэнэ.

-    Ан амьтны үүр ноохой ичээ (орон гэр)-г эвдэж бусниулахыг цээрлэнэ.

-    Нүхэнд ус цутгах, утах, хавх урхи зүүх, хор тавих зэрэг аргаар ан агнахыг цээрлэдэг. Энэ нь ан амьтныг тарчилган зовоож алахгүй гэсэнтэй холбоотой.

-  Ижил хосоороо яваа (эр, эмээрээ) ан амьтныг алахыг цээрлэнэ. Өөрөөр хэлбэл хос амьтны нэгийг өнчрүүлэхгүй гэсэн өрөвч сэтгэл юм.

- Ан амьтныг алахдаа ид бах болгодоггүй, монголчуудын шүтлэг бишрэлийн ёсоор бол ан амьтан бол газрын эзний (савдаг) мэдлийн юм. Тийм учраас харин газрын эзнээс уучлал гуйж, гэмээ наминчилдаг ёстой.

Энэ мэт олон ёс заншил байдаг бөгөөд монголчууд ан агнахдаа дээрх ёс заншлыг баримтлахын хамт ан ав хийхдээ ямар амьтныг хэдийд агнах ёстой цаг хугацаа, нөгөө талаас нас, хүйс, тоо толгойг харан сонгож авладаг юм. “Үртэй амьтны үрийг таслах ёсгүй” гэдэг монголчуудын хэллэг нь ховор ан амьтныг хүйс тэмтрэн дуусгаж болохгүй гэсэн үг билээ. Ангийн хууль дүрмийг чанд мөрдүүлэхийн хамт өвгөд дээдсийг дээрх ёс заншлыг залуу үеийнхэнд сайн эзэмшүүлбэл, монгол орны ан амьтныг хамгаалахад нэгэн чухал алхам болох юм.

Төгсгөлийн үг

Аль ч нийгмийн үед байгаль хамгаалах үйл явц хоёр хэлбэрээр зохицуулагдаж ирсэн байна. Нэг нь тухайн төр засгаас гаргасан бичмэл хууль цааз юм. Нөгөө нь олон үеийн турш хүн байгалийн хооронд зан заншил, шашин шүтлэг, уламжлалт соёлын харьцаагаар зохицуулагдаж ирсэн зан үйл ёс горим юм. Байгаль хамгаалах хууль дүрмийг баримтлах ёстой хувь хүн бүр эх нутгаа хайрлах сэтгэлтэй, эцэг өвгөдөөс уламжилсан дэвшилтэт ёс заншлыг чанд сахидаг байвал эх нутгаа эвдэрч сүйрэх аюулаас ямар нэг хэмжээгээр аварч чадах билээ. Гэвч өнөө үед аль нэг улсын байгаль орчныг хамгаална гэдэг хөрш зэргэлдээ орон, тэр ч байтугай дэлхийн хүн төрөлхтний зөв буруу үйлдлээс ихээхэн шалтгаалах болжээ.

Хүн төрөлхтөн дэлхий хэмээх ганц ээжийнхээ ач буянаар амьдардаг. Нэгэн үе ээж болсон газар дэлхийгээ даан ч алсын бодлогогүй сүйрүүлсний сөрөг үр дагаврыг өнөөдөр дэлхийн улс түмэн ямар нэг хэмжээгээр эдэлж байна. Энэхүү зөрчлийг дэлхийн улс гүрнүүд өөр өөрсдийн өвөрмөц байдал онцлог нөхцөлтэй уялдуулан янз янзаар, шийдвэрлэж байна.

Японы монголч эрдэмтэн К.Танака бичихдээ “...Япончууд бас Монголын байгалийг ихэд сонирхож ирсэн. Монголын байгалийн онцлогтой шинж нь олон орны жуулчдын анхаарлыг татаж ирснийг хүн бүр мэднэ. Эдийн засгийн хөгжил бол нөгөө талаараа байгаль орчинд хохирол учруулах аюултай билээ. Монголд байгаль орчныг хамгаалах хөдөлгөөн нэгэнт гарсныг би Японы сонин, ном хэвлэлд олонтаа бичсэн. Энэ нь ч япончуудын анхаарлыг татсан юм. Учир нь өөрийн үндэсний хэл соёл, байгаль орчныг алдагдуулахгүйгээр өөрийн соёлын өвийг хамгаалан хөгжүүлэх ажлыг япончууд хүндэтгэж байна. Монголын цэвэр сайхан байгаль бол дан ганц монголчуудын өмч биш, бүх хүн төрөлхтний нийтийн өмч гэж хэлж болно” гэжээ.

Энэ үнэн үг бөгөөд өөрийн орны унаган байгаль нь яаж сүйрч үгүй болсныг сайн мэддэг гадаадынхан Монгол оронд ирээд, өнөөгийн зэрлэг иргэншилд өртөөгүй онгон байгаль байгааг харан баясах төдийгүй хайрлах хамгаалах тухай санаа тавих нь их болжээ. Монголчууд бид, гэмшлийг нь төдий л үзээгүй болохоор гэм аюулыг нь эс хайхран, алтыг нь аваад, авдрыг нь онгорхой хаяад л явж байна. Эх болсон онгон байгалиа хайрлах чин сэтгэлийг хувь хүн бүрт төлөвшүүлж чадвал төр засгийн хуулиас ч хүчтэй хамгаалалт болох билээ.

Газар нутаг, ургамал, ус, ан амьтан, мал сүргээ хайрлан хамгаалж, үржүүлэн өсгөж, зохистойгоор ашиглаж ирсэн монголчуудын нүүдлийн соёл иргэншилийн өвөрмөц уламжлалт зан заншил нь дэлхийн бусад оронд аль нэг талаар сургамж туршлага болж болох юм.

[1] “Монгол бэлгэдлийн судалгаа, эрэл хайгуул, хэтийн төлөв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэл, Улаанбаатар, 2009 оны 9-р сар.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай