Ц.Оюунгэрэл:Хуулийнханд итгэл алдарч, бэтгэрч явсан гомдлыг минь шүүх тайллаа

Ц.Оюунгэрэл:Хуулийнханд итгэл алдарч, бэтгэрч явсан гомдлыг минь шүүх тайллаа

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын III багийн иргэн Ц.Оюунгэрэл зам тээврийн ослоор хүүгээ алдаж, жил гаруй хугацаанд хуулийн байгууллагаар явжээ. Тэрбээр "Цаг бусаар хүүгээсээ хагацаж, өнчирч үлдсэн гурван нялх амьтны төлөө жил гаруй хуулийн байгууллагын үүд сахилаа. Хуулийнханд итгэл алдарч, бэтгэрч явсан гомдлыг минь шүүх тайллаа. Шүүхийн шийдвэрийн ачаар өнчирч үлдсэн гурван ач минь идэх хоолтой, унтах байртайгаа үлдэх нь” гэж яриагаа эхэллээ.

-Уучлаарай, таны амьдралд юу тохиолдож шүүхээр ингэтлээ явав?

-Эгч нь зургаан жаахан хүүхэдтэй ханиасаа үлдэж байсан юм. Дөрвөн охин, хоёр хүүтэй байлаа. Хүүхдүүдээ их, дээд сургуульд сургасны хүчинд хэнээс ч гуйхгүй сайхан амьдралтай болцгоосон. Талийгаач хүү маань доороосоо хоёр дахь нь. ШУТИС-ийг холбооны инженер мэргэжлээр төгссөн. Тэр маань бидний амьдралд том тус болдог байлаа. Эгч, дүү нартаа туслахаас гадна байнга намайг гэнэ. Цэвэр агаарт амьдар гээд Замын-Үүдэд хүртэл намайг аваачсан. Цагаан сараар хүртэл "Дутуу юу байна, одоо юу хүргэж өгөх вэ” гээд л ярина. Ийм сайхан үрийг минь нэг танхай нөхөр үгүй хийчихсэн. 2015 оны аравдугаар сарын 18-нд Замын-Үүдээс карго авч хот руу явсан байна лээ. Тэгээд шөнө явж байтал ачааны "Хово” маркийн машин урсгал сөрж ирээд мөргөчихсөн. Хүүгийн минь биеийг хэдэн хэсэг хуваачихсан юм билээ. Хамт явсан залуу нь хүнд гэмтсэн. Тэр том машин хурдтай ирж мөргөхөөр жижиг машинаас юу ч үлддэггүй юм байна.

Хүү минь хоёр сайхан охинтой. Хүүг минь өөд болоход эхнэр нь жирэмсэн байсан юм. Одоо бага охин нь долоон сартай. Ингээд л эхнэр, гурван охин нь өнчирч, бид дээшээ тэнгэр хатуу, доошоо газар хатуу болж үлдсэн.

-Мөргөсөн жолооч нь нойрмог, эсвэл согтуу байсан юм болов уу?

-Би тэр нөхрийг согтуу байсан гэдэгт одоо ч эргэлздэггүй. Осол гарах үед би Улаан-Үүд явчихсан байсан юм. Ослын газарт охин, бэр хоёр очсон. Хүүг минь сэхээнд байна гэж надад хэлсэн хэрэг. Яарч сандарч явсаар 19-нд Сайншандад хүүг минь шарил хадгалах өрөөнд хийчихсэн, ирэхэд цагдаа, прокурор манай хэдийг байцаасан байдалтай угтсан. Осол гаргасан жолоочийг нэг хоног эрүүлжүүлсэн байдаг. Эрүүл хүнийг эрүүлжүүлнэ гэж байх уу.

- Шинжээчийн дүгнэлт архи уугаагүй гэдэг гарсан юм уу?

-Анх Хулан гэдэг мөрдөн байцаагчид хэрэг нь хуваарилагдсан. Тэр эмэгтэй манай бэрийн талын хамаатан гэдэг үндэслэлээр нөгөө тал гомдол гаргаж сольсон гэсэн. Тэгээд Өлзийжаргал гэдэг хошууч шалгасан. Миний хүүгийн бие хэд хуваагдчихсан байхад цусны шинжилгээ аваад эрүүл явсан гэж тогтоосон. Тэгсэн атлаа осол гаргасан Э-гийн цусыг шинжлээгүй. Хүүгийнхээ шарилыг аваад гэрт хонуулчихаад нутаглуулах гээд Өлзийжаргал хошуучаас бичиг авах гээд ортол цонхон дээр нь хуруу шилтэй цус байсан. "Энэ нөгөө жолоочийн цус уу. Шинжилгээнд явуулаагүй байгаа юм уу” гэтэл "Долоо хоног яах ч үгүй. Санаа зоволтгүй” гэсэн. Гэтэл 21 хоногийн дараа өнөөх цусыг ээдсэн гээд шинжилгээнд өгөөгүй. Анхнаасаа Өлзийжаргал хошууч биднийг үл тоож, осол гаргасан жолоочид үйлчилж байсанд нь гомддог юм. Хүүгээ алдснаас 21 хоногийн дараа мөрдөн байцаалтын ажиллагаа юу болж байгааг мэдэхээр бэртэйгээ хамт очтол "Юу гээд байн байн ирээд байдаг юм. 60 хоногийн дотор л шийднэ шүү дээ. Дуудаагүй байхад ирэх юм” гэж загнаж байгаа юм. Бүр жирэмсэн бэрд минь хүртэл эрүүгийн хэрэг үүсгэсэн.

- Танай бэрд үү? Яагаад эрүүгийн хэрэг үүсгэсэн юм бэ?

-Ослын газар бэр, охин хоёр минь очсон гэж ярьсан шүү дээ. Цочролд орж ухаан нь балартсан бүсгүй хүн "Хово” машиных нь цонхны шилийг хагалчихсан юм билээ. Гэтэл танхайрч, бусдын эд хөрөнгийг сүйтгэсэн гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тэр цонх нь 700 мянган төгрөгөөр үнэлэгдсэн. Хүний аминаас үнэтэй шил байгаа бол бид төлье л гэлээ. Өмгөөлөгч маань хөөцөлдөж явсаар байгаад бэрийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хүний машин тэрэгний шилний үнэ ярьсан бол талийгаач хүү минь машинаа 31 сая төгрөгөөр аваад удаагүй байсан. Одоо тэр машин хүн харахын эцэсгүй байгаа. Гэтэл мөрдөн байцаалтын явцад 8 сая төгрөгөөр засагдана гэдэг дүгнэлт гаргасан байна лээ. Прокурорын шатанд хавтаст хэрэгт байсан зардлын тооцооны баримт алга болсон гээд асуудал их бий. Нөгөө талын өмгөөлөгч Нарангэрэл гэж эмэгтэй бий. Тэр мөрдөн байцаагчаас хавтаст хэрэг авч уншихдаа үгүй хийсэн гэж харддаг юм. Прокурор бол мэдэхгүй байна лээ. Би шуналтайдаа талийгаач хүүгийнхээ ясыг өндөлзүүлээд мөнгөн хохирлыг нь нэхэмжлээд байсан юм биш. Ард нь өнчирч үлдсэн гурван хүүхэд нь хоногийн хоолтой, унтах байртайгаа үлдээсэй гэж зүтгэсэн хэрэг. Хүү минь 25 сая төгрөгийн урьдчилгаа төлөөд байр авсан. Талийгаач болсноос нь хойш эгч, дүү нар нь боломжийнхоо хэрээр лизингийг нь төлж байгаа. Зарим сард төлж чадахгүйд хүрэх юм. Том охин нь тавдугаар ангид сурдаг. Аав нь төлбөртэй сургуульд оруулчихсан байсан юм. Сургуулиас нь гаргахгүй гэж бас зүтгэж л байна. Энэ мэт асуудал их бий.

-Шүүх ямар шийдвэр гаргасан юм бэ?

-Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн наймдугаар сарын 22-нд хуралдсан. Осол гаргасан жолоочид 3 жил 6 сар хорих ял оноосон. Харин оршуулгын зардал, хохирлыг бүрэн барагдуулаагүй. Манайд 14 сая, хүүтэй минь хамт явсан залууд 650 мянган төгрөгийг гаргуулахаар шийдвэр гаргасан. Гэтэл нөгөө тал ямар ч мөнгөгүй гээд 4 сая гаруй төгрөг өгөөд л орхичихсон. Уг нь "Хово” машиныг нь битүүмжилсэн бол бидний хохирлыг барагдуулах боломжтой байсан юм билээ.

-Тэр нь юу гэсэн үг вэ?

-Осол гаргасан залуу тэр машинаа барьцаанд тавиад банкнаас зээл авсан юм байна. Тэр шалтгаанаар машиныг зээл өгсөн банкны мэдэлд шилжүүлэх шийдвэрийг анхан шатны шүүх гаргаж, давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн. Өмгөөлөгч маань Дээд шүүхэд хандая гэсний дагуу гомдол гаргасан. Шүүхийнхэн хаа очиж хүнтэй хүний ёсоор харьцдаг юм билээ. "Давж заалдах шатны шүүх хуралд цасанд боогдоод очиж чадаагүй, хяналтын шатны шүүх хуралд суучихмаар байна. Тэр шүүгчтэйгээ уулзуулаад өгөөч” гэж гуйхад "Шүүгчтэй уулзаж болдоггүй” гээд их аятайхан тайлбарлаж өгсөн. Тэгэхдээ намайг шүүх хуралдаанд оролцох эрхтэй гэдгийг бас хэлсэн.

Шүүх хуралд орох хүртэл тэр шүүгчдийн барааг ч олж хараагүй. Цэнхэр хувцастай эмэгтэй байсныг улсын яллагч гэж танилцуулсан. Тэр хүн анхан, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ гээд уншчих шиг л болсон. Би үгээ хэлмээр л байсан. Найдваргүй юм байна гээд сууж байтал шүүх хурал завсарласан. Завсарлаж ороод осол гаргасан жолоочийн машиныг битүүжилж, хохирогчийн хохирлыг барагдуул гэсэн шийдвэрийг уншсан. Ч.Хосбаяр шүүгч шийдвэрээ их сайхан тайлбарлаж, ойлгуулсан. Жил гаруй хугацаанд хуулийнханд гомдож, бэтгэрч явсан хүн сайхан харилцаа, хандлагаас эхлээд л тайвширдаг юм билээ. "Төр гэж байдаг юм байна. Төрийн нэрийг гаргадаг шүүх шударга шийддэг юм байна” гэж бодогдсон. Төрийн нэрийн өмнөөс гаргасан шийдвэр хүчтэй байдаг юм байна. Одоо өнчин гурван зээ, бэр минь орох оронтойгоо үлдэх боломжтой боллоо.

Тэр мөнгийг хүүхдүүддээ зориулсан. Дээд шүүхийн шийдвэрийг бариад очихоор банк зээлийг хүчингүй болгох юм байна. Учир нь зээл авахдаа хүү минь бүрэн даатгуулж. Бусдын буруутай үйлдлээр нас барсан нь шүүхээр тогтоогдвол зээлийг нь даатгалд хамруулдаг юм байна. Одоо Дээд шүүхийн шийдвэрийг аваад банкинд очих гэж байна. Тэгээд хүүхдүүдээ байртай нь үлдээх нь гэж баярлаад байгаа хэрэг. Нэгэнт уулзаж болохгүй хойно, энэ ярилцлагаараа шүүгчид баярласнаа илэрхийлье.

- Та өмнө шүүхээр явж байгаагүй юу?

- Ч.Хосбаяр шүүгчийг зурагтаар л харж байсан санагддаг юм. Тэр хүний шийдвэрээ тайлбарлаж байгааг харж суухдаа "Ийм шударга хүн олон бол сайхан сан” гэж бодож байлаа. Бас Т.Уранцэцэг шүүгчид маш их баярлаж байна. Шүүгч хүн тас няс хийсэн хатуу байдаг болов уу гэж төсөөлдөг байсан. Гэтэл шүүх хуралдаанаас харахад их сайхан дөлгөөн хүн байсан. Миний ач нарын ирээдүйг гэрэлтүүлж өгсөн шүүгчиддээ баярлалаа. Уулзах боломж байдаггүй учраас мэдээлэл лавлагааны ажилтанд сэтгэгдлээ бичээд үлдээсэн юм. Тэгэхдээ Ч. Хосбаяр шүүгчид "Тань шиг шударга хүн Ерөнхийлөгч болоосой” гэж бичсэн. Миний л баярласан сэтгэл шүү дээ. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай