Ц.Элбэгдорж: Утааны гамшиг бол Монголчуудын бидний өөрсдийнх нь тарьсан гамшиг юм

Ц.Элбэгдорж: Утааны гамшиг бол Монголчуудын бидний өөрсдийнх нь тарьсан гамшиг юм

Өчигдөр буюу энэ сарын 10-ны өдөр Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудлаар Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн өргөтгөсөн хурал хийсэн. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ҮАБЗ-ийн хурлаар хэлэлцсэн нийслэлийн агаарын бохирдол, утааны асуудлаар мэдээлэл хийлээ.

Ерөнхийлөгч уулзалтын эхэнд Монгол Улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй хэмээн Үндсэн хуульд заасан байдаг гэдгийг онцолсон бөгөөд шилжилт хөдөлгөөний хязгаарлалт Үндсэн хуулинд нийцүүлж гаргасан шийдвэр гэдгийг хэллээ.

Тэрбээр өнөөдөр Улаанбаатар хотыг нүүлгэх шаардлага үүссэн хэмээн үзэж байгаагаа хэлсэн. Түүнчлэн нийслэлд одоо байгаа хөрөнгө оруулалтаа хязгаарлах хэрэгтэй. Үүнээс илүү хөрөнгө оруулалт хийж тэлэх шаардлагагүй. Харин ч аль болох төвлөрлийг сааруулах чиглэлд ажиллах нь зүйтэй юм гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр “Улаанбаатар хотод амьдарч байгаа нь маш “аюултай” болчихоод байгаа юм. Тиймээс хязгаарлалт хэрэгтэй. Эхийн хэвлийд байгаа ураг амьгүй болох хэмжээнд хүрсэн энэ гамшгийг “гамшиг” гэхгүй юм бол өөр ямар зүйлийг аюул гамшиг гэж хэлэх вэ. Утааны үеийнхэн гэх бүхэл бүтэн “үе” бий болж байна. Би 2009 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа Улаанбаатар хот хүн амьдрахад аюултай хот боллоо гэдгийг анх удаа хэлж байсан. Гэтэл манайхан жоохон салхи гараад ирэхээр утаагаа мартдаг. 2010 онд УИХ-аар Агаарын төлбөрийн тухай хуулийг батлуулсан. Бид одоо л сэрж байгаа юм биш. Энэ утааны асуудал үргэлж миний сэтгэл зүрхэнд байсан.

Яг үнэндээ утааны гамшиг бол Монголчуудын бидний өөрсдийнх нь тарьсан гамшиг юм. Утаа гаргаж байгаа зуухны ард тоо суугаагүй, хүн сууж байгаа. Тиймээс бүгд хариуцлагатай болъё. Хаймар, хог хаягдал оруулж ирээд галаа түлж байгаа явдлаа зогсооё. Нэг хороонд амьдарч байгаа 60 айлын 6 нь утаа гаргахгүй, цахилгаан зуухтай байлаа гэхэд 30 нь түүхий нүүрс түлж байна. Гэтэл тэр дунд 2-3 хог хаягдал түлж байгаа айлууд байгаа шүү дээ. Хүн хийж буй муу үйлдлээ бусдад мэдэгдээд ирэхээр хийхээ больдог. Хүн бүртгэлд ороод мэдэгдээд ирэхээрээ зогсдог юм. Үүний төлөө хамтдаа тэмцэцгээе л дээ.

Түүнчлэн Багануур, Налайхаас орж ирж буй түүхий нүүрс маш их утаа гаргадаг. Монголд сайн чанартай нүүрснээс их зүйл байхгүй. Бидний маргалдаад байгаа угаасан сайн чанарын нүүрсээ хилээр гаргахгүй, Улаанбаатартаа түлэх хэрэгтэй. иргэдийн хэрэглэж буй нүүрснээс хэд дахин хямд үнэтэй, хэд дахин илчлэг, хатуулагтай, утаа гаргадаг бодис нь хэд дахин бага нүүрсийг яагаад хэрэглэж болохгүй байга аюм бэ. Гэр хорооллын айлуудын хэрэглэж буй нүүрсний хэмжээ тийм ч их биш. Ердөө 600 мянган тонн нүүрсийг л Улаанбаатарынхан түлж байгаа. Гэтэл төвлөрсөн цахилгаан станцууд 6-12 сая тонн нүүрс тээвэрлэн зөөж байна. Тавантолгойн нүүрсийг Даланжаргалан, Хар айраг, Чойр луу машинаар тээвэрлээд, тэндээсээ наашаа галт тэргээр тээвэрлэхэд нь хөнгөлөлт үзүүлэх бүрэн боломж бий. Монголд нүүрснээс их зүйл алга. Нүүрс байгаа газар метаны хий гэж зүйл байдаг. Тэрийг хоолойгоор татах, савлаад оруулж ирэхэд асуудал байхгүй.

Өчигдөр ҮАБЗ үндсэн гурван асуудлаар хэлэлцсэн.

  1. Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудлыг гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Үүн дээрээ хязгаарлалтын бүс тогтоогоод шаардлагатай байгаа ажлуудыг нэн яаралтай хийх хэрэгтэй.
  2. Гамшгийн бүсээ тодорхойлсон учир одоо нийтээрээ онцгой горимоор ажиллах. Мөн Онцгой байдлын хорооны нэрийг өөрчилж, Ерөнхий сайдаар ахлуулан ажиллуулахаар болсон. Иргэдийг хариуцлагатай болгоно. Ардчилал ч ярихаа болъё. Тодорхой эрхүүд ч хязгаарлагдана. Төрийн зүгээс шийтгэл хүлээлгэнэ.
  3. Хязгаарлалтын бүсээс иргэдийг нүүлгэн шилжүүлнэ. Би 6-7 жилийн өмнө "Улаанбаатар хот амьдрахад аюултай хот боллоо шүү. Битгий нүүрж ирээрэй гэж хэлж байсан." Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот 100-аад жилийн өмнө үүсч, гэр хорооллууд бий болсон. Үүнийгээ дагаад нийтийн жорлонгууд бий болж, хөрс бохирдож эхэлсэн. Улмаар ундны ус бохирдсон байна. Тиймээс 30-40 жилд нөхөн сэргээлт хийхгүйгээр дахин бүтээн байгуулалт хийх боломжгүй юм" гэлээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай