Хувийн санхүүгээ төлөвлөх: Хуримтлал бий болгох

Хувийн санхүүгээ төлөвлөх: Хуримтлал бий болгох

Мөнгө хуримтлуулна гэдэг хэлэхэд амархан боловч хийхэд амаргүй зүйл. Хэр их хэмжээний мөнгө хуримтлуулах, хаана хадгалах, эсвэл юунд оруулах, хадгалсан, оруулсан газар нь хэр найдвартай, бас ашигтай байх гэх мэт олон асуудал гарч ирнэ. Хуримтлалтай болохын тулд зөвхөн зардлаа багасгах нь хангалтгүй. Мөнгө хуримтлуулж, хадгалахад хэрэг болохуйц дараах зөвлөмжийг толилуулъя.

1.Хуримтлалтай болоход тодорхой зорилго тавьж байж амжилтанд хүрнэ. Хүн зорилгогүйгээр мөнгө хуримтлуулна гэж байхгүй ч зорилго нь маш тодорхой, хэмжиж болохуйц, цаг хугацаатай байх учиртай. Зурагт, хөргөгч, эсвэл машин худалдаж авахын тулд мөнгөө хуримтлуулна гэвэл энэ нь ойрын зорилго болно. Иймэрхүү ойрын зорилгыг хэрэгжүүлэхэд харьцангуй хялбар байж болох юм. Харин тэтгэвэрт гарсны дараа гачигдаж дутагдахгүй боломжийн хэмжээнд амьдрахын тулд хэрхэн хуримтлалтай болох вэ гэвэл илүү нарийн тооцоо, судалгаа шаардсан урт хугацааны зорилго болно.

2.Тодорхой хугацаа товлох хэрэгтэй. Зорьсон зорилгодоо хүрэх хугацааг зөв тооцоолох нь чухал. “Хоёр жилийн дотор машин худалдаж авна” гэх мэт тодорхой хугацаанд хүрэх хатуу зорилго тавьж болох юм. Мэдээж хэрэг огт боломжгүй зүйлийг зорилгоо болгох нь утгагүй. Харин тавьсан зорилгодоо хүрэх боломжит хугацааг бодитой товлох хэрэгтэй.

3.Долоо хоногт эсвэл сард хэдий хэмжээний мөнгө хуримтлуулахаа тооцож үз. Тооцоолсон хуримтлалаа долоо хоног, сар бүр ягштал баримтлан хурааж сурах нь чухал. Долоо хоногт, эсвэл сард 20,000 төгрөг гэх мэт тогтмол хэмжээний мөнгө хуримтлуулах зорилго тавих нь илүү үр дүнтэй байдаг байна.

4.Сар бүрийн зардлаа тооцож, бүртгэл буюу тэмдэглэл хөтөлж сур. Мэдээж хэрэг сард хэдий хэмжээний мөнгө хадгалж чадах вэ гэдэг нь тухайн хүний сарын орлого, зарлагын зөрүүгээр илэрхийлэгдэнэ. Та олох орлогоосоо илүү гарах зарлагаа сайн хянаж, удирдах боломжтой тул гарч буй зардалдаа илүү анхаарал хандуулах нь зөв. Долоо хоног бүр үрсэн мөнгө, гаргасан зардлаа нэг бүрчлэн бичиж хэвших хэрэгтэй. Гаргасан зардлаа Та сарын дараа, эсвэл хоёр сарын дараа эргэж хараад гайхаж ч мэднэ. Жишээ нь, нэг сард сугалаа худалдаж авахад 20,000 төгрөг, эсвэл гар утасны төлбөрт 100,000 төгрөг зарцуулсан байж ч мэдэх юм. Иймээс бүх зардлаа бичиж чадвал тэндээс ямар зардлаа багасгаж, хэмнэж болохоо хялбархан харж болно.

5.Банкинд хүүтэй хадгаламжийн данс нээх. Мэдээж хэрэг харилцах дансанд мөнгөө байрлуулснаас хадгаламжийн дансанд хийх нь ашигтай. Заавал сарын эцэст мөнгөө хадгалуулах гэж хүлээсний хэрэггүй. Хуримтлал хийх боломж гарах бүрт мөнгөө хадгаламжид хийх хэрэгтэй. Ингэснээр Та илүү зүйлд мөнгө үрэхгүй, харин ч хадгаламжийн хүү нь нэг өдрөөр ч гэсэн өсөх болно. Ажил хийдэг олон хүмүүс цалингаасаа тодорхой хэмжээний мөнгийг шууд хадгаламжийн данс уруугааа шилжүүлэхийг зөвшөөрдөг. Энэ бол мөнгө хуримтлуулах үр дүнтэй аргуудын нэг мөн.

6.Хуримтлал хийхэд ашиг тустай бусад зөвлөгөө. Урьдчилж тооцоогүй орлогыг шууд хадгалах нь дээр. Жишээ нь, хэн нэгнээс бэлгэнд авсан мөнгө, эсвэл ажлын газрын мөнгөн шагнал гэх мэт. Мөн томилолтоор ажиллаад ирэхэд тодорхой хэмжээний хэмнэлт гарах нь түгээмэл байдаг. Нэгэнт зорилго тавьсан бол энэ мэт урьдчилж тооцоогүй мөнгийг хадгаламжиндаа хийх болно. Ингэснээр Та хуримтлалын зорилгоо илүү хурдан хугацаанд биелүүлнэ.

Ашигласан сурвалж: ”Санхүүгийн хөтөч’ ном

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай