Улаанбаатарын агаарын бохирдол ДЭМБ-аас тогтоосон АЮУЛТАЙ ХЭМЖЭЭНЭЭС 4 ДАХИН ИХ БАЙНА!!!

Агаарын бохирдол иргэн бүрийн санааг зовоосон асуудал болоод байна. Хүүхэд багачуудын  амьсгалын замын өвчлөл ихсэж, иргэдийн эрүүл мэндэд хортойгоор нөлөөлж байгаа нь яаралтай,  дорвитой арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага тулгарч байгааг харуулж байна. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд ДЭМБ-аас 103 орны 3000 орчим томоохон хотыг хамруулсан судалгаагаар агаарын бохирдлын түвшин хоёр дахин нэмэгдэж, эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг нөлөөлөл эрс нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Төр засгийн удирдлагууд ч агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг албан ёсоор мэдэгдээд буй. 

Агаарын бохирдлын эх үүсвэрийн талаарх судалгаанаас авч үзвэл:

  1. Нийт агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын яндангийн утаанаас,
  2. Бохирдлын 5-6 хувийг үйл ажиллагаа явуулж буй дулааны цахилгаан станцуудаас ялгаруулж буй утаа эзэлж байгаа бол,
  3. Автозамын хөдөлгөөнд оролцож байгаа 400,0 мянга гаруй  автотээврийн хэрэгслэлээс ялгарч буй утаа, угаарын хий10 хувийг,
  4. Дээр дурьдсанаас бусад эх үүсвэрээс ялгарч буй утаа, тоосжилт 4  хувийг эзэлж байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдлын эх үүсвэр болох түүхий нүүрсний хэрэглээ нь жилд 5,9 сая тонн бөгөөд үүнээс гэр хороололд 10 хувийг нь хэрэглэж байгаа боловч агаарт ялгаруулж байгаа бохирдлын 80 хувийг эзэлж байна.

Тиймээс GoGo мэдээний агентлаг Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй бүх хэвлэл мэдээллийн байгууллагыг хамтдаа утааны эсрэг дуу хоолойгоо нийлүүлэн тэмцэхийг уриалсан. Тус уриалгын зорилго нь хэвлэл мэдээллийн байгууллагуудын хүчийг нэгтгэн, нэгдсэн хүчээр утааны эсрэг дорвитой арга хэмжээ авахыг эрх баригчдаас шаардахад чиглэх аж.

Иймд энэхүү уриалгад "Монгол Ньюс" компанийн хэвлэл мэдээллийн байгууллагууд /ӨНӨӨДӨР сонин, www.unuudur.mn, Ubpost сонин/ нэгдэж байна. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

Илгээх

Энэ тухай