“Эвтэй тав”-ын эвгүй өрсөлдөөн

Он дамжин үргэлжилж буй АН-ын даргын сунгаа ид дундаа явж байна. Орон нутагт сурталчилгаагаа хийж яваа таван нэр дэвшигч өдгөө 14 аймагт ажиллажээ. Нэг цуваанд орон эх орноо нар зөв тойрч, намын гишүүд, дэмжигчидтэйгээ хамт уулзаж, нэг буудалд тухалцгааж яваа тэднийг намынхан нь “Эвтэй тав” хэмээн нэрлэж буй. Одоохондоо намын даргын тамга атгаж буй З.Энхболд “Алунгоо эх хөвгүүддээ эвтэй байхыг сургаж багцалсан сум өгсөн ч нөгөөдүүл нь эв эвдэрч, тарж бутарсан” тухай жаахан таагүй түүх өгүүлээд гардуулсан таван сумнаас болж тэд “Сумтай тав” ч гэгдээд байгаа.

Намын даргын сунгаанд эцсийг нь хүртэл явж, “нэгийгээ үзэхээр” шийдсэн таван хүн нүүрэн дээрээ эвтэй харагдахыг хичээвч үгэн дотор үг багтаасан шүүмжлэлийг боломж гарах бүрт нөгөө хэд рүүгээ чулуудаж буй. Түүнийг нь гэрчлэх дүрс бичлэгийн “тасархай” сошиал ертөнцөөр л нэг “хийсэж” явна. Тухайлбал, Л.Гантөмөр “Манай дөрвөн нэр дэвшигчид баяр хүргэж алга таш. Алдаагаа ухаарсан хүмүүст баяр хүргэх хэрэгтэй” хэмээн хөвөнд боосон чулуу шидэж, Ж.Батзандан “Бөлдөгтэй”, “төмсөгтэй”, аймхай хүмүүс энэ намыг удирдаж чадахгүй” хэмээн өрсөлдөгчдөө түншээд авсан харагдсан.

Үүгээрээ тэр Н.Алтанхуяг, Л.Гантөмөр нарыг хэлсэн гэж нийтэд ойлгогдсон. Л.Гантөмөр тун ууртайгаар “Би аймхай байна уу, тийм юм байдаггүй юм” хэмээсэн нь Ж.Батзанданд өгсөн хариулт байв. Мөн Ж.Батзандан “Зарим ах нар фракцыг татан буулгаж яах юм гэдэг. Аймаг, сум, дүүргийн намууд нэг хүний мэдэлд орчихож. Манай нам хувьчлагдсан байна. Одоо намаа тэр нөхдийн гараас салгая.

Иргэний нийгмийн төлөөллийг оруулъя” гэсний хариуд С.Эрдэнэ “Би Батзанданд “Битгий намаа муулаад бай” гэж хэлдэг юм. Энэ хүн намаас хоёр удаа гарсан. 2008 онд шоронд орохын даваан дээр “Ах аа, намайг авраарай” гээд ирсэн. Одоо энэ намыг гудамжны юмнуудаар дүүргэх нь. Удахгүй Г.Уянга, “босоо” С.Ганбаатар нь орж ирэх юм байна л даа. Хэн нэг гудамжны популист орж ирээд АН-ыг самрахыг би зөвшөөрөхгүй” гэсэн байх жишээтэй.

Уулзалт бүр дээр энэ мэтийн яриа гарч, таван нэр дэвшигч бие бие рүүгээ “сум тавьсаар” яваа. Нэгэнт өрсөлдөөн өрнөж буй үед, ялангуяа манайхан шиг нэгнээ муулахгүйгээр өөрийнхөө сайн чанарыг товойлгож чаддаггүй хүмүүс яаж зүгээр байх билээ. Санал хураах өдөр ойртох тусам өрсөлдөөн ширүүсэж, өрсөлдөгчөө муухай харагдуулахаар дайрах хандлага нэмэгдэх янзтай.

...Сурталчилгааны хугацаа дөнгөж талаасаа хэтэрч байна. Нэр дэвшигчид одоо долоон аймагт гишүүд, дэмжигчидтэйгээ уулзаад нийслэл рүү хүлгийн жолоо зална. Санал хураах өдөр дөхөх тусам, нэр дэвшигчид нийслэлд ирэхэд уур амьсгал улам “халуун” болох нь тодорхой. Үүнийгээ ч тэд мэдэж байгаа...

Нэр заан цохоогүй ч хэнд хаягласан нь шууд уншигдах хурц үгтэй, нэгнийхээ муу, муухайг “хайр найргүй” илчилсэн бичлэг, бичвэрийн тоо өдрөөс өдөрт нэмэгдээд байгаа нь илт анзаарагдаж байна. Тухайлбал, С.Эрдэнэ Завхан аймагт хийсэн уулзалтад “2008 онд таван залуугийн амь нас, олон зуун залуугийн хүсэл мөрөөдлөөр бид наймаа хийсэн. Манай намын хэсэг нөхөд С.Баярын Засгийн газарт орж, сайд, дарга болж байхад “Ганц худаг”-аар дүүрэн залуучууд хоригдож байлаа. Тэд ардчиллын төлөө ял эдэлж байсан юм. Би УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ өвөртөлчихөөд хилс хэрэгт гүтгүүлж, зургаан жилийн ял сонсоод, тэдний дунд “Ганц худаг”-т хоригдож байсан. Тэгэхэд АН дуугараагүй. Харин ч намын дарга нь эсрэг намынхаа Засгийн газрын Шадар сайд болчихсон байсан. Энэ мэтээр олон мянган залуугийн хүсэл мөрөөдлийг уландаа гишгэсэн болохоороо бид 2016 онд энэ том ялагдалд хүрсэн” хэмээн ярьснаа фэйсбүүк хуудастаа тавьж, олон хүнд хүргэх зорилгоор мөнгө төлсөн харагдана.

Түүний яриандаа дурдсан эсрэг намын Засгийн газрын Шадар сайд болсон хүн нь Н.Алтанхуяг. Н.Алтанхуяг өөрийнх нь тэргүүлж байсан Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулсан нь АН-ын ялагдлын шалтгаан гэж үзэж буй. Тэрбээр Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулахад эсрэг санал өгсөн болон хуралдаа ирээгүй 15 гишүүнийг “хээрийн боохойтой нийлсэн гэрийн нохой” хэмээн нэрлэж, хорхойтой араандаа зууснаа нуудаггүй. Дээрх 15 гишүүний тоонд Ж.Батзандан, С.Эрдэнэ нар ордог юм.

Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “Эвтэй тав”-тайгаа холбоо барилаа. Хамтдаа Завхан аймагт үдийн хоолоо идэж байна гэнэ. Манай хэдийг бие биенээ муулаад, муудалцаад яваа юм уу гэж хүмүүс их асууж байна. Тэгтлээ амьтан хүний нүд бүлтийлгэж, чих дэлдийлгэсэн хэрүүл болоод буй явдал бодит байдал дээр байхгүй. Нэгэнт л өрсөлдөөн болохоор, тэр тусмаа өрсөлдөгчид байнга хамт яваа болохоор ганц нэг удаа түр тар хийх юм байлгүй л яах вэ. Байхгүй бол манайханд сонирхолгүй байж ч мэдэх” хэмээн олон нийтийн сүлжээнд нийтэлжээ. Нэр дэвшигчдийн толхилцоон намын төв байгууллагын удирдах албан тушаалтны чихэнд хүрч, ийм мэдэгдэл хийхэд хүргэсэн гэсэн үг мөн биз.

Сурталчилгааны хугацаа дөнгөж талаасаа хэтэрч байна. Одоо долоон аймагт гишүүд, дэмжигчидтэйгээ уулзаад нийслэл рүү хүлгийн жолоо зална. Санал хураах өдөр дөхөх тусам, нэр дэвшигчид нийслэлд ирэхэд уур амьсгал улам “халуун” болох нь тодорхой. Үүнийгээ ч тэд мэдэж байгаа. Тийм ч учраас Л.Гантөмөр Завхан аймагт намын гишүүдтэйгээ уулзахдаа “Намайг маш их гүтгэж, доромжилж байна. Ингэнэ гэдгийг нь ч мэдэж байсан. Ахиад ч гүтгэнэ гэдгийг мэдэж байгаа. Би доромжлуулах гэж энд зогсож байна. Салхи сөрж намаа шинэчилье гээд явж байна. Хөгжлийн асуудлын хажууд энэ гүтгэлэг юу ч биш” хэмээсэн биз.

Намын даргын сонгуулийг зохион байгуулах 30 хүний бүрэлдэхүүнтэй АН-ын даргын сонгуулийн хороо, аймаг, дүүрэг, сумын 339 салбар хороог тус бүр таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж буй. Намын даргын сонгуулийн сурталчилгаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-нээс эхэлсэн. 40 хоног үргэлжлэх учиртай сонгуулийн сурталчилгаа энэ сарын 28-нд дуусаж, маргааш нь санал хураана.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай