Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн усан цахилгаан станцын төслийг шалгаж эхэллээ

Засгийн газраас Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын мөрөөр АТГ, ЭЦГ-аас хамтарсан ажлын хэсэг гарч, тус банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөр, зээлийн зарцуулалтыг шалгаж эхлээд буй билээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст ажлын хэсгийнхэн төвлөрөн сууж буй бөгөөд тэд тус банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр тэргүүтэй хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлснийг бид мэдээлсэн.

Н.Мөнхбатыг хорьж шалгаж буй бол Н.Батбаяр болон бусад хүнийг хилээр гарахыг нь хориглоод байгаа гэнэ. Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийг шалгах явцад Эгийн голын усан цахилгаан станцын хөрөнгө оруулалтыг зориулалт бусаар зарцуулсан, эрх мэдэл албан тушаалаа урвуулсан байж болзошгүй үйлдэл илэрсэн аж.

Тус станцын төслийн эрх бүхий албан тушаалтны төрсөн дүүгийн компани ялагчаар тодорч, гол ажлыг нь гүйцэтгэж буй нь хууль сахиулагчдын анхаарлыг татаад буй гэнэ. Энэ талаар албаны хүмүүсээс тодруулахад “Мөрдөн байцаалт үргэлжилж байгаа учраас ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. Уг төслийн нийт өртгийг 827 сая ам.доллар гэж тооцоолсон бөгөөд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт, Эг-Сэлэнгийн бэлчирт барьж, 2019 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байдаг.

315 МВт-ын хүчин чадалтай, жилд дунджаар 606 сая кВт/цаг цахилгаан үйлдвэрлэх, 5.7 тэрбум шоо метр эзэлхүүнтэй цэвэр усны сан үүсгэхээр тус станцын төсөлд дурдсан. Гэвч тендер сонгон шалгаруулалт, санхүүжилтэд нь сэжигтэй гүйлгээ байгаа учраас шалгаж байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай