Б.Обама Ерөнхийлөгчийн хувиар сүүлчийн удаа үг хэллээ

Барак Обама АНУ-ын Ерөнхийлөгчийн хувиар сүүлчийн удаа үг хэлэхдээ ардчиллыг хамгаалахыг америкчуудад уриалаад, ярианыхаа төгсгөлд нулимсаа барьж дийлээгүй байна. Арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл болон эдийн засгийн тэгш бус байдал АНУ-ын ардчиллын гол аюулын нэг хэмээв.

Тэрчлэн уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудлаар нийтлэг баримтад тулгуурлахын оронд улстөрчид бодитой бус жишээ татаж байгаа нь Америкийн ардчилсан тогтолцооны хувьд бас нэг аюул хэмээн Б.Обама үзэж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар түүний засаг захиргаа идэвхтэй ажилласан бол тус улсын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трамп уг асуудлыг илэрхий үл тоож буй билээ.

“Одоо бид энэ асуудалд илүү нухацтай хандах ёстой. Түүнийг няцаах нь ирээдүй хойч үеэ хуурсан болж байгаа төдийгүй манай улсыг үүсгэн байгуулагчдын удирдлагаа болгодог, асуудлыг үр ашигтайгаар шийддэг уламжлалыг эвдсэн хэрэг болно” хэмээн Б.Обама мэдэгджээ.

Шашны хэт үзэлтнүүд, гадаадын дарангуйлагчид хууль, хүний эрхийг сахин мөрдөхөд үндэслэсэн дэлхийн хэв журамд заналхийлж буйг тэрбээр сануулав. “Хэрэв бид итгэл үнэмшлээ орхихгүй, жижиг хөршүүдээ хадардаг бас нэг том улс болчихгүй бол Орос, Хятад зэрэг өрсөлдөгч тийм заналхийлэгч болж чадахгүй” гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Чикаго хотод очиж дээрх үгийг хэлсэн байна. Цагаан ордонд бус, 2008 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын эхний зоогийн тухай мэдээллийг авсан буюу Төрийн тэргүүн болох гараа нь эхэлсэн энэ хотыг тэрбээр ийн сонгосон аж. Түүний хамт тэргүүн хатагтай Мишель Обама, Дэд Ерөнхийлөгч Жозеф Байден гэргийтэйгээ тус хотод ирсэн байв. Үг хэлсэн танхимд 20 мянга орчим хүн цуглажээ.

Эхлээд тасалбарыг үнэгүй тараасан боловч дамлан худалдаачид 1000 доллар хүргэсэн аж. Индрээс гэргий Мишельдээ хандаж “Өнгөрсөн 25 жил миний эхнэр, хоёр хүүхдийн минь эх төдийгүй хамгийн сайн найз минь байсан чамаараа би бахархаж байна. Нийт улс даяараа бахархаж байгаа” хэмээн хэлэхдээ Б.Обама нулимсаа барьж дийлээгүй юм.

Өдгөө 55 настай тэрбээр 2008 онд итгэл найдвар, өөрчлөлт гэсэн уриагаараа олон түмний итгэлийг хүлээж, АНУ-ын анхны өнгөт арьст Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Харин түүний халааг авч буй Дональд Трамп Б.Обамагийн хийсэн зарим шинэчлэлийг цуцлахаа мэдэгдээд буй билээ. Д.Трамп энэ сарын 20-нд тангаргаа өргөж, ажилдаа албан ёсоор орно.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай