Н.Алтанхуяг барилгад оруулсан хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадаагүй гэнэ

Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуягийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаад нэлээд удаж буй билээ. Түүнийг Эрүүгийн хуульд заасан “Төрийн албан хаагч эрх мэдлээ урвуулсан”, “Хууль бусаар хөрөнгөжсөн” гэсэн үндэслэлээр буруутгасан. Мөн Авлигын эсрэг хуулийн заалт зөрчсөн хэмээн 2016 оны арваннэгдүгээр сарын 30-наас шалгаж эхэлснийг хэвлэлийнхэн тэр даруйд нь олон нийтэд хүргэсэн.

Экс Ерөнхий сайдыг хууль бусаар хөрөнгөжсөн хэмээн буруутгах үндэслэл нь хуучнаар “ХИД-1” буюу олны нэрлэж заншсанаар Чингэлтэй дүүргийн нутаг, “Найман шарга” валют арилжааны захын дэргэд барьсан долоон давхар шилэн барилгын үнэлгээг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ зөрүүтэй мэдүүлсэн явдал. Уг барилгад ихээхэн хэмжээний хөрөнгө оруулсан гэж шинжээчид дүгнэсэн аж. Тэрбээр 2015 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ зах зээлийн үнийг нь 130 сая төгрөгөөр үнэлж, бүртгүүлсэн байдаг.

Харин 2014 оны ХОМ-тээ уг барилгыг 30 сая гэж үнэлсэн бөгөөд түүнийхээ хөрөнгийг эх үүсвэрийг тодорхой тайлбарлаж чадахгүй байгаа нь хууль бусаар хөрөнгөжсөн хэмээн шалгуулах шалтаг болсон аж. Нэг жилийн дотор 30-130 сая болтлоо үнэлгээ өссөн долоон давхар шилэн барилга нь эхнэр Сэлэнгийнх нь нэр дээр бүртгэлтэй байдаг.

Авлигын эсрэг хуулийн 10.4-т “Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 10.3-т заасан хугацаанд мэдүүлгээ өгсний дараа хөрөнгө, орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу түүнээс дээш хэмжээгээр өөрчлөгдсөн бол түүнийг тухай бүр 30 хоногийн дотор мэдүүлнэ” гэж заасныг зөрчсөн нь тодорхой болоод буй юм билээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай