Монгол хүний амь тусгай зөвшөөрлийн үнэтэй гэв үү

Халтирч унаад хүний амь эрсэдсэн харамсалтай хэргийн талаар “Өнөөдөр” сонин өчигдрийн дугаартаа мэдээлсэн. Манай сурвалжлах баг хэргийн газарт очиж, чухам юу болсныг тодруулсан юм.

Талийгаачийн халтирч унасан газар цас, мөсөнд дарагдаж, гөлийгөөд удаж буй аж. Хоёр талд нь хашаа барьснаас хойш эзэнгүйндэж, хог, ялгадсанд дарагджээ. Тэнд үйлчилгээ эрхэлдэг эмэгтэй “Энэ хоёр хашааг бариад тав орчим жил болж байна. Хэзээ барилга барих юм, бүү мэд. Нэг хашааг нь хоёрдогч түүхий эд авах цэг, нөгөөг нь автомашины зогсоол хэлбэрээр ашигладаг юм.

Цас орсноос хойш энэ хэсгийг цэвэрлэсэн хүн лав байхгүй. Хааяа, хүн халтирч унаж байгаа нь харагддаг. Ер нь хогийг нь ч авдаггүй шүү дээ. Тэр хар л даа” хэмээн овоолсон хог зааж, ярьсан юм. Хоёрдогч түүхий эдийн цэг ажиллуулдаг эрэгтэй “Ийм харамсалтай хэрэг болсныг өчигдөр (өнгөрсөн ням гариг) дуулсан. Халтирч унахдаа хашаа мөргөсөн бололтой” гэв.

Өчигдөр 10.45 цагийн орчим манай сурвалжлах багийг тэнд очиход алт, мөнгөний дархны мухлагийн хэсэг хүн тухайн хэсгийн цас, мөсийг арилгаж байв. Халтиргаа үүссэн, хүний амь эрсэдсэн учир Чингэлтэй дүүргийн II хорооныхон тухайн газарт үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжийг цас арилгахыг үүрэг болгосон учраас цэвэрлэж байсан нь тэр аж.

Уг нь иргэд, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулдаг газрынхаа эргэн тойрны 50 ам метр талбайн хог, цас, мөсийг хүнээр хэлүүлэлгүй цэвэрлэх үүрэгтэй. Гэтэл үүргээ ухамсарладаг байгууллага алга. Нийслэлийн Засаг дарга болон Улаанбаатар хотын ерөнхий менежер захирамж, тушаал гаргасан ч “чихгүй” хүмүүс үл тоодог гэнэ.

Цагдаагийн байгууллагаас талийгаач Б-ийн үхлийн шалтгааны талаар тодруулахад “Энэ сарын 6-ны 12.15 цагт “Бөмбөгөр” худалдааны төвийн дэргэд хүн нас тухай дуудлага ирсэн. Түүнийг зүрхний шигдээстэй байсан гэсэн. Хэргийг шалгаж буй учир үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.

Харин түүний гэр бүлийнхэн “Тийм хууч өвчин байхгүй. Халтирч унасныг нь харсан хүмүүс бий. Ойчсоноос л болж нас барсан” гэсэн юм. Өөр эх сурвалжууд ч түүнийг халтирч унаад амиа алдсан нь баттай гэж байв. Гэвч Шүүхийн шинжилгээний албаныхан Б-ийг доргилтоос болж нас барсан гэсэн дүгнэлт гаргасан ч ар гэрт нь нөхөн төлбөр өгөх боломжгүй. Хүн гудамжинд халтирч унан, амиа алдчихаад байхад хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй байгаа явдал хамгийн том эмгэнэл.

Учир нь бэртсэн иргэд тухайн дүүргийн ЗДТГ-ын Хот тохижилтын хэлтэс, цагдаагийн байгууллагад гомдол гаргаж болох ч хэн түүний хохирлыг барагдуулах нь одоо ч тодорхойгүй байгаа гэдгийг эх сурвалж хэлсэн юм.

БАЙР СУУРЬ

НАСТАЙ ХҮНИЙГ ИЙМ ХАЛТИРГААТАЙ ҮЕД ГАНЦААРАНГ НЬ ЯВУУЛАХ ЗӨВ ҮҮ

С.Бат-Эрдэнэ: (Чингэлтэй дүүргийн II хорооны Засаг дарга)

-Ийм хэрэг гарсныг сонссон. Яг тэр өдөр би гадуур ажилтай байсан юм. Одоогоор цагдаагийн байгууллагаас бидэнд хандаагүй байна. Цахим хэвлэлд бичсэнийг уншаад “Талийгаач машинаасаа буугаад хоёр алхаад л халтирч унасан. Унахдаа өөрийнхөө ч юм уу, эсвэл хүний машины обудыг толгойгоороо мөргөсөн юм байна” гэж ойлгосон.

Ингээд би түүний ойчсон газарт очсон. Гэтэл хүн халтирч унах мөс байгаагүй. Манай хорооныхон нийтийн эзэмшлийн замаа цэвэрлэдэг. Талийгаачийн үхэлд хэн буруутайг цагдаагийн байгууллага л тогтоох байх. Хэн, хаана халтирч унахыг бид таашгүй.

Яг хариуцлагын асуудал ярих бол 80 настай хүнийг ийм халтиргаа гулгаатай, хүйтэн үед ганцааранг нь явуулах нь зөв, эсэхийг ч ярих байх. Тэнд камер гэхээр зүйл бараг л байхгүй. Харин замынх нь урд бол бий.

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВҮҮД ОРЧНОО ЦЭВЭРЛЭХ ЁСТОЙ

Т.Гантөмөр: (Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга)

-Нийслэлийн Засаг дарга болон Улаанбаатар хотын ерөнхий менежерийн гаргасан халтиргаа, гулгаа, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах тухай захирамж, тушаалаар аж ахуйн нэгж, СӨХ-д эргэн тойрныхоо 50 метр газрын цасыг цэвэрлэх үүрэгтэй. Харин орон сууцны хороолол болон жижиг гудамжны цас, мөсийг дүүргүүд цэвэрлэнэ.

Үүнийг хэрэгжүүлж буй, эсэхийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (НМХГ), дүүргүүдийн ЗДТГ-ын Үйлдвэр, үйлчилгээний хэлтэс, хорооны Засаг дарга нар хянаж, шаардлага тавина. Гэвч захирамж, тушаалыг биелүүлдэг байгууллага ховор байна.

Талийгаачийн үхлийн шалтгаан нь доргилт гэсэн онош гарвал тухайн хэсэгт үйл ажиллагаа явуулдаг газруудын тусгай зөвшөөрлийг цуцлахаас гадна давхар олон асуудал ярина. Хотын төв зам дээр хүн халтирч унаад, бэртсэн бол бидэнтэй хариуцлага тооцож болно. Гэтэл дүүргүүд хариуцсан ажлаа хийхгүй байна. Үүнээс гадна худалдаа, үйлчилгээний төвүүд орчноо цэвэрлүүлэх ажилчидтай байх ёстой. Энэ мэтчилэн дор бүрнээ хариуцлагатай байсан бол хүн бэртэж гэмтэн, нас барах явдал гарахгүй.

ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛГҮЙГЭЭСЭЭ БОЛООД ХОХИРЛОО ТӨЛҮҮЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

А.Даваажаргал: (Нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга)

-Ийм хэрэг гарсанд хотын захиргааныхан харамсаж байгаа. Ер нь албан байгууллагууд гаднах талбайгаа цэвэрлэхгүй байгаа. Тэдэнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан хариуцлага ногдуулах эрх зүйн чадамжгүй. Гэсэн ч иргэдийн эрүүл, аюулгүй байдлын төлөө ажилласаар л байгаа. Дээрээс нь иргэд өөрсдөө эрх зүйн боловсролгүй байгаагаас болж, албан байгууллагаар хохирлоо нөхөн төлүүлж чадахгүй байна.

Халтирч унаад, бэртсэн иргэд хохирлоо барагдуулахын тулд олон шат дамжлага дамжиж буй нь ч бэрхшээлтэй. Үүнийг шинэчлэхээр судалж эхэлсэн. Хэрэв талийгаач үнэхээр халтирч унаад нас барсан бол тухайн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцална. Үүнээс давсан арга хэмжээ авах боломжгүй. Хуулийн дагуу ногдуулах шийтгэл нь энэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай