“Найман шарга”-ын дэргэд халтирч унаад, амиа алдлаа

“Найман шарга”-ын дэргэд халтирч унаад, амиа алдлаа

Нийслэлийн зам, талбай цас, мөсөнд дарагдаж, халтирч унан бэртсэн хүмүүс өдөрт 20-30-уулаа ГССҮТ-д очиж байсан цаг саяхан. Тэр бүрт холбогдох байгууллагууд “Бид арга хэмжээ авч байгаа” гэсэн хариулт өгдөг байв. Гэтэл өнгөрсөн баасан гаригт халтирч унасны улмаас хүний амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

Талийгаач Б нийслэлийн Чингэлтэй дүүргийн III хороонд оршин суудаг байжээ. Тухайн өдөр “Бөмбөгөр” худалдааны төвөөс ойр зуурын юм худалдаж аваад, харьж явах замдаа “Содон бөмбөгөр” худалдааны төвийн зүүн талын “Найман шарга” төвийн орчимд унаж, бэртээд нас барсан аж. Тэрбээр АШУҮИС-д багшилж байгаад тэтгэвэрт гарч, өвчтэй эхнэрээ асардаг байжээ.

“Өдгөө 70 настай ч талийгаачид хууч өвчин гэх зүйл бараг л байгаагүй. Тухайн өдөр халтирч унахдаа толгойгоо цохьсон юм шиг байна билээ. Настай хүн ч гэлээ ийм зүйл тохиолдоогүй бол хэдэн жил амьд явах л байсан шүү дээ” гэж түүнийг таньж, мэддэг хүмүүс хэлэв. Түүний халтирч унасан газар Чингэлтэй дүүргийн II хорооны нутагт харьяалагддаг. Талийгаачийг унаж, ухаан алдсаны дараа III хорооны ажилчид анхны тусламж үзүүлсэн ч амийг нь аварч чадаагүй аж.

Ингээд түүний хүргэн Д.Сайнхүүд мэдээ дуулгасан аж. Хүргэн Д.Сайнхүү нь “Аавыг минь унаж, бэртсэнийг харсан хүн бий. Тэр үед нэг байранд амьдардаг настан аавтай минь зөрсөн байсан. Тийм байхад юу хэлэх вэ. Бид задлан шинжилгээ хийлгэхгүй” гэсэн юм. Хэргийн газарт Шүүхийн шинжилгээний алба болон Цагдаагийн байгууллагынхан үзлэг хийсэн бөгөөд уг хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж буй ажээ.

Нийтийн эзэмшлийн гудамж талбайн цас, мөсийг харьяа хороо болон тэнд үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд цэвэрлэх үүрэгтэй. Тэгэхээр валют арилжааны цэг болон Чингэлтэй дүүргийн II хорооныхон тухайн орчмын цас, мөсийг арилгах ёстой байсан гэсэн үг. Гэвч тэд цас, мөсөө цэвэрлэдэггүй гэдгийг хэлэх хүн цөөнгүй байна.

Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр “Цас орсон даруйд Хот тохижилтын газар, дүүргүүдийн ТҮК-иуд болон албан байгууллагууд хариуцдаг талбай болон ойр орчмынхоо цас, мөсийг цэвэрлэх үүрэгтэй гэсэн нийслэлийн Засаг даргын захирамж өнгөрсөн арванхоёрдугаар сард гарсан. Үүнд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан хяналт тавих үүрэгтэй.

Мөн тухайн хорооны Засаг дарга аж ахуйн нэгжүүдэд шаардлага тавьж, үүрэг өгөх ёстой. Гэвч хаа хаанаа хариуцлага алга. Өнгөрсөн удаа хуралдсан Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгийн хурал дээр “Дүнжингарав”, “Бөмбөгөр” зэрэг худалдааны төв эзэмшлийнхээ замыг огт цэвэрлэхгүй байгааг холбогдох хүмүүс ярьж байсан.

Ялангуяа “Бөмбөгөр”-ийнхөн шаардлага биелүүлдэггүй. Үүнээс нь болоод хүний амь эрсэдсэн бол хатуу хариуцлага ногдуулах ёстой” гэсэн юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай