Хөгжлийн банкаар дамжуулан мөнгө угаасан, эсэхийг шалгаж эхлэв

Хөгжлийн банкаар дамжуулан мөнгө угаасан, эсэхийг шалгаж эхлэв

Хөгжлийн банкны удирдлагуудтай холбоотой хууль бус үйлдлийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн нягтлаад багагүй хугацаа өнгөрч байна. Улсын ерөнхий прокурорын тушаалаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Шинэбаатар, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат тэргүүтэй хүмүүсийг шалгах ажлын хэсэг байгуулахаар болсон.

Тэгвэл ЦЕГ-ын шинэ дарга, тэргүүн комиссар Ө.Энхтөрийн анхны тушаалуудын нэг нь энэ хэргийг шалгах ажлын хэсэг байгуулах байв. Уг ажлын хэсэгт ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Мөрдөн байцаах газар, орон нутгийн, Цагдаагийн газар, хэлтсийнхэн багтжээ. Тэд Хөгжлийн банкаас санхүүжүүлсэн ажлуудыг шалгаж, санхүүгийн гүйлгээнүүд нь хуульд нийцсэн, мөнгө угаасан, эсэхийг тогтоон АТГ-ынханд дэмжлэг үзүүлэх юм байна.

Уг хэрэгт холбогдсон хүмүүс албан тушаалаа урвуулж, Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулаад бондын хөрөнгөөс онц их хэмжээгээр завшсан нь АТГ-ынхны шалгалтын явцад ил болоод буй. Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг УИХ жил бүр хаврын чуулганаараа батлах хуультай ч энэ заалтыг 2012 оноос хойш огт мөрдөөгүй. УИХ-ын бүрэн эрхэд Засгийн газар халдаж, УИХ-аас батлаагүй, хэлэлцээгүй төслийг санхүүжүүлж байсан нь тодорхой болсон юм. Тухайлбал, Яармаг дахь орон сууцны хороололд санхүүжилт олгохдоо Засгийн газрын тогтоол гаргалгүй, УИХ-аар батлуулалгүй Хөгжлийн банкнаас гаргасан байдаг. Мөн “Гудамж” төслийн хөрөнгөөс ч завшсан гэх зэргээр мөнгө угаасан хэд хэдэн үйлдэл илэрсэн учраас цагдаагийнхан ажлын хэсэг байгуулж буй аж.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай