Манай хууль сахиулах байгууллагынхны бэлэн байдлыг гадаадын иргэн шалгалаа

Манай хууль сахиулах байгууллагынхны бэлэн байдлыг гадаадын иргэн шалгалаа

Төв талбайн дэргэд сүндэрлэх “Централ тауэр”-т өчигдөр онц байдал зарлаж, тус барилгад үйл ажиллагаа явуулдаг дотоод, гадаадын олон байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтнуудыг яаралтай гаргалаа. Даваа гаригийн 16.40 цагийн орчимд тус барилгын зочин угтагчид (ресепшн)-тай гадаадын нэг эр ирж уулзан, гадаадын нэг байгууллагынхантай уулзах хүсэлт тавьсан аж.

Гэтэл нөгөө хүн нь түүнийг хүлээн авах боломжгүйгээ угтагчийн дотуур холбооны утсаар мэдэгджээ. Түүнийг нь дамжуултал гадаадын иргэн уурсаж, яаралтай уулзахгүй бол тэсрэх бөмбөг тавьж дэлбэлнэ хэмээн сүрдүүлсэн байна. Тэр даруйд нь зочин угтагч нар цагдаа, онцгой байдлын байгууллагад мэдэгдсэнээр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн очиж, эргэн тойрныг хамгаалалтад авч, автомашины хөдөлгөөнийг хязгаарлан, хүмүүсийг гаргаж эхэлсэн байна.

Улмаар онцгой байдал, тагнуул, Яаралтай тусламжийн төвийнхөн гээд терроризмийн аюулын үед ажиллах бүх л байгууллагынхан “Централ тауэр”-ийн гадна ирж хамгаалалтыг чангатган, дотогш хэнийг ч нэвтрүүлэхгүй байв.

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсийн албан хаагчтай уулзахад “АНУ ч гэлүү, Дани ч гэл үү гадаадын нэг иргэн тэсрэх бөмбөг тавьсан гэж сүрдүүлж, ресепшнийх нь дэргэд орилоод байсан. Түүнийг саатуулан хэлтэс рүү аваачсан. Сэтгэцийн өвчтэй ч байж болзошгүй гэж хүмүүс яриад байна лээ. Гаднаас нь хараад шууд тэгж дүгнэж болохгүй шүү дээ. Шинжээчийн дүгнэлт гарсны дараа л өвчтэй, эсэхийг тогтоодог гэдгийг хүмүүс ойлгоосой.

Цахим мэдээллийн зарим хэрэгсэл ч хэт дэгсдүүлж бичиж байна. Мэдээлэл шуурхай хүргэдэг нь сайн хэрэг ч худлаа олон түмнийг төөрөгдүүлж, айлгасан мэдээлэл цацаж болохгүй шүү дээ. Нэг сайт “Цөмийн бөмбөг тавьсан” гэж бичсэн байна лээ. Гадаадын иргэн нь тэсрэх бөмбөг тавина гэж сүрдүүлснээс биш цөмийн бөмбөг гэж хэлээгүй юм билээ” гэв.

Цагдаагийнхан 200 метрийн радиуст хамгаалалт тогтоогоод байсан. Цөмийн бөмбөг тавьсан бол 200-хан метрийн радиуст хамгаалалт тогтоохгүй шүү дээ. Тус байранд ажилладаг танилуудтайгаа холбогдоход “Гадаадын иргэн халдлага үйлдэхээр завдсан учраас хийж буй ажлаа орхиод яаралтай гар” гэсэн. Нэгэнт ажлын цаг тарах дөхөж байсан учраас дарга нар ч маргааш ажилдаа ир гэж хэлсэн” хэмээцгээв.

Тэсрэх бодис тавьсан байж болзошгүй мэдээллийн дагуу Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн тусгай бүлгийнхэн ирж, цагдаа, онцгой байдлынхантай хамтарсан шалгалт хийсэн юм. Тэнд ажилласан тус ангийн эх сурвалж “Одоогоор ямар нэг тэсрэх бодис, түүний төрлийн зүйл олдоогүй” гэв. Тус ангийн захирагч, хурандаа Б.Хаш-Эрдэнэтэй холбогдоход “Манайхан тэнд ажилласан. Ямар нэг тэсрэх бодис олдсон, эсэх талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Сүрдүүлэгч нь Дани улсын иргэн, “Централ тауэр”-ийн зургадугаар давхарт байрладаг Канадын ЭСЯ-ныхан түүнийг хүлээн авах боломжгүй гэснээс үүдэлтэйгээр ийнхүү заналхийлсэн хэмээн цахим мэдээллийн хэрэгслээр мэдээлж байна. Харин Канадын ЭСЯ, Консулын газраас “Энэ үйл явдал манайхтай огт холбоогүй” гэсэн утгатай албан тоот цагдаагийн байгууллагад өгсөн талаараа бидэнд хэллээ.

Мөн холбогдоод буй харь нутгийн эр ч Данийнх бус болох нь тогтоогдож буй аж. Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагааг шалгасан гадаад эрийг өдгөө тагнуулын байгууллагад шалгахаар болж, хэргийг шилжүүлсэн талаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсийн эх сурвалж мэдээлэв. Манай хууль сахиулах болон хүчний байгууллагынхан түүний шалгалтад бүдрээгүй байх.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай