Н.Орчлон: Утаагаар амьсгалсныхаа төлөө бид шүүхэд хандах эрхтэй

Н.Орчлон: Утаагаар амьсгалсныхаа төлөө бид шүүхэд хандах эрхтэй

Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүхийн өмгөөлөгч Н.Орчлон МҮОНР-д өгсөн ярилцлагыг товчлон хүргэж байна.

-Олон улсын эрүүгийн шүүхийг Гааг дахь, эсвэл НҮБ-ын гэх зэргээр ялгаж хэлдэг. Өнөөдөр олон улсад эрүүгийн хэчнээн шүүх ямар хэргийг шийдвэрлэхээр ажиллаж байна вэ?

-Голланд улсын Гааг хотод олон улсын шүүхүүд болон дэлхийд энх тайван, аюулгүй байдлыг хангахтай холбоотой олон байгууллага ажилладаг. Тиймээс энэ хотыг олон улсын хууль зүйн төв гэж нэрлэдэг юм. Миний ажилладаг шүүх 1998 онд Италийн Ром хотноо батлагдсан Олон улсын Эрүүгийн шүүх байгуулах тухай Ромын дүрэм гэх конвенцын дагуу үйл ажиллагаа явуулдаг. Эзлэн түрэмгийлэх (нэг улс нөгөө улсынхаа тусгаар тогтнол руу халдах хэрэг), геноцид буюу хоморголон устгах, дайны, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гээд хамгийн ноцтой дөрвөн төрлийн хэргийг шүүн тасалдаг юм.

НҮБ-ын дэргэдэх Олон улсын шүүх ч Гааг хотод үйл ажиллагаа явуулдаг. Энэ шүүх нь зөвхөн НҮБ-ын гишүүн тусгаар улсуудын хооронд үүссэн маргааныг шийддэг. Үүний хажуугаар НҮБ-аас дангаараа болон тусгаар улсуудын Засгийн газартай хамтран байгуулдаг тусгай үүргийн шүүх бас бий. Энэ нь тодорхой хэрэг маргааныг таслан шийдвэрлээд татан буугддаг л даа.

Тухайлбал, 2005 онд Ливан улсын Ерөнхий сайдын амь насанд халдсан террорист хэргийг шүүх тусгай шүүхийг Гааг хотод байгуулж байсан. Энэ хэргийг шийдвэрлээд татан буугдсан. Миний ажилладаг Олон улсын эрүүгийн шүүх бол байнгын ажиллагаатай. Мөн НҮБ-ын дэргэдэх Олон улсын шүүх ч бас байнгын шүүх.

-Дэлхий нийтэд гэмт хэргийн төрөл олширч, нарийссан. Улс орны тусгаар тогтнолд шууд зэвсэглэн халдахгүй ч байгаль орчин, эдийн засгийн гээд өөр арга хэлбэрээр улс орны, иргэдийнх нь эрх чөлөөнд халдах тохиолдол бий. Ийм хэргүүд Олон улсын шүүхэд хамаарах уу?

-Таны ярьж байгаа байгаль орчинтой холбоотой асуудал нь тусгаар улсуудын хоорондох газар нутгийн маргаантай холбоотой, эсвэл нэг болон хэд хэдэн улсын хооронд байгуулсан байгаль орчныг хамгаалах, гол мөрнийг хамтран ашиглах гэрээтэй холбоотой байж болно. Ерөнхийдөө байгаль орчин бохирдох, тухайн нутаг орны иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн тохиолдолд хамгийн түрүүнд хүний эрх хөндөгдөнө.

Монгол Улсын иргэн аюулгүй, эрүүл, тайван орчинд амьдрах эрхтэй хэмээн Үндсэн хууль, Олон улсын хүний эрхийн гэрээ, конвенцоор баталгаажсан. Үүнтэй холбоотой маргаан шийдвэрлүүлэх тохиолдолд хамгийн түрүүнд бидний мэдэх ёстой Олон улсын гэрээ бол “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт” юм. Мөн Иргэний эдийн засгийн болон соёлын, улс төрийн эрхийн тухай олон улсын гэрээ конвенц ч бий. Эдгээр конвенцыг хэрэгжүүлдэг гол байгууллага бол тухайн гэрээний хэрэгжилтийг хангадаг, үр дүнг хянадаг Олон улсын хүний эрхийн хороод юм.

Бидний хувьд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн гэж үзвэл тухайн улсын хууль сахиулах байгууллага болон Засгийн газарт асуудлаа тавьж шийдвэрлүүлнэ. Хэрэв хүний эрх хангагдаагүй гэж үзвэл олон улсын түвшинд, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссын газарт төвлөрөн ажилладаг Олон улсын хүний эрхийн хороодод гомдлоо гаргах боломжтой.

-Та хүний эрхийг дээдлэхийн үлгэр болсон улс оронд амьдарч, хүний зөрчигдсөн эрхийг сэргээхийн төлөө ажилладаг хүн. Ид утааны үеэр Улаанбаатар хотдоо ирж амарлаа. Зөвхөн утаанаас болж бидний эрх хэрхэн зөрчигдөж байгаа бол?

-Хүний эрхийг иргэний болон улс төрийн гэж ерөнхийд нь хоёр ангилдаг. Монголчууд улс төрийн эрхээ эдэлж байна. Нөгөө талд бид эдийн засаг, соёлын болон эрүүл аюулгүй орчинд амьдрахтай холбоотой маш олон эрхтэй. Монголчууд эдгээр эрхийг тунхаглалын чанартай л ойлгодгоос биш яаж хэрэгжүүлэхийг мэдэхгүй байна. Энэ хортой утаанд амьдарснаар таны эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа шүү дээ. Ингэж эрх нь зөрчигдсөн тохиолдолд шүүхэд хандах ёстой.

Дотоодын хууль, шүүхийн байгууллагадаа хандах, шүүх нь хүний зөрчигдсөн эрхтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэх боломжтой байх ёстой. Гэтэл манайд нийгэм, эдийн засагтай холбоотой эрхийг хангах, зөрчигдсөн эрхээ шүүхээр сэргээлгэх боломж иргэдэд алга. Хуулийн цоорхой үүсчихсэн байгаа юм. Үүнийг л өөрчлөх хэрэгтэй байна.

Америкийн нэгэн хотод эрүүл мэндийн шаардлага хангахгүй ус түгээснийхээ төлөө хотын захиргаа нь шүүхэд дуудагдаж байсан. Иргэдийн гомдлыг шүүх хүлээн аваад зохих шийдвэр гаргаж, хотын захиргаанд хариуцлага хүлээлгэсэн байдаг. Энэтхэгийн дээд шүүх бол иргэдийнхээ нийгэм, эдийн засгийн байдалтай холбогдолтой хэргийг шийдвэрлэдгээрээ алдартай.

-Нийтлэг эрх ашиг, эрхийнхээ төлөө нэгддэг, өөрсдийнхөө эрх ашгийн төлөө хамтаараа зүтгэдэг байхыг л та хэлээд байна аа даа?

-Энэ бол Америкийн хуулийн системд туйлын сонгодог жишээ. Олон нийтээрээ нэгдэж хэргийн нэг тал болж шүүхэд гомдол гаргадаг. Тухайн муж улсынхаа Засгийн газрыг, Америкийн холбооны Засгийн газрыг шүүхэд өгөх тохиолдол өдөр бүр гардаг. Засгийн газрыг шүүхэд төлөөлдөг, тайлбар гаргаж байдаг албан тушаал ч энэ улсад бий.

Ер нь шүүх гэдэг бол төр, иргэнийг хооронд нь зохицуулдаг, аль алиных нь эрх ашгийг авч үзээд хуулиа барьж шийдвэрээ гаргадаг төвийг сахьсан байгууллага. Монголын шүүх зөвхөн бодитой эрхүүдээс гадна иргэний нийгэм, эдийн засагтай холбогдолтой эрхийг хангадаг байх хэрэгтэй.

-Саяхан та “Төрөөс тогтвортой, шийдвэртэй ажил хийхгүй бол Монголд хүчирхийллийн гэмт хэрэг ихэссээр, гэмт хэргийн нөхцөл байдал улам хүндрэх нь гэж сануулж байсан.

-Тийм ээ. Ингэж мэдэгдсэн. Монгол Улс гуравхан сая хүн амтай, дэлхийн хэмжээнд жижиг улс. Гэтэл эрүүгийн нөхцөл байдал, гэмт хэргийн гаралтаар дэлхийн хамгийн өндөрт тооцогддог улс орнуудын тоонд орж байна. Би Монголдоо мөрдөн байцаагч, өмгөөлөгчөөр ажиллаж байсан. АНУ-д ч өмгөөлөгч байлаа. Одоо ч Олон улсын шүүхэд өмгөөлөгч. Монголчууд бид өөрсдийнхөө байдалтай бүр эвлэрчихэж.

Төр нь ч, хууль сахиулах байгууллага нь ч, иргэд нь ч дасчихаж. Хүчирхийллийн гэмт хэргийн тоо маш өндөр байхад төр засаг, ард түмэн нь ч зохих шаардлагаа тавихгүй, арга хэмжээ авах талаар шахалт үзүүлэхгүй байна.

Нэгэнт хүний эрх гэж байгаа бол түүнийг хангах үүрэг нь Засгийн газарт бий. Эрх бол тунхаглал биш. Тухайн улсынхаа Үндсэн хууль, нэгдэн орсон олон улсын конвенцоор тогтоосон л бол тэр эрхийг бодитоор хангах үүргийг Засгийн газар хүлээдэг. Тэгэхээр монголчууд бид эрх гэдгийг сайхан үг, хуулиар олгосон давуу тал гэж ойлгодгоо болих хэрэгтэй. Бид утаандаа, хүчирхийлэлдээ дасчихаж.

Би амралтаараа ирээд орой гудамжаар явахад тэнд нэг нь нөгөөгөө зодсон, хүүхэд, эмэгтэйчүүдийг орилуулсан, эсвэл нөхөр нь эхнэр, хүүхдээ айлгаж агсамнасан гээд хаа сайгүй хүчирхийллийг олж хардаг. Гэтэл хажуугийн нөхөд энэ үзэгдлийг хэвийн зүйл юм шиг тоодоггүй. Бид тэднийг болиулах, холбогдох газарт нь мэдээлэх үүрэгтэй шүү дээ, уг нь.

-Ямар судалгаа, баримтад үндэслэн Монголд гэмт хэргийн гаралт өндөр байгаа гэж хэлж байна вэ?

-Австрийн Вена хот дахь НҮБ-ын Гэмт хэрэг, хар тамхитай тэмцэх байгууллагын судалгаагаар нэг жилд 100 мянган хүн тутамд хүний амь санаатайгаар хөнөөсөн хэрэг дөрөв гарч байвал дундаж үзүүлэлт болж байгаа юм. Энэ бол дэлхийн улс орнуудын дундаж тоо. АНУ-д яг энэ хэмжээнд байдаг. Тэнд хүчирхийлэл, галт зэвсэгтэй холбоотой, хүний амь хохироосон гэмт хэрэг гарсан тухай бид мэдээгээр үзэж, сонсдог. Гэтэл 300 гаруй сая хүн амд нь харьцуулахад гэмт хэргийн гаралт дундаж хэмжээнд байгаа юм.

Тэгвэл бидэнтэй түүх, соёл, шашин шүтлэг, гадаад төрх байдлаараа төстэй Зүүн Азийн улс орнуудад маш бага. Тухайлбал, Японд 0.2, Өмнөд Солонгост 0.4-0.6 хувь, нэг тэрбум 400 сая хүн амтай Хятадад 100 мянган хүнд нэг жилд гарч байгаа санаатай гэмт хэргийн тоо нэг хувьтай л байна шүү дээ. Гэтэл манай улсад ямар байна гээч. Гуравхан сая хүн амтай улсад есөн хувьтай байна гээд бод доо.

Урд хөршид хуулиа хатуу сахиулж чаддаг учраас гэмт хэрэг дэлхийн дунджаас дөрөв дахин бага, ялангуяа санаатай хэргийн тоо хэд дахин цөөн байна. Тэд бидний хажууд тайван, аюулгүй орчинд амьдарч байна гэсэн үг. Япон, Солонгосыг мөн л хамгийн тайван орон гэж үздэг. Европын улсууд, ялангуяа Хойд Европын улсуудад гэмт хэрэг хамаагүй бага. Мэдээж үймээн самуунтай, иргэний дайнтай улсуудад бол өөр.

Гэтэл энэ улсуудтай монголчууд бид өөрсдийгөө харьцуулж болохгүй. Бидэнд иргэний дайн, газар нутгийн маргаан, шашин хоорондын тэмцэл, салан тусгаарлагчид байхгүй. Дэлхийн хамгийн том, хамгийн тайван хоёр улсын дунд оршин тогтнодог, цөөхөн хүн амтай улсад ийм их гэмт хэрэг гарч байна. Намайг мөрдөн байцаагчаар ажиллаж байхад хүчирхийллийн гэмт хэрэг их гардаг байлаа.

Өнөөдөр ч буураагүй, цаашид ч өсөх хандлагатай. Ерөөсөө хүний амь, танхай, дээрэм, хулгайн гээд санаатайгаар үйлдэгддэг хэдхэн төрлийн хэрэг л зонхилон гардаг. Хулгайн хэрэг хүчирхийлэлд орохгүй ч манайд гарч байгаа хэргийн дийлэнх нь энэ. Дээр нь хүчингийн гэмт хэрэг.

-Гэмт хэрэг буурахгүй байгаа шалтгаан юу вэ?

-Би хувийн бодлоо л хэлье. Монголд хуулиа хатуу сахиулж чадахгүй байна. Хуульд заасан ял нь маш өндөр. Цаазаар авах ялыг халсан ч хорих ялын хязгаар харьцангуй өндөр. Тэгсэн атлаа иргэд гэмт хэрэгт холбогдоод буй нь хуулиа сахиулж чадахгүйтэй холбоотой. Гэмт хэрэг үйлдэх шалтгаан нь илүү, үйлдэхгүй байх шалтгаан нь бага байна гэсэн үг. Үүн дээр хээл хахууль, авлигын гэмт хэрэг нэмэгдэнэ.

Гарч байгаа гэмт хэргийн тоон дээр улстөрчид, хууль тогтоох байгууллагын төлөөлөгчид дүгнэлт хийж хариуцлага хүлээхгүй байна. Улс төрийн сонгуульд орж байгаа нам эвсэл, нэр дэвшигчдэд Монголд үйлдэгдэж байгаа хэргийг бууруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн бодлого байдаггүй.

Төрийн хийх ёстой хамгийн чухал ажлын нэг бол ард иргэдээ аюулгүй тайван орчинд амьдруулах. Монголд гэмт хэрэг өсөж, буурч байгаад хэн хариуцлага хүлээж байгаа юм бэ, хэн үүнийг ярьж байгаа вэ. Ялангуяа, хариуцлага хүлээх ёстой хамгийн чухал албан тушаалтан бол Ерөнхий сайд, Засгийн газар. Хууль зүйн сайд нарын ажлын үр дүнг гэмт хэрэгтэй хэрхэн, яаж тэмцэж байна вэ гэдгээр дүгнэдэг байх ёстой.

-Гэмт хэргийг бууруулах, түүнтэй тэмцэх ажилд улс төр хэрхэн нөлөөлж байгаа бол. Мэргэжлийн салбарын бодлого, шийдвэр, үйл ажиллагааг улс төр тогтворгүй, итгэлгүй болголоо гэж шүүмжлэх хүн олон болсон шүү дээ.

-Шууд нөлөөлж байна. Монголд өнөөдөр хуулийн байгууллагын өндөр албан тушаалд хэнийг ч тавих боломж бүрдчихэж. Тухайн байгууллагад нэг өдөр ч ажиллаж үзээгүй, хууль сахиулах талаар ямар ч мэдлэг, ойлголтгүй, мэргэжлийн өндөр албан тушаалд тохирохгүй хүнийг хуулийн байгууллага удирдуулахаар тавьж байна. Энэ бол тухайн салбарын, байгууллагын үйл ажиллагаанд шууд нөлөөлнө. Байгаа систем тогтолцоо нь ийм байна.

Олон улсын байгууллага, өндөр хөгжилтэй орнуудад хуулийн байгууллагын удирдлагыг томилохдоо маш олон шалгуур тавьдаг. Хуулийн сургуульд сурснаас өөр тухайн байгууллагыг удирдах, мэргэжлийн ямар боловсролтой вэ, эрдмийн зэрэг цолтой юу, хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааг мэддэг үү, ажил, мэргэжлийн өндөр туршлагатай юу гэх зэргээр.

Мөн хэзээ ч хууль зөрчиж асуудалд орж байгаагүй, бүдүүлэг зан авиргүй, худал хэлдэггүй байх ёс зүйн өндөр шаардлага тавьдаг. Энэ мэт шалгуурт тэнцсэн, 15-20 жилийн ажлын туршлагатай хүн л хууль зүйн байгууллагыг тэргүүлдэг. Гэтэл манайд дээд сургууль төгссөн, эсвэл нам эвсэлд ажиллаж байсан нөхрөөр хуулийн байгууллагаа удирдуулаад байгаа болохоор энэ салбарт хэн ч очиж, юу ч хийж, бас хийхгүй байж болж байна.

-Оюутолгойн хөрөнгө оруулалтыг гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлсэн учир Гаагийн шүүхэд хандана гэж өмнөх парламентын нэг гишүүн ярьж байлаа.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ч мөн л олон улсын шүүхэд хандана гэж мэдэгдэж байв. Энэ мэт гомдлыг Гаагийн шүүх хүлээн авдаг юм уу?

-Нэг компанитай холбоотой асуудлыг Олон улсын шүүхээр хэлэлцэх боломжгүй. Гааг дахь шүүхүүд эдгээр асуудлыг хэлэлцдэггүй. Ер нь Олон улсын шүүх гэдэг нэр томьёог улстөрчид өөрсдийнхөө хүсэл сонирхолд тааруулж ярих нь зохисгүй. Олон улсын шүүхүүд гэдэг бол олон улсын хэмжээнд үүссэн ноцтой дөрвөн төрлийн гэмт хэргийг л шийддэг.

НҮБ-ын Олон улсын шүүх бол Засгийн газар хоорондын, тусгаар улсуудын хоорондын маргааныг шийддэг гэж би дээр хэлсэн шүү дээ. Харин хувь хүний эрх зөрчигдсөн гэж үзвэл олон улсын, хөндлөнгийн хараат бус хороодод хандах боломж нээлттэй.

-Та Иргэний дайнтай холбоотой хэрэг дээр ажилладаг гэж байсан. Одоо Угандагийн иргэний дайны хохирогчдыг өмгөөлж байгаа гэл үү?

-Олон улс орон, газар нутагт иргэний дайн улс хоорондын эзлэн түрэмгийллийн шинж чанартай хэргүүд гарсаар байна. Сирид л гэхэд иргэний дайн зургаа дахь жилдээ үргэлжилж байгаа шүү дээ. Олон мянган хүүхэд, эмэгтэйчүүд амиа алдаж, гэмтэж бэртэн, амьдралаараа хохирч байна. Ийм төрлийн хэргийг тусгайлан шүүдэг шүүх нь манайх. Надтай адил олон орны хуульч энд ажилладаг.

-Нэлээд олон жил ажиллаж байгаа шүү дээ, та. Хэчнээн хэрэг өмгөөлөв?

-Олон улсын шүүхэд 10 дахь жилдээ ажиллаж байна. Миний хувьд шүүхийн байнгын өмгөөлөгч учраас шүүхэд ирсэн бүхий л хэрэгт янз бүрийн түвшинд оролцож байсан. Төв Африкийн БНУ-д үүссэн иргэний дайн, Кенийн иргэний үймээн самуун, Угандагийн Засгийн газар болон зэвсэгт мөргөлдөөн, Ардчилсан Конго улсын хэрэг гээд дөрвөн том хэрэг дээр гардан ажилласан. Одоо ч ажиллаж байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай