Монголчуудад хар тамхи хэрэглэх арга заадаг орос эрийн толгойг Дээд шүүх “илжээ”

Монголчуудад хар тамхи хэрэглэх арга заадаг орос эрийн толгойг Дээд шүүх “илжээ”

Монгол залууст мансууруулах бодис бэлтгэж хэрэглэх аргыг заадаг байж болзошгүй орос эрд 2015 оны намар чанга дэглэмтэй хорих ангид 11 жил ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Дима нэрээрээ манай мансуурах донтой залууст танигдсан Димитрий Николаевич Уткин гэх эр 2010 онд манай улсаас хөөгдөж гараад нууцаар орж ирэн Баянгол дүүрэгт монгол эхнэрийнхээ хамт хууль бусаар амьдарч байхдаа ийм ноцтой хэрэг өдүүлсэн нь тогтоогдсон юм.

ОХУ-даа орон байрны хулгай, мансууруулах бодис олж авч хадгалсан, цөмийн материал, цацраг идэвхт бодис хулгайлсан хэмээн ял шийтгүүлсэн энэ эр “Би өөр хүний өвсийг түр хадгалж байсан. Манай гэрт үзлэг хийгээд цагдаагийнхан олж авсан юм биш, харин би тэдэнд өөрөө гаргаж өгсөн. Өмнө нь нутагтаа ял шийтгүүлж байсан ч ялтайд тооцогдох хугацаа дууссан, хоёр сартай нялх хүүхэдтэйг минь харгалзан надад хөнгөн ял оноохыг хүсье” хэмээж байсан. Түүний хэргийг Дээд шүүхийнхэн үл ялих шалтгаанаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм билээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс ногдуулсан ял шийтгэлээ эдлэн Багануур дүүрэг дэх ШШГЕГ-ын харьяа хорих ангид ял эдэлж байхад нь Дээд шүүх “ОХУ-аас түүний ял шийтгэлийн тодорхойлолтыг тус улстай байгуулсан эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээний дагуу аваагүй байна” гэсэн шалтаг дурджээ.

Цагдаагийнхан мөрдөн байцаалтын шатанд Д.Н.Уткины ял шийтгэлийн тодорхойлолтыг авахдаа Интерполоор дамжуулчихсан юм байж. Энэ нь Дээд шүүхийн шүүгч нарын хар тамхины хэргийг шийдэхгүй удаашруулах нэг шалтаг болжээ.

Манай төрийн байгууллагуудын уялдаа холбоо ямар байдаг билээ, хөрөнгө мөнгө хүрэлцээтэй билүү гэдгийг шүүх бодолцож үзээгүй гэхэд болно. Нэмэлт мөрдөн байцаалтад 2016 оны нэгдүгээр сард буцааснаас хойш хууль сахиулах байгууллагынхан Д.Уткины ял шийтгэлийн тодорхойлолтыг авах хүсэлтээ прокурорт тавьж, прокурор Хууль зүйн яам руу, тус яамнаас ГХЯ-нд тавьсан байдаг. ГХЯ-наас Москвад суугаа ЭСЯ руугаа явуулсан, тэндээс ОХУ-ын ДЯЯ-нд хүргүүлсэн, ял шийтгэлийн тодохойлолтоос гадна Орос хэмээх том гүрний хаа нэгтэй амьдарч байгаа өмнөх эхнэрийг нь олж байцаах гээд бараг бүтэн жил шахмын ажил болжээ.

Ийм урт хугацааны дараа тус улсаас ирж буй тайлбар нь ердөө нэг хуудас хүрэхтэй үгүйтэй тайлбар гэх мэдээлэл байна. Энэ бүхний эцэст хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлээд байгаа юм билээ. Өнгөрсөн даваа гаригт хэлэлцэхээр товлосон ч орчуулагч томилуулахаар болж энэ сарын 28-ныг хүртэл хурлыг хойшлуулжээ. Энэ хооронд орос эр мансууруулах бодис олж аван хэрэглэж, монгол залуусыг уруу татаж байгаа ч юм билүү хэн мэдлээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

Илгээх

Энэ тухай