С.Мөнхбаатар: Усан будгийг улам дэлгэрүүлэн, хөгжүүлэхийг хүсдэг

С.Мөнхбаатар: Усан будгийг улам дэлгэрүүлэн, хөгжүүлэхийг хүсдэг

Усан будгийг “уйлуулдаг” С.Мөнхбаатарыг хүмүүс андахгүй болсон. Олон улсад эх орныхоо нэрийг гаргаж, усан будгийн урлагийг Монголд улам дэлгэрүүлэн, хөгжүүлэхийн төлөө авьяас чадвараа зориулж буй залуу зураач тэрбээр нэгэн буянтай ажил хийх гэж байна. Түүнтэй холбогдож энэ талаар тодруулав.

-Үнэ төлбөргүйгээр усан будгийн сургалт явуулах талаараа тодруулан мэдээлнэ үү. Хаана, хэзээ болох сургалт вэ. Та өөрөө хичээл заах уу?

-“Улаанбаатар” их сургуулийн Дизайны тэнхимд энэ сарын 16-26-нд зохион байгуулах сургалтад маань усан будаг сонирхогчид болон энэ чиглэлээр элсэлтийн шалгалт өгөх хүүхэд, залуус гээд хүссэн хэн бүхэн нас харгалзахгүй хамрагдах боломжтой. Усан будгийн урлалын суурь ойлголт болон техник, арга ажиллагааны талаар би хичээл заана. Бүртгэл ажлын цагаар явагдаж байгааг дуулгая.

-Яагаад ийм сургалт явуулах болов?

-Усан будгийн урлалыг улам дэлгэрүүлэн, хөгжүүлэ-хэд бага боловч нэмэр болох зорилготой. Энэ бол эхлэл. Хамрагдах хүрээ өргөн байвал цаашид уламжлал болгох төлөвлөгөө бий. Зөвхөн сургалтаар энэ ажлыг хязгаарлахгүй. Хичээлд минь суусан хүн бүр тодорхой мэдээлэл, мэдлэгтэй, бас өөрийн гэсэн уран бүтээлтэй болно. Түүгээр нь үзэсгэлэн гаргах юм. Мөн энэ чиглэлээр явах хүсэлтэй, ирээдүйтэй уран бүтээлч болох найдвартай нэг хүнийг урамшуулж, өөрийн бүтээлээс бэлэглэнэ.

-Та сүүлийн үед Монголын алтан үеийн жүжигчдийн хөргийг усан будгаар зурж байгаа. Хүмүүст нэлээд хүрч, талархал хүлээж байгаа гэсэн. Энэ талаараа мэдээлнэ үү?

-Хуучны хар, цагаан гэрэл зургуудыг усан будгийн бүтээл болгох ажил хийж байгаа. Үүний хүрээнд Монголын алдартай жүжигчдийн хөргийг сэргээн, зурлаа. Одоогоор 4-5 хөрөг байгаа. Хүмүүст нэлээд хүрсэн бололтой цахимаар холбогдож, талархал илэрхийлж байна.

-Өнгөрсөн онд та амжилт арвинтай байсан. Энэ онд олон улсын уралдаанд бүтээлээ сойх уу?

-Боломжийнхоо хэрээр оролцоно. Үүнээс гадна усан будгийн урлалыг олон хүнд түгээхийг л хүсэж байна даа.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

Илгээх

Энэ тухай