Б.Гангаамаа: Уул бүхэн миний БАГШ

-Эверестэд гарсныхаа дараа дэлхийн долоон ноён оргилд гарах юмсан гэж зорьж эхэлсэн-

“Монголын эмэгтэй уулчин Бадамгаравын Гангаамаа Эверестийн ноён оргилд гарч, түүхэн амжилтын эзэн боллоо. Эверестийн оргилд гарсан Монголын анхны эмэгтэй уулчин” гэсэн баярт мэдээг 2011 онд радиогоор сонсож, магнайгаа хагартал баярласан монголчуудын нэг нь, би. Тэгж л анх монголчууд бид дэлхийн дээвэр Эверестийн оргилд хөл тавьсан эмэгтэй уулчинтай болсон.

Харин эл оргилд гарсан нь Б.Гангаамаад дэлхийн долоон ноён оргилд гарах юмсан гэх бодол, урам зориг өгөөд даруй зургаан жилийг ардаа үджээ.

Тэрбээр “Seven summit”-н хамгийн сүүлчийн дайралт болох Винсон Массмфын оргилд 2016 арванхоёрдугаар сарын 26-ны өглөө 09. 57 цагт амжилттай гарсан юм.

Ийнхүү Б.Гангаамаа Гавьяат дэлхийн долоон ноён оргилд гарсан Монголын анхны уулчин боллоо.

Түүхэн амжилтын эзэн, Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Гангаамааг “Тренд хүн” булангийнхаа хойморт урьж, ярилцлаа.

-Аливаа зүйлд анхдагч болох сайхан. Ялангуяа спортын ертөнцөд бүр ч илүү. Юуны өмнө дэлхийн долоон ноён оргилд гарсан Монголын анхны уулчин болсон танд баяр хүргэе. Винсон Массифын оргилд нь гарч, төрийн далбаагаа мандуулж байхад төрсөн сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-Баярлалаа. Дэлхийн долоон ноён оргилд хөл тавьсан Монголын анхны уулчин болж, эх орныхоо нэрийг дэлхийд гаргасандаа баяртай байна. Анхны шанг нь амжилттай татаж чадлаа. Дэлхийн долоон ноён оргилд гарахыг олон жилийн турш мөрөөдсөн, тэмүүлсэн, би. Энэ мөрөөдөл маань долоон жилийн дотор биеллээ. Өнгөрсөн жил би бүр дөрвөн ноён оргилд гарсан.

Хамгийн сүүлчийн даваа нь Винсон Массиф байлаа. Энэ удаа ОХУ-ын “7 Summit” клубийнхэнтэй хамт авирлаа.  Мэдээж авирч, оргилд нь гарахад амархан уул гэж байхгүй. Бүгд уулчнаас асар их тэсвэр тэвчээр, эр зориг шаарддаг.

Далайн түвшнээс дээш 4897 метрийн өндөрт орших Винсон Массифын оргилд 2016 арванхоёрдугаар сарын 26-ны өглөө 09.57 цагт амжилттай гарлаа. Авирахад хэцүү оргил байлаа. Их ч хүйтэн байсан. Оргилд нь гарахын төлөө л зорьж очсон болохоор ухрах, буцах эрх надад байхгүй. Винсон Массиф оргил Антарктид тивд оршдог болохоор цас, мөс ихтэй. Онгоц буух талбайг хүртэл тусгайлан засдаг юм билээ.

Тэмдэглэгээгүй газар буувал мөс цөмрөх аюултай. Ямар ч чийггүй, хуурай, огт шөнө болдоггүй. Мөнхийн нартай. Хамгийн дулаахан үед авиралтаа хийлээ.

Би өмнө нь Деналийг хамгийн цэвэрхэн орчинтой уул гэж бодож байлаа. Харин тийм биш юм байна. Хамгийн цэвэрхэн нь Винсон Массиф юм байна. Мэдээж Деналигаас арай цөөн уулчин авирдаг нь чамгүй их нөлөөлдөг байх.

Винсон Массифын оргилд гарч, төрийн далбаагаа мандуулж байхад “Дэлхийн долоон ноён оргилд гарч чадлаа. Би чадсан” гэж бодоод, сэтгэл их хөдөлсөн. Мөн эл оргилд гарсан Монголын анхны уулчин боллоо.

Ер нь уулын оргилд нэг их юм бодож, удаан байх боломж хомс. Тиймээс хамгийн түрүүнд эх орон, ивээн тэтгэгч байгууллагуудынхаа далбааг мандуулж, торгон агшнаа гэрэл зургийн хальснаа буулгаж амждаг.  

Би өнөөгийн амжилтад олон хүний дэмээр хүрсэн. Оргил бүхний оройд ганцаараа бус тэдэнтэйгээ хамт гардаг. Хэрвээ би оргилд нь гарч чадахгүй эсвэл шантарвал тэр олон хүний итгэлийг хөсөрдүүлнэ гэж бодохоор л хичээхээс өөр арга байхгүй. Тэр хэрээрээ намайг хурцалдаг.

Дэлхийн долоон ноён оргилд гарч, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд минь үргэлж дэмжиж, тусладаг уулын спортод хайртай Монголын ард түмэн, ивээн тэтгэгч байгууллагууддаа баярлаж явдгаа энэ дашрамд илэрхийлье.

-Уулын спорт зардал өндөртэй. Винсон Массифын оргилд гарахад хэчнээн төгрөг зарцуулсан бэ?

-Винсон Массифын оргилд гарахад нийт 48 мянган ам.доллар зарцууллаа. Бүгд хандиваар бүрдсэн гэдгийг тодотгож хэлэх нь зүйтэй байх. Би ер нь өдийг хүртэл хэчнээн төгрөг зарцуулаад байгаагаа тооцоолдоггүй.

Би уулын буянаар өдий зэрэгтэй амьдарч яваа хүн. Уул намайг тэжээдэг. Би олсон хэдийгээ ууландаа л зориулдаг. Тэгээд юугаараа амьдардаг юм бэ гэж зарим хүн гайхаж магадгүй. Өдий хүртэл надад үргэлж тусладаг олон түмний дэмээр л би өдий зэрэгтэй явна.

-Антарктид тивийн бэлгэдэл нь оцон шувуу. Та оцон шувуутай хамт зургаа авахуулсан уу?

-Таарсан. Зургаа ч авахуулсан. Их том шувуу байдаг гэж бодож байлаа. Гэтэл жижигхэн юм байна лээ. “Хаан оцон шувуу” хэмээх газар очиж, өнөөхөөсөө бүр том оцон шувуу харахаар төлөвлөж байсан юм. Даанч уулнаас бууж ирээд их ядарсандаа унтчихсан байна лээ. Бүр гурав хоног нам унтсан шүү /инээв/.

-Сая Винсон Массифын оргилоос авчирсан цаг уурын хэмжилт, цасны дээжээ ЦУЭШХ-д хүлээлгэн өглөө. Энэ санаа танд хэрхэн төрсөн бэ?

-Хэчнээн сайн мэргэжилтэн байлаа ч өндөр уулын оргилд гарч, шинжилгээ хийх боломжгүй. Ялангуяа Винсон Массиф зэрэг оргилд гарахад бүр ч хэцүү. Адаглаад л зардал ихтэй. Тиймээс ЦУЭШХ-ийнхэнд тус дэм болох зорилгоор би анх Байгаль орчны яаманд санал тавьсан юм. Мөсөн голоос Винсон Массифын оргил хүртэл цаг уурын хэмжилт хийж, кэмп бүрээс цасны дээж авснаа сая Цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнд хүлээлгэж өглөө.

-Дэлхийн долоон ноён оргилд гарах юмсан гэх бодол танд анх хэзээ төрсөн бэ?

-Би Эверестийн оргилд их хайртай. Учир нь энэ оргил намайг төдийүй миний амьдралыг  эрс өөрчилсөн. Би 2011 онд Эверестийн оргилд гарсныхаа дараа “Дэлхийн долоон ноён оргилд гарвал мөн сайхан аа. Би яагаад чадахгүй гэж” хэмээн өөрийгөө хурцалсан юм.

Тэгж л анх дэлхийн долоон ноён оргилд гарах нь миний мөрөөдөл, зорилго болсон юм.

-Эверестээс өмнө Эльбруст гарсан бил үү?

-Тэгсэн. Би дэлхийн долоон ноён оргилын нэг Эльбруст 2010 онд гарсан. Тэгж анх гараагаа эхэлж байлаа.

-Та Эверестийн ноён оргилд гарсан Монголын анхны уулчин. Дэлхийн дээвэр Эверестэд гарна гэдэг уулчин бүхэнд тохиодоггүй ховор хувь заяа байх.

-Тэгэлгүй яах вэ. Эверестийн ноён оргилд хоёр дахь оролдлогоороо гарсан, би. 2006 онд анх авирахдаа оргилд нь гарч чадаагүй. Би 2011 онд Эверестийн оргилд гарсан Монголын хоёр дахь, анхны эмэгтэй уулчин болж байлаа.

-Уулын спорт эрсдэл ихтэй, ялангуяа эмэгтэй хүнд их хүнд спорт. Шантармаар, больё гэмээр үе гарч байна уу?

-Оргилд авирч байхдаа хэзээ ч шантарч байгаагүй. Уулын спорт зардал өндөртэй. Үнэнийг хэлэхэд авирахын өмнө зардал мөнгө, ивээн тэтгэгч олдохгүй, самгардаж явах үед эргэлзэх үе гардгийг нуугаад яах вэ.

Тэднийх л ивээн тэтгэж, нааштай хариу өгч магадгүй гээд очсон албан байгууллагуудаас бүтэлгүй хариу сонсох л хэцүү. Харин зардлаа босгож, эх орноосоо мордсон үеэс хойш бол ёстой бүхий л нөөц, бололцоогоо дайчилж зүтгэнэ. Больё, буцъя гэх талаар ор тас мартдаг.

-Та оргилд гарахын өмнө айдаг уу?

-Айдсаа л даван туулахгүй бол оргилд гарч чадахгүй шүү дээ. Тиймээс эх орноосоо мордохдоо л айдсаа давсан байх хэрэгтэй. Хамт явсан уулчид амь эрсдэх зэрэг харамсалтай үйл явдал олон тохиолдоно. Мэдээж тэр үед айдас төрөлгүй яах вэ.

Гэхдээ ухарч, няцалгүйгээр авиралтаа үргэлжлүүлэх сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. Ер нь олны төлөө гэсэн сэтгэлтэй, олонтойгоо явахад үйлс их сайхан бүтдэг. Би 2013 онд “Алуурчин уул” гэгддэг далайн түвшнээс дээш 8047 метрийн өндөрт орших Броуд пик оргилд авирсан юм.

Тус оргилд надтай хамт 67 уулчин авирсан ч харамсалтай нь гурав нь эндсэн.  Гурвуулаа манай багийнх байсан л даа. Би авиралтаа шууд зогсоогоод тэр гурван уулчны амийг аврахын төлөө хичээсэн. Харамсалтай нь намайг очихоос өмнө нас барчихсан байсан л даа. 8000 метр өндөр бол үхлийн бүс.

Тэнд хэнийг ч тусалсангүй гэж гомдлох эрх ямар ч уулчинд байхгүй. Уулын спорт ийм л харгис, хатуу. Хэдийгээр би авиралтаа зогсоосон ч Броуд Пик ууланд эх орныхоо төрийн далбааг мандуулж чадсан шүү дээ.

-Яаж. Их сонирхол татаж байна...

