Макаогийн шоронд байгаа монголчуудын эрх зөрчигдөж байна гэв

БНХАУ-ын засаг захиргааны нэг тусгай бүс нутаг болох Макаод 10 гаруй монгол залуу хорих ял эдэлж байна. Тэд юуны учир харийн шоронд ял эдэлж байна вэ гэдгийг бид ГХЯ-ныхнаас тодруулахыг хүссэн ч “Өөрсдийнх нь юм уу, ар гэрийнхнийх нь зөвшөөрөлгүйгээр ял шийтгүүлсэн иргэдийн мэдээллийг өгөх боломжгүй” хэмээн цааргалсан юм.

Харин бидэнтэй Макаод ял эдэлж буй нэгэн залуу холбогдлоо. Түүний ярьж буйгаар ял эдэлж буй 10 гаруй залуугийн олонх нь хулгайн хэргээр ял шийтгүүлсэн аж. Ихэнхдээ казиногийн хасаа хулгайлж, дилер, кассанд нь борлуулан мөнгө олдог хэмээн ял шийтгүүлсэн аж. Тэдний ял эдэлж буй нөхцөл байдлын талаар 141/2015 дугаартай хүмүүжигч Ц.Ганболд гэх залуу бидэнд захидлаар мэдээлэл ирүүлсэн юм. Тэрбээр энэ тухайгаа БНХАУ-ын ЭСЯ бусад холбогдох байгууллагад нь мэдээлж өгөхийг хүсэв.

Уг захидалд “Хорих газрын алба хаагчдын олонх нь хээл хахуульд автсан бөгөөд тэнд ял эдэлж буй гадаадын иргэдийн эрх ашиг маш их зөрчигддөг. Тэдэнд хахууль болгож өгөх мөнгө гадаадын хоригдогч нарт байхгүй, ар гэрээс нь эргэлт уулзалт ирдэггүй. Уг шоронд Африк, өмнөд Америк, Солонгос, Болгар, Орос, Монголын хүмүүс нутгийн иргэдийн хамт ял эдэлж байна. Олон сар, жилийн дараа ар гэрээс нь ганц удаа илгээмж ирэхэд “энэ ч болохгүй, тэр нь ч болохгүй” гээд хураан авч хогийн саванд хаядаг.

Гэтэл мөнгөтэй нутгийн иргэд нь хорих ангиас тавьж олгосон хувцсыг ч өмсөхгүй, хувцас чөлөөтэй сольж өмсөхийн зэрэгцээ өрөө болгондоо гал түлж хоол хийж идээд сууж байна. Өрөө болгонд хоол хийхдээ ашигладаг хутга байж л байдаг. Тэгсэн атлаа Христийн шашинтай гадаадын иргэнд Библи судар нь илгээмжээр ирэхэд хавтсыг нь ураад хаячихаж байна. Шалтгаан нь хүний амь бүрэлгэж болзошгүй гэх юм билээ. 60 граммын савтай архи 800, нэг литрийнх нь 13 мянган хонконг долларын үнэтэй Макаогийн шоронд зардаг” хэмээн бичсэн байв.

Гар утас шорон дотор 50 мянган хонконг долларын ханштай байдаг хэмээн тэрбээр +8536628...-тай дугаараас залгасан юм. Тэрбээр ярихдаа “Ял шийтгүүлэн хоригдож байгаа Макаогийн унаган иргэдийн утсаар ярьж байна. Хууль хяналтын байгууллагынхан нь биднийг хүн гэж үздэггүй. Би энд хоёр жил гаруй ял эдэлж байна. Саяхан ял шийтгүүлж ирсэн 10 гаруй монгол залууг байцаахдаа намайг орчуулагчаар ажиллуулсан юм. Тэгтэл намайг худлаа орчууллаа хэмээн зодож гэмтээснээс хойш би орчуулга хийлгэе гэхээр нь үгүй гэдэг болсон” гэж ярилаа.

Макаод манайхан ихэнхдээ хулгайн хэргээр ял эдэлж байгаа бөгөөд Монголд халаасны хулгай хийж байсан залуус тийшээ олноороо очсон тухай мэдээлэл цагдаагийнханд байдаг юм. Харин тэнд хар тамхи, өөр бусад хэрэгт ял шийтгүүлсэн хүн байхгүй гэдгийг Ц.Ганболд бидэнтэй ярихдаа хэллээ. Юутай ч түүний захидлыг товчлон хүргэлээ. Энэ дашрамд тэрбээр огт уулзаагүй хоёр хүүхэд, аав ээжээсээ уучлалт гуйж, ийм захидал сонинд хүргүүлсний төлөө амиа алдаж ч болзошгүй аюулд орсноо бичсэн байв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (11)

Илгээх

Энэ тухай