-Би авиралтаа зогсоонгуутаа төрийн далбаагаа өөр улсын туршлагатай уулчинд өгөөд, оргилд нь мандуулаарай гэж захьсан юм. Улмаар тэр уулчин Броуд пик оргилд маргааш өглөөнийх нь 12.00 цагт гарч, эх орны маань далбааг мандуулсанд их баярлаж явдаг.

-Та Завхан аймгийн уугуул. Бага насныхаа дурсамжаас хуваалцана уу?

-Би эхээс 11-үүлээ. Айлын долоо дахь нь. Миний бага нас Завхан аймгийн Тосонцэнгэл, Их-Уул сумтай салшгүй холбоотой. Би Тосонцэнгэл суманд төрж, Их-Уул суманд өссөн. Багадаа эмээтэйгээ хамт амьдардаг байсан.

 Хүмүүс намайг их хэрсүү л гэдэг байсансан. Улаан хацартай, хөөрхөн охин байлаа. Хөдөөний бусад хүүхдийн л адил ус авч, түлээ хөрөөдөж өссөн дөө. Монгол түмний их шүтээн Отгонтэнгэр хайрханыг багаасаа шүтэж, өссөнөөрөө бахархдаг. Намайг өдий хүртэл ивээлдээ багтаан, түшиж яваа гэдэгт нь итгэдэг.

Хамгийн анх 17 настайдаа Отгонтэнгэр хайрханд авирч, оргилд нь гарч байлаа. Уулчин болох гараагаа ийм том хайрханд авирснаар эхлүүлснээрээ их бэлгэшээж явдаг.

Тухайн үед балчир байсан болоод ч тэр үү, айж эмээгээгүй ээ. Харин одоо бол эсрэгээрээ. Нэлээн залбирч, сүсэглэж байгаад авирдаг.

-Танай ах, дүүсийн дунд уулын спорт сонирхдог хүн бий юү?

-Байхгүй ээ.

-Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор энгэрээ мялаан, Төрийн ордноос гарч ирэхэд их сайхан байсан нь дамжиггүй.

-/Толгой сэгсрэв/. Их хүндэтгэл шүү. Олон жилийн хөдөлмөрөө үнэлүүлж, Ерөнхийлөгчөөс Гавьяат тамирчин цол авч байхдаа аавыгаа их үгүйлсэн. “Аав минь дэргэд байсан болоосой. Мөн ч их баярлах байсан даа. Хөөрхий минь тэнгэрийн орноос харж байгаа” гэж бодоход өөрийн эрхгүй нулимс урссан.

Гавьяат тамирчин цолтой хамт их хүндлэл, хариуцлага надад ирсэн. Тэр их хүндлэлийг хөсөрдүүлэлгүй, дааж явахыг л хичээсэн. Өдий хүртэл эрвийх дэрвийхээрээ л зүтгэлээ.

-Таныг Гавьяат тамирчин цолоор шагнах гэж байна, тэдний өдөр бэлэн байгаарай хэмээн хэлэхэд хамгийн түрүүнд юу бодсон бэ?

-Би тэр үед ууланд авирч байсан л даа. Их тулгамддаг юм билээ. Бас хамгийн түрүүнд аавыгаа л бодсон. Аав маань намайг ууланд авирч байхад нас барсан юм. Нөгөө талаар ууланд авирч байхдаа Гавьяат цолоор шагнуулах тухайгаа сонссондоо их баярласан. Уул, хайрхан маань л намайг шагналаа, амжилтыг минь мялаалаа гэж их бэлгэшээж байлаа.

-Гавьяат цолныхоо цайллагийг Алтайн таван богд ууланд хийсэн бил үү?

-Тэгсэн. Хамгийн түрүүнд Алтайн таван богд хайрхандаа мөргөж, хүндэтгэл үзүүлсэн.

-Та ууланд авирч байхдаа өөрийгөө таньдаг хэмээн нэгэн ярилцлагадаа өгүүлсэн. Та өөрийгөө бүрэн таньсан уу?

-Ууланд авирч байхдаа зөвхөн өөрийгөө төдийгүй бусдыг ч бас таньдаг. Яг одоо би тийм, ийм гээд өөрийгөө тодорхойлж хэлэх амаргүй. Харин бусад хүн намайг таньсан байх аа.

-Уулчин бүхэн уул, хайрханаа эрхэмлэн, дээдэлж явдаг нь мэдээж...

-Тэгэлгүй яах вэ. Сүү өргөж, сунаж мөргөснөөрөө уул хайрханаа бүрэн хайрлаж байна гэсэн үг биш. Уул хайрханаа цэвэр ариун, догшноор нь хадгалж, тухайн хайрхныг шүтэж, ганцаардуулахгүйгээр бараадан амьдарч байгаа нутгийн зон олныг баярлуулахыг уулчин бүр эрхэмлэж явах нь учиртай. Муу муухай үг, үйлдлээр гомдоохгүй, баярлуулж байх хэрэгтэй.

-Оргилоос оргил өөд авирах, бүр том зорилго өмнөө тавих урмыг та юунаас авдаг вэ?

-Өндөр, нам гэлтгүй уул бүхэнд авирахдаа шинэ зүйл сурч, ухаардаг. Авирсан, оройд нь гарсан оргилд бүхэндээ би хайртай. Уул бүхэн миний багш. Оргилд гарах бүрт миний мөрөөдөл, зорилго алхам алхмаар биелж байна гэсэн үг.

Тиймээс тэр хэрээрээ бүр их урам авдаг. Сайхан сэтгэлтэй ард түмэн, ах дүү, гэр бүлийнхэн маань намайг үргэлж хөглөж, ирлэдэг. Магтаал, шүүмжлэл хоёр хоёулаа хүнд байх хэрэгтэй.

Шүүмжлүүллээ гээд өөрийгөө хурцалж, магтууллаа гээд урамшиж явах сайхан шүү дээ. Гэхдээ үргэлж магтуулж эсвэл шүүмжлүүлж болохгүй. Магтуулаад л байвал нэг өдөр бүдэрч унана. Харин шүүмжлүүлээд л байвал урам хугарна шүү дээ.

-Та ууланд авирсан тухай тэмдэглэл хөтлөх дуртай гэсэн. Үүний ач холбогдлын тухай манай уншигчдад хэлж өгч болох уу?

-Ер нь уулын спортын тухай, өөрийнхээ хэрхэн авирсан тухайгаа тэмдэглэл хөтлөн, бусадтай хуваалцах нь миний үүрэг. Ингэснээр бусад хүн уулын спортын тухай тодорхой мэдээлэл, мэдлэгтэй болж байгаа болов уу.

-Та амьдралдаа ямар зарчим баримталж амьдардаг вэ?

-Хийсэн ажлаа заавал дуусгадаг, хүн чанартай, ухаалаг л амьдрах юмсан гэж хичээдэг.

-Ойрын хугацаанд гэр бүлтэй болох төлөвлөгөө, бодол бий юү?

-Мэдээж гэр бүл, ойр дотныхон маань энэ талаар хэлэх л юм. Би өмнөө тавьсан олон зорилготой. Тэдгээрийнхээ ард гарсныхаа дараа бодох л байх. Үүнд бол санаа зоволтгүй ээ. Хэзээ нэгэн цагт гэр бүлтэй болох нь тодорхой /инээв/.

-Та өмнө нь дэлхийн долоон ноён оргилд гарах зорилготой байсан. Харин одоо юуны төлөө зүтгэх вэ?

-Миний хүсэл, зорилго үүгээр хязгаарлагдахгүй. Би өөрийнхөө амьдралыг номтой харьцуулвал дөнгөж өрнөл хэсэг дээрээ л явж байна. Оргилд гарах юмсан хэмээн зорьсон олон оргил, хийхээр төлөвлөж буй чамгүй их ажил надад бий. Номоо их сайхан төгсгөмөөр байна.

-Ярилцсанд баярлалаа.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (18)

Илгээх

Энэ тухай